Сүхбаатар аймгийн малчид 30 мянган тонн ноолуурынхаа мөнгийг нэхэв

access_time 2020-05-21
remove_red_eye 84

Сүхбаатар аймгийн малчид өнөөдөр /2020.05.21/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүллээ. Учир нь тус аймгийн Баяндэлгэр, Онгон сумын 210 орчим өрхийн 30 мянган тонн ноолуурыг үндэсний үйлдвэрлэгч компаниуд ирж авсан ч өнөөдрийг хүртэл малчдын гар дээр ноолуурын мөнгийг нь өгөөгүй байгаа гэнэ.

Малчдыг төлөөлөн салбарын сайдад шаардлага хүргүүлэхээр ирсэн малчин “Манай аймгийн хоёр суманд “Говь” компани тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгч компаниуд ирж, 30 орчим тонн ноолуур аваад явсан. Өнөөдрийг хүртэл малчид ноолуурынхаа мөнгийг авалгүй, нэг сарын хугацаа өнгөрлөө. Малчид цаасан дээр гарын үсэг зурж, “Хаан” банк, Төрийн банкны дансаа бичээд өгсөн. Бидэнд хандах газар байхгүй учраас салбарын сайдад хандаж байна. Сайд нь өөрөө малчдын ноолуурыг нэг кг тутмыг 105 мянган төгрөгөөр худалдаж авна гэж хэлсэн. Тэгснээ сүүлд малчдад нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал өгөхөөр болсон. Одоо бүр гэрээгээ өөрчлөөд 85 мянган төгрөгөөр ноолуур худалдан авахаар яригдаж байгаа гэж сонссон.

Малчид хаврын улиралд ноолуураараа амьдралаа залгуулдаг. Бид өнөөдөр Засгийн газартаа итгэж ноолуураа үндэсний үйлдвэрлэгчдэд өгсөн. Хавар анх ноолуур гарах үеэр манай аймагт нэг кг ноолуур 75-80 мянган төгрөгийн үнэтэй байсан” гэдгийг хэлж байв.

Уг шаардлагад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчид Засгийн газрын шийдвэрийн дагуу мал ахуйгаас олдог гол орлого болох ямааны ноолуураа хувиараа бизнес эрхлэгч нарт өгөлгүйгээр хадгалж байсан. Тэгээд Засгийн газрын төлөөлөл болсон хүмүүст ноолуураа өгөөд нэг сарын хугацаа өнгөрлөө. Малчдын хувьд туйлын хүнд хэцүү байдалд ороод байна. Та бүхэн шийдвэр гаргаж, нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэжээ.

Энэ үеэр тус аймгийн хоршооны менежер Б.Хүрэлсүх “Манай сум нийт 5000 гаруй хүн амтай. Малчин өрх нь 1150 байдаг. Хавар анх ноолуурыг 80-85 мянган төгрөгөөр авч байхад салбарын сайд 100 мянган төгрөгөөр авна гэж мэдэгдсэн. Дараагаар нь ямар ч бэлэн мөнгөгүйгээр манай сумаас 70 тонн ноолуур гарсан. Гэрээ хийсэн малчид өнөөдөр нэг сар болж байхад мөнгөө авч чадааагүй. Малчдын ноолуурын мөнгийг өгөхийг шаардаж байна” гэв.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549