МОНГОЛ ЭРС ИЙМ БАЙЖ

access_time 2020-05-22
remove_red_eye 141

 

Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.

Эрийн муу эмд, xуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.

Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.

Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь түүхийн хуудсанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…

Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.

Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
Дэм дэмэндээ дээс эрчиндээ…

Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!

Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!

МОНГОЛ ЭРСИЙН ЧАНАР

Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтугай!

(S.Bataahttp://bataa2011.wordpress.com/)

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549