Э.Бат-Үүл: Цагдаагийн офицерууд тушаалгүйгээр, уурандаа хүн буудчихсан 7-р сарын 1-ний хэрэг саяхных шүү дээ

access_time 2018-10-22
remove_red_eye 124

 

Цагдаагийн офицер Батсүхийн эд хөрөнгийг булаажээ!

Гэр хороололын хөдөлгөөний удирдагч Батсүх, хотын дарга Батболдын цонх руу өндөг шидэж, тайван цуглаан хийжээ. Ингэснийх нь төлөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс түүнийг баривчлан гурван өдөр цагдан хорьж саатуулсан юм. Тэгээд хэргийг нь шүүхэд шилжүүлнэ гээд сулласан байна. Суллахдаа Батсүхийн өмсөж явсан хувцаснаас бусад, биедээ авч явсан бүх эд зүйлийг нь хураан авчээ. Гар утас, биеийн байцаалт бичиг баримт гээд бүгдийг нь. Гар утсыг нь хурааж авахдаа, зүгээр ч үгүй “чи лайв хийчих учраас авч байгаа юм” гэж гэнэ!
Батсүх мөчөөгөө өгөхгүй шазруун тул “Миний эд зүйлийг ямар хуулийн үндэслэлээр хурааж авч байгаа юм бэ?” хэмээн асуухуйд нь дэд хурандаа Чинбат “Би битгий өг гэсэн юм!” гэж “шударгаар өөрийгөө илчлэн” таахалзжээ. Батсүхийг байцаасан ахмад Анхбаяр даргынхаа үгийг бахархалтайгаар нотлон, “заргалдаарай!” зэргээр даапаалан үджээ. Батсүх, хэрэв зээ хажууд нь жирийн иргэдээс гэрчлэх хүмүүс байсан бол тэр хоёртой зодолдоход ч бэлэн байсан гэнэ. Яагаад гэвэл, цагдаагийн офицер Чинбат, Анхбаяр нар Үндсэн хуулийг чанд сахих тангарагаа зөрчиж, өөрсдөө хууль бусаар хүний хөрөнгө, эд зүйлийг булааж авсан. Энэ тохиолдолд иргэн “номхон” байх үүрэг хүлээх албагүй. Даанч байцаалтын өрөөнд Чинбат, Анхбаяр нараас өөр хүн байгаагүй тул зодолбол дараа нь нийлж байгаад гүжирдчих тул Батсүх биеэ барьжээ.
Нарийндаа Батсүхийн зөв юм!

Төрийн албан хаагчид нэн тэргүүнд хуулиа биелүүлж, тангарагаа сахин үлгэрлэх ёстой. Тэр тусмаа цагдаагийн албан хаагчид!
Цагдаагийн офицерууд хуульгүйгээр, тушаалгүйгээр, уурандаа хүн буудчихсан 7-р сарын 1-ний хэрэг явдал саяхных шүү дээ!

Чинбат, Анхбаяр нар Батсүхийг хууль бус үйдлээрээ нийгмийн хэв журам алдагдуулсан хэмээн зөрүүлэн үзэж байгаа. Тэрэндээ бат нот итгэчихсэн буй.
Гэхдээ, тэд Үндсэн хуулиа уншихгүй юм. Үндсэн хууль манай дээд хууль гэдгийг ойлгохгүй юм. Бас,Үндсэн хуулиа давж үйлчилдэг “том толгой”-той хууль байх ёсгүй хэмээх хууль хэрэглэхэд баримталдаг зарчмыг мэдэхгүй юм. Тэгээд хажуугаар нь ууртай шартай цагдаа нар бололтой.
Уурандаа тэд Үндсэн хуулиа чанд сахих (чанд сахих гэж зориуд тодотгосон байдаг) тангарагаа ч умартсан хэрэг. Тайван жагсаал цуглаан байсан ч “зөвшөөрөл авах ёстой” гэж гүрийгээд байгаа юм.
Бүр тэгэж ярихдаа хүрэх юм бол тэдний түрий бариад байгаа “Жагсаал цуглааны тухай” хуулинд “зөвшөөрөл авах” гэдэг үг ч байхгүй. Жагсаал цуглааныг “бүртгэх” гэж л ойлголт байгаа.
“Бүртгэх” гэдэг энэ үгийг хотыг дарга Батболд өөрийнхөө үзэмжинд тааруулаад “зөвшөөрөх” хэмээн “орчуулчихаад” байгаа юм. Тэгэхээр Чинбат, Анхбаяр нар хуулинд биш Батболдод захирагдаж буй. Ингэж үнэнээ хэлэхээсээ ичээд, гүрийгээд байгаа. Батболдын төлөө тэд шаралхаад байхдаа яахав дээ!
Батсүхийн биедээ авч явсан эд зүйлийг офицер Чинбат, Анхбаяр нар булааж аваад сар болж байна. Лайв цацдаг гар утсыг нь салгаж онгичоод юу ч авч,юу ч суулгасан байж мэднэ. Энэ цаг үед, гар утас бол хүний хувийн нууцаас авахуулаад хайрын захиа, данс, мөнгөн гүйлгээ мэт амьдралаа хадгалдаг маш чухал өмч хөрөнгө болсон шүү дээ! Одоо тэр утас эзнээ эргэж шөнөөр орон дотор нь хүртэл тагнадаг “тагнуул” болсон ч юм бил үү? Хувийн нууцыг нь хувилаад авчихсан нь эргэзээгүй! Үндсэн хуулийнхаа дагуу тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөгөө эдэлсэн Монгол Улсын гэм зэмгүй иргэний хувийн халдашгүй байдал ийнхүү дашийн шог болжээ!

Би хотын дарга байхдаа “бүртгэх” гэдэг хуулийн үгийг бүртгэх гэдэг зөв утгаар нь хэрэглэдэг байсан. Тодруулбал; Үндсэн хууль ёсоор Монгол Улсын иргэд тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй буюу ямар ч хориг саадгүй бөгөөд энэ эрх чөлөөгөө эдлэх явдлыг хангах үүргийг иргэдийнхээ өмнө хотын дарга хүлээнэ, тэгээд жагсаал цуглаан хийж буй олны аюулгүй байдал,хэвийн үйл ажиллагааг хамгаалан цагдаагаараа угтан үйлчлэх ёстой,үүнд бэлдэхийн тулд бүртгэж буй гэсэн утгаар ойлгогдоно. Миний Нийслэлийн засаг даргын албыг хашиж байх 4 жилд, төв талбай дээр жагсаал цуглаан хийх явдал ямар ч зөвшөөрөл авах шаардлагагүй чөлөөтэй болсон бөгөөд жагсаж цуглагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааных нь саадгүй байдлыг хангахаар цагдаа нар ажилладаг байлаа. Ижил хүйстнүүдээс авахуулаад трактор комбайнтай тариаланчид, хөдөлгөөн, намууд цагдаагийн хамгаалалт, угтах үйлчилгээний дор чөлөөтэй жагсаж байв шүү дээ.
Цагдаа нар, тайван жагсаал хийж байгаа иргэдээ тараах гэж улайж явахаас тэднийгээ хамгаалж явахдаа хамаагүй сэтгэл нь өег байсан. Жагсагчид тарахдаа цагдаа нарт баярласан талархсанаа илэрхийлдэг байсан болохоор аргагүй. Цагдаа иргэдийн хооронд харилцаа илтэд “дулаарсан” юм даг.

Харин нэг удаа, Хувьсгалын музейн урд талбай дээрхи “Хөх монгол” хөдөлгөөний суултыг надаас нууж байгаад шөнө тараасан байсан. Ерөнхий сайдаас чиглэл өгсөн юм байна билээ. Нийслэлийн цагдаагийн удирдлагын энэ үйлдлийг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар, нийтэд ил тод хэлэлцэж, дахин ийм явдал гаргахгүй байхыг хатуу сануулж билээ.

Ардын намыхан жагсаал цуглааныг ёстой зоргоороо хийж байв. Тэдний цуглаан жагсаал хөөрүү, хэнхэг, сүржин болно. Өөрдсдийг нь хамгаалж байгаа цагдаа нар руу хүртэл архирана.

Мэдээж цуглаан бүр дээрээ намайг огцоруулах шаардлага тавина. Энэ дашрамд сануулахад өнөөдөр төр,нийслэлийн өндөр албан тушаал хашиж байгаа олон залуусын карьер намайг дайрахаас эхэлсэн шүү!

Намайг огцрох шаардлага тавьсан Ардын намын “сүрт жагсаал”-ыг, таарсан үед нь би гадаадын зочин, төлөөлөгчидөд үзүүлж, жагсагчид юу шаардаад байгааг тэдэнд орчуулж өгч байв. Монголын ардчиллыг гайхуулж байгаа минь тэр.Тэд ч бахаддаг байсан. Зочдын өмнө миний нэр хүнд бүр өсөлгүй яахав. Би чинь дэлхийн хамгийн ардчилсан хотын дарга болчихож байгаа юм чинь.

Одоогийн хотын дарга Батболдод ийм ухаан байхгүй л дээ! Тийм учраас, гэр хороолол хөдөлгөөний удирдагч Батсүхийг Чинбат, Анхбаяр нараар айлгаад байгаа юм!

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549