“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ

access_time 2020-05-17
remove_red_eye 182

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны төлөөлөл тавдугаар сарын 13-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 98 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.

Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан билээ.

Энэхүү шагналыг нь Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн талаар бид мэдээлсэн. Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

Түүний том хүү Ц.Гомбосүрэн манай сайтад ярилцлага өгөхдөө “Би хувьдаа “Ээжид минь болдогсон бол “Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол өгдөггүй юм байх даа” гэж бодож явдаг. Шулуухан хэлэхэд Монгол Улсын баатар цолыг авахад ч буруудахгүй байх. Ээж минь сүүлд “Ахмад дайчин” цол авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. ОХУ-аас Ялалтын баярын ой болгоноор медаль өгдөг. Ээжид 75 жилийн өмнөх Ялалтын баярын бүх медалиуд байгаа гэсэн үг. Мөн шагнал нь эзэндээ ирэхдээ ямар нэгэн дамжлагагүйгээр хүрээсэй гэж хүсч байна. Бараг 20-иод жилийн өмнө санагдан, ОХУ-аас ээжид маань нэг мотоцикль бэлгэнд өгсөн. Тухайн үед бидний гарт мотоцикль ирсэн ч УАЗ-469 машин байсан гэсэн яриа гарсан” талаар яриандаа дурдаж байсан юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549