Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн лицензийн наймааг “ГААРУУЛЖ” байна

access_time 2018-08-09
remove_red_eye 2284

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн ажлаа аваад хэдхэн сарын нүүр үзсэн ч түүнийг өнөөх л лиценцийн наймаа, авлига хээл хахуулийн наймаатай холбоотой хэл ам дагаж салбарынхан нь дургүйцэж байна.

Анх АМХЭГ-ын Кадастрын албаны даргаар байгуулагдсанаас нь хойш ажиллаж, газрынхаа орлогч болтлоо дэвшсэн. Энэ намтрыг уншсан хэн бүхэн арвин туршлагатай гэж харахаар. Гэвч мань хүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их. Тэр бүү хэл, Лу.Болд АМГТХЭГ-ын даргаар томилогдон очиж, түүнийг албан тушаалаа өгөхөд салбарынхан нь баярлаж байсан гэдэг.

Мань эр дээрх албан тушаалыг хашиж байхдаа лицензийн наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж, хөлжсөн нэгэн гэлцэх нь бий. Ямартаа “Кадастр”-ын гэх тодотголтой болтлоо гаршсан байхав. Үнэндээ мань эр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байхдаа төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож захиралтай “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг. Улмаар нөхөр “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон гэлцдэг.

Мөн Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг нэрлэж болно.

Мэдээж олонд танигдатлаа лицензтэй зууралдсан түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.

Тодруулбал, АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогджээ. Улсын төсвийн 400-680 сая төгрөгөөр хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгосон нь тэр.

Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын 5-нд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгсөн байна. Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг. Ийнхүү түүнтэй холбоотой хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл АМГТХЭГ-т орлогч дарга болтлоо дэвшсэн.

Л.Болдоос тушаалаа авч ажилгүй хоцорсон тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажиллаж, Хэнтийг ёстой нэг доргиосон. Үүнийхээ хариуд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн байгаа юм. Улмаар Д.Сугарын оронд том даргын албан тушаалд хүртэл яригдаж байлаа.

Ер нь Х.Хэрлэн “Монгол шуудан” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэхчлэн гуншин ихтэй нөхөр. Энэ бүхэн нь МАН-ын том ах нарын нь буян. Тэр дундаа өдгөө өндөр албан тушаалд яваа нөхрийн хэмжээлшгүй их хайр энэрэл гэдгийг намынхан нь андахгүй.

Уг нь эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны “Хууль зөрчсөн, хээл хахууль өгч орсон байж болзошгүй, төрийн ажил хийдэггүй, хийдүүлдэг, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй, төрийн ёс дүрмийг зөрчдөг нөхдүүдийн толгойг илж суухгүй” хэмээн шийдэмгий мэдэгдэж байсан ч бодит байдал эсрэгээрээ байгааг эндээс харж болно.

Таныг МАН-ын генсек байх үед шадар туслахаар чинь ажиллаж байсан Х.Хэрлэн ийнхүү бүхэл бүтэн агентлагийн даргаар томилогдож байгаад та ямар тайлбар өгөх вэ?

Ашиг сонирхол уу, ахын хайр ивээл үү? Таны амласан улс орныхоо амьдралыг өөд нь татах, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, ядарсан эдийн засаг, ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа байдал энэ үү. Надад бол халаасандаа хадгалсан цэргүүдээ ганц тушаалаар генерал болгож байгаа дүр зураг л харагдаж байна….

ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549