“АОТСА-2018 MONGOLIA” ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ҮЕЭР “УЛААНБААТАРЫН ТУНХАГ БИЧИГ”-ИЙГ ҮЗЭГЛЭНЭ

access_time 2018-08-09
remove_red_eye 409

 

 

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо /АОТСА/-ны “АОТСА-2018 Mongolia” олон улсын хурлын бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны 2018 оны ээлжит хурал Улаанбаатар хотод 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ хурлыг зохион байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн зүгээс өргөн хүрээний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн хийж гүйцэтгэж байгаа ажлыг би хувьдаа 60 орчим хувьтай байна гэж дүгнэж байна. Гэхдээ бидэнд гүйцэтгэл, биелэлт нь гарч ирээгүй нэлээд ажлууд бий. Эдгээр ажлуудын биелэлтийг хангаж ажиллах дээр ажлын хэсгүүд нэлээн эрчтэй ажиллаж байгаа.

7-р сарын 4-нд АОТСА-ны төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж хурлын бэлтгэл ажилтай танилцаад явсан. Тэд ажлын хэсгийнхний хийж буй ажлуудыг хэрхэн дүгнэсэн бэ? Мөн цаашид юун дээр анхаарах тухай зөвлөгөө зөвлөмж өгсөн үү?

АОТСА-ны удирдлагын зүгээс тус хурлын яжлын явцтай ерөнхийд нь танилцаад явсан. Ер нь бол ирсэн хүмүүсийн хувьд сэтгэл өндөр буцсан гэж бид дүгнэж байгаа. Үүнийгээ ч мөн тэд өөрсдийнхөө үгээр бидэнд илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл бэлтгэл ажлыг хангалттай түвшинд явж байна гэсэн дүгнэлтийг бидэнд өгсөн. Мөн энэ уулзалтын хүрээнд бидэнд цаашид анхаарвал зохих цөөнгүй зүйлсийг хэлж, зөвлөсөн. Тухайлбал илтгэгч нараас илтгэл бүрдүүлэх, оролцогчдыг бүртгэх асуудлууд дээр нэлээд нарийн зүйлсүүдийг хэлж зөвлөсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор вэб хуудсан дээрээ зохих зөвлөгөөнүүдийг бид тусгаж оруулсан. Бүртгэлийн процессуудыг нэлээн нарийсгаж гаргасан. Групп бүртгэлүүдийг хийх нарийн ажлуудыг хийж байгаа гэх мэтчилэн олон зүйлүүдийг энд дурдаж болно.

“АОТСА-2018 Mongolia” олон улсын хурлын гол онцлог нь юу байх вэ?

Энэ удаагийн АОТСА-ны хурлын нэг онцлог нь Дэлхийн татварын зөвлөхүүдийн Глобал форумыг үүсгэн байгуулж байгаагаа тус хурлын үеэр тунхаглах явдал юм. Энэхүү тунхаглал дээр гарын үсэг зурах нэр хүндтэй ажиллагаа Улаанбаатар хотод хийгдэх учир үүнийг “Улаанбаатарын тунхаг бичиг” гэж нэрлэж байгаа. Энэ бол Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын нэр дэлхийн түвшинд гаргах том ач холбогдол бүхий үйл ажиллагаа болно. “Улаанбаатарын тунхаг бичиг”-ийг 9 дүгээр сарын 12-ны өглөө 9-10 цагийн хооронд Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Татварын зөвлөхүүдийн нэгдсэн Глобал форумыг байгуулахын гол утга учир нь дэлхий өөрөө глобалчлагдаж, тэр хэмжээгээр олон улсын татвар нэлээн ярвигтай хэмжээнд хүрч байна. Тухайлбал BEPS арга хэмжээний хүрээнд дэлхийн улс орнууд татан орогдож, нийтээрээ татварын нэгдсэн ойлголт, системрүү шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор татварын албанаас хийгдэж байгаа аливаа үйл ажиллагаанд дэлхий нийтийн хэмжээнд татварын зөвлөхүүдийн байр суурийг сонсгох, татварын зөвлөхүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх зэрэг олон улсын ач холбогдол бүхий ийм бичиг баримт үйлдэгдэнэ гэсэн үг.

Global Tax Advisors Platform (GTAP) буюу Дэлхийн татварын зөвлөхүүдийн флатформд хичнээн тив нэгдэж байгаа юм бэ?

Татварын зөвлөхүүдийн албан ёсны байгууллагууд тив тивээр байдаг. Жишээлбэл Европын Татварын Зөвлөхүүдийн Холбоо, Ази Номхон Далан Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо, Африкын Татварын Зөвлөхүүдийн Холбоо гэж байна. Тэгэхээр эдгээр холбоонуудын нэгдсэн байгууллага үүсэж байна гэсэн үг. Энэ байгууллагын хувьд дэлхийн татварын зөвлөхүүдийн дуу хоолойг зохих газарт нь хүргэх байгууллага гэж ойлгож болно.

Энэ хурлын үнэ цэнийг дэлхийн хэмжээний байгууллагын үүсэл Улаанбаатар хотод тунхаглагдаж байгаагаар дүгнэж болохоор байна. Харин хүмүүст өгөх өгөөжөөс нь цухас дурдвал… Дэлхийн татварын шинэчлэлийн талаар сонсохоос гадна энэ хурлын өмнөх өдөр Европын татварын зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгчийн сургалтад хамрагдах боломжийг олгож байгаа гэж дуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Энэ сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ?

ТМЗ нийгэмлэгээс санал тавьсны дагуу Европын татварын зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгч Пиэржиоржио Валенте “Олон улсын татвар, татварын бодлого 21-р зуунд” сэдэвт сургалт зохион байгуулагдана. 21-р зууны олон улсын татварын чиг хандлага, шинэчлэл хаашаа чиглэж байна вэ? Шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа олон шинэ ойлголтууд, нэр томъёонууд, мөн татварын шинэчлэлд дэлхий нийтийн болон тухайн улс орнуудын үүрэг роль ямар байна? гэдэгт энэ сургалтын гол агуулга чиглэгдэж байгаа. Энэ сургалт тодорхой хэмжээний төлбөртэй. Төлбөрийг ТМЗ нийгэмлэг хариуцаж, Монголынхоо багш нар, татварын албаны мэргэжилтнүүд болон татварын мэргэшсэн зөвлөхүүдээ тодорхой хэмжээгээр цэнэглэж, шинэ мэдлэг олгох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа юм.

Олон улсын татварын шинэчлэлийн талаар мэддэг хүмүүс цөөн байгаа. Дэлхий нийттэй хөл зэрэгцэж явахад бид олон улсад явагдаж байгаа татварын өөрчлөлт шинэчлэлийг таниж мэдэхгүйгээр явах боломжгүй гэдгийг Монгол улсыг хар жагсаалтанд оруулсан практик нотолж байна. Хар жагсаалтанд орно гэдэг нь олон улсын татварын шинэчилсэн ойлголт, цар хүрээ, системрүү Монгол Улс нийц гэдэг сануулга гэж ойлгож болно. Тийм учраас энэ сануулгыг зөвхөн татварын албаны ганц нэг хүн мэддэг биш, энэ бол нийт мэргэжилтнүүд, татварын мэргэшсэн зөвлөхүүд, багш нар мэдэж, түүнийгээ цааш нь хөгжүүлэх, тэр хэмжээгээрээ өөрийнхөө улс орны татварын системийн тогтолцоог шинэчилж өөрчлөх мэдлэг, чадвартай хүмүүс болох хэрэгтэй гэдэг үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

Хурлын бүртгэл хаах хугацаа дөхөж байна. Одоогоор бүртгэл хэдэн хувьтай явагдаж байна гэж дүгнэх вэ?

Хурлын үйл ажиллагаанд Европын татварын зөвлөхийн холбооны төлөөлөл, АОТСА-ын гишүүн орнуудын төлөөлөл хамрагдаж байгаа. Бүртгэлийг онлайнаар хийж байна. Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүд, олон улсын татварын мэдээ мэдээллийг сонирхож байгаа бизнес эрхлэгчид, татварын байцаагч нар, мөн их дээд сургуулийн багш, судлаач нар гээд сонирхсон хэн ч бүртгэл хаагдахаас өмнө амжиж бүртгүүлэх боломжтой, ялангуяа татварын мэргэшсэн зөвлөхүүддээ хуралдаа оролцоорой гэж уриалж байна.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

 

Ярилцсан: Г.Цэрэндулам /ТМЗН-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах менежер/

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549