Монгол гишүүн монгол малын махыг үнэд хүргэх тухай ярьж эхэллээ

access_time 2018-10-19
remove_red_eye 243

 

Нүүрс, зэс, алт “иддэг” болчихсон мэт шинэ үеийн Монгол Улсын эдийн засаг жигтэйхэн сэргэх болсон. Үүнийгээ “долларын цутгалан”-гаараа хэмждэг. Хэдийгээр мах иддэг хэвээрээ ч үнэтэй. Удахгүй солонгосын сериалууд дээр гардаг шиг үхрийн мах аваад очихоор нь үнэ цэнэтэй бэлэг, гүн хүндэтгэл мэтээр хүлээн авдаг болох биз ээ. Ямартай ч мал аж ахуйн орон гэх боловч эдийн засгийн үзүүлэлтэд малынхаа тоог тээр хойгуур жагсаах болж. Сүүлийн арав гаруй жилд эрчимжүүлсэн мал аж ахуйн талаар идэвхтэй ярьж лимузин шиг хонь, камаз шиг том үхэр, камазны дугуй шиг тэр үхрийн гуя…гэхчлэн ихэд биширсэн ч малын чанар, үр ашиг “социализм, нэгдэл” зэрэгтэй адил хаягдсаныг хүлээн зөвшөөрөх ёстой.

УИХ дээр Бэлчээрийн тухай хууль ярьдаг Л.Элдэв-Очир, махны чанар, үр ашгийг дээшлүүлэхийг өгүүлэх М.Билэгт нарын үг их л харь хөндий сонсогддог бололтой юм. Гэхдээ монголчуудыг махнаас гартал тэдний ярианд анхаарал хандуулахад илүүдэхгүй болов уу. Бэлчээрийн тухай хуулийн тухайд “долларын орлогогүй” сэдэв болоод тэр үү, эрх ашгийн унацгүй болохоор ч гэх үү гацсаар байна. Харин 64 сая малтай байж “мал бол баялаг” гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгааг шүүмжилсэн М.Билэгт гишүүний санаачилгын тухайд яах аргагүй бодууштай бөгөөд “төр яарах хэрэгтэй” гэдэгтэй санал нийлмээр байгаа юм.

Түүний ярьснаар өнгөрсөн жил 10 сая толгой малаа дотоодынхоо хэрэгцээнд хэрэглэж дөрвөн сая толгой мал экспортод гаргасан, өөрөөр хэлбэл, 14 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд орсон байна. Хорин жилийн дотор малын тоо толгой гурав дахин өсxхөөд байхад эдийн засгийн эргэлтэд орсон хэмжээ нь хэвээрээ байгааг бодох ёстой юм. Хотод хүн ажлаа сайн хийвэл хөрөнгөждөг, хөдөө малаа сайн өсгөсөн ч амьжиргааны түвшин нь хэвээрээ байж болох уу?

Малчдаа бодлогоор дэмжье гэхээр баахан муучилж байж малчдын зээл гэгчийг олгохоор болдог. Уг нь малчид маань хангалттай өр, зээлтэй. Тэдэнд нийт эдийн засгийн аравхан хувь нь оногддог байна. Тиймээс малчдаа боддоггүй юм аа гэхэд эхний ээлжинд эдийн засгаа бодоод, тэр дуртай доллараа оруулж ирэхийн тулд УИХ-ын гишүүн М.Билэгт “20 сая богийг хоёр хөршдөө экспортлох” саналыг дэвшүүлж байгаа аж. Нүүрс, зэсийнхтэй харьцуулшгүй ч 30 сая хонь, 30 сая ямаанаасаа тус бүр 10 саяыг нь экспортлоход болохгүй юмгүй. Тэгээд ч махны экспорт гэхээр л адуу, үхрээ туугаад байхаар сүргийн бүтэц алдагдаж байна. Өнгөрсөн онд л гэхэд 29 мянган тонн мах экспортолсноос 90 хувь нь зөвхөн адууны мах байгаа юм. Гэтэл гуравхан сая үхэртэй. Хэдэн жилийн өмнө 100 мянган тонн үхрийн мах экспортлохоор боллоо гэж гуравхан сая үхрээ тууж улаан номд оруулахаа шахсан. Мал аж ахуйн орны төр ийм бодлоготой байж болох уу.

Зарим нь “Махны худалдаачин Монгол ямар ашиг олно гэж” гээд шоолох байх. М.Билэгт гишүүний санал болгосноор бол төрийн өмчит компани байгуулж, тэр нь малчдаас малыг нь зээлээр, жишээ нь хонийг одоогийн үнэ буюу 30 орчим ам.доллараар авч, хөрш орнуудтай гэрээ байгуулахдаа 100 ам.доллараар экспортолж болох юм байна. “Ингэснээр 20 сая толгой богоо дээрх гэрээгээр борлуулахад хоёр тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөг олох боломжтой” гэнэ. Өнөөх төсвийн алдагдлынхаа 1.9 их наядыг хайж байхаар малчдаа ч мөнгөжүүлж, төсвийн алдагдлаа ч нөхчхөж болно” гэж байна.

Нэг иймэрхүү санал санаачилгыг монгол төрийн төлөөлөл болон сонгогдсон монгол эмэгтэй гишүүн яриад байна л даа. Тэдний нам нь мөрийн хөтөлбөртөө 50 мянган тонн мах экспортолно гэчихсэн байдаг. Энэ тухай тус намаас сонгогдсон хэдэн гишүүн эргэн санаж байгааг бүү мэд. Харин тэр зорилт болсон 50 мянган тонн махыг нь хонинд шилжүүлээд бодвоос хоёр сая 700 мянган бог мал гэсэн үг. Гэтэл эрхэм гишүүн 20 сая толгой мал экспортолж 50 мянган тонн биш 500 тонныг экспортод гаргах боломжийн тухай ярьж байна.

Үргэлжлэлийг ЭНДээс 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549