Цахим луйвар үйлддэг этгээдүүд танаас ямагт НЭГ АЛХМЫН ӨМНӨ явдгийг битгий мартаарай

access_time 2020-05-06
remove_red_eye 141

 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим хэрэглээ хурдтай хөгжиж байна. Манай улсад ч гэсэн энэ хэрэглээ өндөр байгаа. Гурван сая гаруй иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуун иргэн цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг. Цар тахлын үед иргэд гэрээсээ онлайнаар ажиллах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдаж авах зэрэг цахим орчны харилцаа нэмэгдсэн. Харин луйварчид энэ боломжийг хүлээж байдаг. Шинэ нөхцөл байдал үүсэх бүрт залилан хийх аргаа нарийн төлөвлөж ажилладаг. Хамгийн гол нь танд юу дутагдалтай болохыг таниас түрүүнд мэдэж ажиллах аргаа боловсруулдаг гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө иргэдийн мэдлэг, мэдээлэл муутайг далимдуулан хүүтэй мөнгө зээлнэ, барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэх мэт залилангийн хэргүүд ихээхэн үйлдэгддэг байсан бол одоо илүү нарийсаж мэйлээр та азтан боллоо, та “Green card” хожлоо энд дарж нэвтэрж шалгана уу зэрэг баталгаагүй, таныг итгүүлсэн санал ирэх нь нэмэгдэх хандлагатай болсон. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг.

Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон байна. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг.

Тэгвэл энэ ЭРСДЭЛЭЭС бид өөрийгөө болон хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

  • Хувийн болон гэр бүлийн мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа хязгаарлалт тавьж байгаарай. Ингэснээр та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна.
  • Цахим орчинд болгоомтой байх, фэйсбүүк, мэйл хаягынхаа нууц үгийг тогтмол солих хэрэгтэй.
  • Фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй.
  • Гэнэтийн төлбөр, таны хувийн мэдээлэл зэргийг асуусан хүсэлтэд хариу өгөхгүй байх хэрэгтэй.
  • Хамгийн түрүүнд та ашиглаж буй цахим сүлжээнийхээ аюулгүй байдлын тохиргоог шалгаарай. Аль болох нууцлал өндөртэй байхаар тохируулах нь зөв. Хэн таны сэтгэгдэл, зургийг үзэх боломжтойг бодолцон, тохируулаарай.
  • Мэдээлэл оруулах бүртээ өөрийн болон бусдын ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ашиглахгүй байх хэрэгтэй.
  • Зарим хүн пост оруулах бүртээ хаана байгаагаа мэдэгдэн, байршлаа заадаг. Check-in тохиргоог хэзээ ашиглах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.
  • Аяллын болон ажлын төлөвлөгөөгөө урьдчилан нийтлэхгүй байхыг зөвлөж байна. Хаашаа, хэзээ, хэнтэй явах, ямар хугацаагаар аялахаа ойр дотны хүндээ л хэлэх нь зөв.
  • Интернэт кафе, зочид буудлын нийтийн компьютерийг аль болох хэрэглэхээс татгалзаарай. Зайлшгүй шаардлага гарч, ашигласан бол эрхээсээ заавал гарч (log out) хийж хэвшээрэй.
  • Төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ ил тавьж болохгүй.
  • Мөн та ашиглаж буй төхөөрөмжиндөө вирусийн эсрэг программ заавал суулгасан байх, тэр программ ажиллаж байгаа эсэхийг хянадаг байх хэрэгтэй.

Дашрамд дурдахад, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс орон даяр зохион байгуулж байна.

“Нягтлах тусам аюулгүй” аянг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй.

Цахим халдлага, цахим луйвар үйлддэг гэмт хэрэгтнүүд танаас ямагт нэг алхам өмнө явааг битгий мартаарай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549