“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчид тодорлоо

access_time 2020-05-17
remove_red_eye 289

“Зөв хүн электорат” эвслээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ зарлалаа. Тус эвслийн төлөөлөх зөвлөл өнөөдөр /2020.05.16/ хуралдаж энэ удаагийн сонгуулийн 28 тойрогт нэр дэвших 60 хүний нэрийг эцэслэн баталжээ. Нийт нэр дэвшигчдийн 27 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

 

 

 

 

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй 60 хүний дундаж нас 45, ажлын туршлага 20 жил төдийгүй, салбартаа танигдсан нэр хүндтэй, анх удаа сонгуульд нэр дэвшиж буйгаа онцлогтой аж.  Мөн шинжлэх ухааны доктор 11, олон  улсын нэр хүнд бүхий гадаадын их сургуульд мастер хамгаалсан 24, хуульч эрхзүйч 14, эдийн засагч санхүүч 20, инженер 11, төрийн  удирдлагын мэргэжлийн 3, багш 3, эмч 3, бусад мэргэжлийн 6 хүн нэр дэвших аж.

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Эвслийн төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн баталлаа. Өмнө нь олон удаа иргэд, дэмжигчдэдээ амлаж байсны дагуу эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, ажлын туршлагатай, ёс суртахуунтай, хулгай хийхгүй худал хэлэхгүй шижигнэсэн залуу нэр дэвшигчдийг танилцуулж байна. “Зөв хүн электорат” эвслээс нэр цэвэр, гар цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

 

ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Электорат” хөдөлгөөн хоёр жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Энэ хөдөлгөөнөөс АН,  МАН, ХҮН байх нь хамаагүй, Монгол Улс даяар 2000 зөв хүнийг шалгаруулаад зөв хүнийг л дэмжье гэдэг саналыг гаргасан. Үндсэндээ энэ удаагийн сонгуульд 76 зөв хүн дэвшиж байна. Үүнээс 60 зөв хүнийг төлөөлөх зөвлөлөөрөө хуралдан баталгаажууллаа. Эдгээр нэр дэвшигч маань Улаанбаатар хот болон 28 аймагт нэр дэвшинэ” гэв.

 

 

“Зүй ёс” намын дарга Б.Насанбилэг “Маш өндөр боловсролтой, ажлын туршлагатай, нэр цэвэр, барьцаалагдаагүй залуус нэр дэвшиж байна. Энэ залуус монголынхоо ирээдүй, хойч үед санаа зовоод улстөрд орж ирж байгаа юм. Бид мөрийнхөө хөтөлбөрийг батлуулсан. Тэнд бид бодит гарц, гаргалгааг санал болгосон. Үүнийг хэрэгжүүлж чадах чадалтай, боловсролтой, туршлагатай залуусыг бид ард түмэнд санал болгож байгаа юм.  Энэ сонгуульд монголын сор болсон залуус өрсөлдөнө. Тиймээс энэ жилийн сонгууль өөр болно” гэлээ.

 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэр дэвшигч Г.Ганхүү “Хоёр жилийн өмнө Электорат хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хүний нэг нь би. Энэ хөдөлгөөн орон даяар зөв хүний эрэлд гарсан. Нийт 2000 гаруй зөв хүний жагсаал гаргаснаас өнөөдөр  76-г сонгуульд нэр дэвшүүлэх санал гаргаад байна. Хамгийн ахмад нь би болов уу. Нэг эвсэл дор мөр зэрэгцэн сонгуульд өрсөлдөх гэж байгаадаа баяртай байна. Бүгдээрээ шударга өрсөлдөцгөөе гэж уриалья” гэв.

 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549