П.МӨНХТУЛГА: “ТӨР НЬ ӨӨРӨӨ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨДӨГ ЮМ БАЙНА” ГЭЭД ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛЧИХСАН

access_time 2020-05-15
remove_red_eye 589

 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, эдийн засагч, эрх зүйч П.Мөнхтулгатай ярилцлаа.

Манай улс өмнө нь ФАТФ-ийн саарал жагсаалтад орсон. Гэтэл сая нэмээд Европын холбооны хар жагсаалтад орчихлоо. Олон улсын эдийн засагчийн хувьд энэ хоёр жагсаалтын ялгааг тайлбарлаж өгнө үү. Хор уршиг нь ямар байдаг юм бол?

Энэ асуудлыг бид маш сайн анхаарах хэрэгтэй. Бидний амьдралаас хол мэт сонсогдож магадгүй ч үр дагавар нь их аюултай. ФАТФ нь товчхондоо дэлхийн санхүүгийн цагдаа юм.
Их долоогийн гүрнүүд дундын олон улсын байгууллагатай болох анхны санаачилга нь 1989 онд гарсан байдаг. Анх мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой, Парис хотод төвтэйгээр байгуулагдсан. 2001 онд Нью-Йоркийн хоёр өндрийг террористууд мөргөж нурааснаас 3000 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Үүнээс үүдэн ФАТФ терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэдэг чиг үүргийг нэмсэн юм.

ФАТФ нь энэ хоёр чиг үүргийг хэрэгжүүлээгүй улсад эдийн засгийн хориг арга хэмжээ авах, саарал жагсаалтад оруулах, эдийн засгийн ямар нэг тусламж үзүүлэхгүй байх чиг үүрэгтэй. Манай улс ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагад багтдаг. Бид ФАТФ-ын 40 стандартыг улс орондоо мөрдүүлнэ гэж гарын үсэг зурсан. Гэтэл энэ стандарт, зөвлөмжөөс гурвыг нь манай улс огт хэрэгжүүлээгүй. Тодруулбал, ФАТФ эдгээр асуудалд манай улсын хууль тогтоогч, эрх баригчдыг хяналт тавихгүй байна гэж аль 2017 оны гуравдугаар сард, 15 сарын хугацаатай анхааруулга өгсөн. Нэгт, манай улсын банкны эх үүсвэрийн эх сурвалжийг тодорхойгүй байна гэсэн байдаг. Терроризмын бүлэглэлийн мөнгө юм уу, хаанаас орж ирсэн мөнгө вэ гэдгээ тодорхой болго гэсэн.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн. Банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн ч мөнгө угаасан юм биш үү гэсэн хардлага дагуулж байсан.

Гэхдээ ОУВС, ФАТФ хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй л даа. ОУВС Дэлхийн банкны чиг үүргийг гүйцэтгэдэг санхүүгийн байгууллага. ФАТФ бол мөнгө угаах буюу хууль, эрх зүйн орчныг нь шалгадаг байгууллага юм. Удирдаж байгаа байгууллагын хувьд ч Дэлхийн банк, Их долоо гэсэн хоёр өөр статустай. Энэ дагуу ФАТФ өөрийн шаардлагуудаа манай улсад тавьсан байдаг. Нэгт, нь дээр хэлсэн. Хоёрт, манай улстөрчдийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойгүй байна гэсэн. Жишээ нь, 2016 оны ХОМ дээрээ нэг байр, машинтай байсан УИХ-ын гишүүн 2019 онд хэд хэдэн машин, хаустай болчихсон байгаа юм. Энэ эх үүсвэрээ батал гэхээр ном зарсан гэх мэт хүүхэд ч үнэмшихээргүй зүйл ярьдаг. Гэтэл статистикаас харахаар Монголд хамгийн их борлуулагдсан ном 5000 ширхэгт хүрсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” бэстселлер болсон юм билээ. Эндээс олсон цэвэр ашиг нь 36 сая төгрөг. Тэгэхээр Монголын номын зах зээлээс ихдээ л 36 сая төгрөгийн орлого олох боломжтой.

Тэр олон тэрбум төгрөгийн хаусыг ном зарж олох ямар ч боломжгүй нь эндээс харагдаж байгаа биз. Энэ мэт 45 хэрэг Монголд гарсан. Бүгд прокурорын шатанд очсон байдаг. Авилгын шинж чанартай маш олон хэрэг бий ч эндээс мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлтэй 45 хэрэг гэдгийг энд тодотгоё. Гэвч 45 хэргээс хоёр нь л шүүхийн шатанд очсон. Үлдсэн 43 нь прокурорын шатнаас буцсан байгаа юм. Тэгэхээр ФАТФ-ийн хардах үндэслэл нь бүрэн байгаа биз. ФАТФ “Танай улстөрчид ийм их хэмжээний мөнгө угаах хэрэгт оролцсон байж болзошгүй. Үндэслэл нь байсаар байтал прокурорын байгууллага нь хэлэлцэхгүй буцааж байна” гэсэн асуудал ярьж байгаа. Мөн ФАТФ хууль хэрэгжүүлэгч байгууллага болон мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нь хаана хаанаа хариуцлагагүй, шалгаж байгаа хэрэг дээрээ хараат бус гэсэн юм билээ. Ерөнхийдөө ФАТФ-ын 40 зөвлөмжийн 30, 31 дэх эдгээр заалт Монгол Улсад хамгийн том асуудал болж байна. Тиймээс манай улсыг эрх зүйн орчноо сайжруулах 15 сарын хугацаа өгсөн юм. Дээрээс нь улстөрчиддөө хариуцлага тооц гэсэн. Манай улстөрчид юу гэж өөрсдөдөө хариуцлага тооцох вэ. Энэ нь яалт ч үгүй саарал жагсаалтад орох шалтгаан болж байна. Манай улстөрчдийн ёс зүй, гэмт хэрэгт холбогдож байгаа асуудлаас болж бид саарал жагсаалтад орсон.

Европын холбооны хар жагсаалтын тухайд?

Их долоогийн бүлэгт Европын холбоо багтдаг. Европын холбоо манай улсыг “Терроризмыг санхүүжүүлдэг байж магадгүй” гэж хардаж байтал төрийг төлөөлж байгаа дипломат төлөөлөгчид хар тамхи зөөвөрлөж эхэлсэн. Хар тамхи зөөж байхдаа баригдсан дипломатууд бүгд нэгэн дуугаар “Энэ миний ачаа биш. Төрийн ачаа” гээд хэлчихсэн. Ингээд цагаан дээр хараар бичсэн мэдүүлэг шууд албан ёсны баримт болно. Европын холбооны мөнгө угааж байж болзошгүй гэсэн хардлага дээр хар тамхины асуудал нэмэгдсэн. Түүнийгээ төрийн ачаа гэж хэлчихлээр алх цохиод баталгаажуулчихаж байгаа биз. Энэ дагуу Европын холбоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Төр нь өөрөө хар тамхи зөөвөрлөдөг юм байна” гээд хар жагсаалтад оруулчихаж байна.

Бид Европын холбоо хар жагсаалтад оруулчихлаа. Бид нарт хамаагүй гэж огт бодож болохгүй. Энэ бол маш аюултай зүйл. 2009 он хүртэл манай гадаадын хөрөнгө оруулалтын 60 орчим хувийг БНХАУ эзэлдэг байсан. 2009 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалтын 60-аас илүү хувийг Нидерланд эзэлж байна. Учир нь, манай улс Нидерландаас хөрөнгө оруулалт татахын тулд давхар татвар тооцохгүй гэдэг хэлэлцээрийг 2010 онд хийсэн. Үүнийг дагаад БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Нидерландад офиссоо байгуулж эхэлсэн. Жишээ нь, бид “Мобиком корпораци”-ийн хөрөнгө оруулагчийг Япон Улс гэж хардаг. Гэтэл үгүй. Нидерландаас хөрөнгө оруулсан байдаг. “Мобиком корпораци” хөрөнгө оруулалтаа Нидерландын оффис руугаа татдаг. Манай улсаас хийгдэж буй эдгээр бүх гадаад гүйлгээн дээр нэмэлт зардал гарна.

Яагаад?

Европын холбооны “Correspondent”, “Clearing” банкууд нэмэлт хүн хүч, цаг хугацаа, зардал гаргаж байгаа учир манай улсаас гарч байгаа гүйлгээн дээр шимтгэл нэмнэ. Үүнийг дагаад цаг хугацаа, эдийн засаг удааширна.

Тэгвэл зөвхөн аж ахуйн нэгжид хамаарах асуудал юм биш үү. Иргэдийн хувьд ямар нэг хохирол амсах уу?

Хөдөө орон нутгийн иргэд, бүр малчдад ч хамааралтай асуудал. Учир нь, манай ихэнх ноолуур Европ руу гарч байна. Тиймээс ноолуурын мөнгө удааширна гэсэн үг. Дагаад зардал нь ихэснэ. Мөн манай банкны картуудыг Европын холбооны орнуудад огт ашиглаж болохгүй болно. Европын орнуудад бизнес эрхэлж байгаа, Европ руу явах гэж байгаа иргэд Монголын банканд биш Европын банканд мөнгөө байршуулж эхэлнэ. Манай эдийн засгийн капитал тэр хэмжээгээр буурч, төгрөгт итгэх итгэл байхгүй болно. Төгрөгт итгэх итгэл байхгүй болно гэдэг нь төгрөгийн ханш унана гэсэн үг. 2021 оноос бид бондуудын зээлээ төлөх хуваарьтай байгаа. Зээлийг доллараар төлнө. Энэ мэт дам, дам үр дагавар нь Монгол Улсыг шууд дампуурал руу хөтөлж байгаа юм. Цаашлаад АНУ Их долоогийн бүлэгт байгаа. Энэ асуудал дээр Их долоо дахин анхаарлаа хандуулж эхэлнэ. АНУ-ын конгресс дээр яригдаж байгаа манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй болгох асуудал цуцлагдах хэмжээнд хүрнэ. Ер нь дэлхийн эдийн засгийн урсгал энэ хоёр том холбоогоор дамжиж байна. Энэ хоёр том зэх зээл Монголын бүх гүйлгээ, санхүүгийн хөдөлгөөнд маш том хаалт тавьчихлаа.

ФАТФ-ийн саарал жагсаалтаас гурван зөвлөмжийг биелүүлснээр гарах боломжтой юм байна. Харин хар жагсаалтаас хэрхэн гарах вэ?

Европын холбооны хар жагсаалтаас гарахын тулд эхлээд саарал жагсаалтын “даалгавар”-аа биелүүл гэж байгаа. Тэгэхээр бид 2017 онд авсан сануулгаа биелүүлэх ёстой юм. Хуулийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, улстөрчдийн мөнгөн хөрөнгийг ил тод болгох ёстой. Дээр нь хөрөнгийн бүртгэлээ сайжруул гэж байгаа. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө, хурдан морь, уран зураг, үнэт эдлэл, хөөрөг ямар ч бүртгэлгүй байна. Энэ асуудлаар нотариатчидын бүртгэлийг сайжруул гэсэн зөвлөмж өгсөн. Манай улсын нэг улстөрч АНУ-д маш олон хаустай байсныг санаж байна уу. Тэр хауснуудаа өндөр үнээр аваад, хямд зарчихдаг.

Гэтэл АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зуучийн газрууд мөнгө угаах гэмт хэргээс сэргийлж маш сайн бүртгэл явуулдаг. Ямар үнээр үл хөдлөх хөрөнгө авч, ямар үнээр зарж байгаа нь дэлхийн хаанаас, хэн ч харсан нээлттэй. Энэ нь өөрөө мөнгө угаалтаас сэргийлж байна. Тиймээс манайхыг улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн зуучаа нэгдсэн системд оруулж, уран зураг гэх мэт капиталын хөрөнгийн шилжилтийн мэдээллийг сайжруул гэсэн зөвлөгөө өгсөн. 2017 онд өгсөн энэ зөвлөгөөг МАН-ын 65 гишүүн нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихсан. Эсвэл бүр хайхрахыг хүсэхгүй байгаа юм уу. Аль эсвэл зөвлөмжийг биелүүлэхээр өөрсдийнх нь асуудал гарч ирэх гээд байна уу гэсэн асуулт дагуулж байна. Ямартай ч тэд зөвлөмжийг биелүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс бид саарал жагсаалтаас гарч чадахгүй байна. Дээр нь хар жагсаалт руу орчихлоо.

Сангийн сайд тавдугаар сарын 12-нд ФАТФ-ийн уулзалт болно. Уг нь илтгэл тавих байсан ч коронавирусийн тахлаас болж очиж чадахгүй болсон гэдэг асуудал ярьж байгаа. Илтгэлээ илгээчихсэн гэх юм билээ?

Дэлхий дахинд коронавирус дэгдэж, бүх хурал, уулзалт цуцлагдсан. Гэтэл бид 1990 онд амьдарч байгаа юу. Бүх зүйл цахим руу шилжиж байна. Үүнийг шалтаг гэж харж байна. Аль 2017 онд сануулсан ч манай улсад хийсэн зүйл алга. Татвар, бүртгэлийн хуулиа сайжруулаагүй. Ер нь юу ч хийгээгүй байж ямар ажил тайлагнах юм бол.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549