Энэ сонгуулийг өнжих улстөрчид

access_time 2020-05-18
remove_red_eye 299

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өчигдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүллээ.

Энэ дагуу МАН болон АН өчигдөр хурлаа хийж, энэ удаагийн сонгуульд нэр дэвших гишүүдээ тодруулсан юм. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дахин сонгуульд хүч үзэхээр намдаа хүсэлтээ өгчээ. МАН-ыг УИХ-д төлөөлөн суух гишүүдээс цөөн хэд нь энэ удаагийн сонгуульд өнжих шийдвэр гаргажээ. Тодруулбал,

  • Д.Хаянхярваа, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, О.Содбилэг нар өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэхээс татгалзсан.
  • М.Энхболд, М.Билэгт, А.Ундраа,  Н.Амарзаяа, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Ч.Улаан нар МАН-ын Бага хуралд нэрээ дэвшүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй.
  • Харин Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар Нийслэлийн прокурорын газраас “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамч гарсан учир энэ удаагийн сонгуулийг өнжсөн байж магадгүй.
  • Түүнчлэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын гишүүнчлэлгүй болсон тул 2020 оны УИХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө.

Ардчилсан Намын хувьд өмнөх сонгуулиар УИХ-д есөн суудал авсан бөгөөд тус намын хоёр гишүүн явцын дунд “өрх тусгаарлаж” ШИНЭН байгуулсан. Улмаар саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарыг намдаа элсүүлж эргээд есөн гишүүнтэй болоод буй. Тэгвэл Ардчилсан Намаас энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав өнжихөөр болж байна.

Тус намаас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийт нэр дэвшигчдийн 71.4 хувь нь шинэ хүмүүс буюу өмнө нь удирдах албан тушаал, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ:GOGO.MN

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549