Ц.Элбэгдорж : Би яаж баян болсноо тайлбарлая

access_time 2020-04-20
remove_red_eye 967

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд чартер нислэгээр эх орондоо ирснээс хойш Toyoko Inn зочид буудалд тусгаарлагдаад байгаа билээ. Түүний ээлжит тэмдэглэлийг хүргэж байна.

ЯАЖ БАЯЖИВ?

“Яаж баяжив” – гэх энэ асуултыг олон хүн надаас асуудаг юм. Нэр нүүрээ нууж нэг, бас нуулгүй нэг асуудаг. Харин нүүр тулсан үед асуух хүн бараг үгүй. “Яаж баяжив” гэж асуух бол байх ёстой асуулт. Тэр тусмаа улс төрд удсан хүнээс. Ялангуяа албан хаагчаас. Ер нь түмний төлөө зүтгэх зорилго тавьсан, тангараг өргөсөн төрийн албан хаагч бүрээс асуух ёстой асуулт. Иймээс би энэ асуултад чин үнэнээсээ нэг бүрчлэн хариулъя.

Нэг: Яаж баяжив? “Улс төрд хар залуугаасаа явсан. Улс Төрийн Товчоог тусгай хангамжтай гэж та нар дайрсан. Өөрсдөө баяжлаа.” Яаж баяжив? Иргэд сэтгэгдлээ илэрхийлэх зуур ингэж асуух нь байдаг. Одоо бол ийм боломж арвинтай болжээ.

Би юуны өмнө энэ асуултад үнэнийг эрхэмлэн, итгэл үнэмшлийнхээ үүднээс хариулъя. Би Эх орондоо хайртай. Би эрх чөлөөнд дуртай. Бидний Эх орон, эрх чөлөөний дайсан бол авлига, төр түмнээсээ хулгай хийх явдал гэж би боддог. Би авлига, хулгай Монголыг доройтуулна, Монголыг муухай харагдуулна гэж итгэдэг. Иймээс би авлигаас, хулгайгаас ангид байхыг үргэлж эрхэмлэж ирсэн.

Улс төр рүү хүн яах гэж ордог вэ? Улс төрд орж байгаа хүний сэдэл чухал гэж боддог. Улс төр рүү би баяжих гэж ороогүй. Улс төрөөс мөнгө олох гэж, улс төрөөс амьдралынхаа дутууг нөхөх гэж ороогүй. Ард түмнийхээ өнийн хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөөгөө олоход нь хувь нэмэр болох гэж, олон нийтийн тусын тулд би улс төрийн замыг сонгосон юм.

Улс төрд орохоосоо өмнө би өөрийн гэсэн хүмүүжилтэй мэргэжилтэй, ажилтай амьдралтай, тогтсон бодолтой байсан. Түмний төлөө зүтгэх зорилго өвөртлөж, сонгуульт албан тушаалд анх дэвшиж байхдаа хувь хувьсгалаа ялгах зарчмыг хатуу баримталсан. Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн хэмээх эрхэм үүрэг хүлээсэн мөчөөсөө би дээрхи зарчмаа ах дүү, амраг садан, ойр тойрныхоо бүх хүмүүст ойлгуулахаас ажлаа эхэлсэн.

“Ийм замыг сайн дураараа сонголоо. Түмний итгэл хүлээж ийм ажил албатай боллоо. Надаас Та бүхний хэн ч давуу байдал бүү хүлээ. Бүгдээрээ, дор бүрнээ ажил амьдралдаа эзэн болж явцгаая. Ажил албаныхаа шугамаар Та нарын хэнд ч бусдаас илүү харж тусалж чадахгүй”. Энэ үгээ улс төрийн амьдралдаа үргэлж мөрдлөг болгож явсан. Сонгосон замдаа би үнэнч байсан.

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг зарчмыг ажил амьдралдаа би дагаж ирсэн. Энэ бол хулгай хийхгүй ажиллаж амьдрахыг сургасан ардын сургааль. Миний ажил амьдралын зарчим болсон сургааль. Иймээс хулгайгаар, авлигаар баяжих явдал бол миний итгэл үнэмшилд харш, миний явж ирсэн замд харш зүйл.

Баяжих гэдгийг надаас мөнгөний утгаар асууж байгаа бол! Надад бусдаас илүү гарах, газар хотойм их хөрөнгө мөнгө байхгүй. Төр түмний өмнө бүгд ил байж ирсэн. Улс төрөөс баяжих зорилго надад эхнээсээ байгаагүй. Дунд нь төрөөгүй. Сүүлд нь ч надад тийм сэдэл, бодол ороогүй. Надад тийм гаж дуршил, буруу сэтгэл, хүмүүжил заяагаагүй. Байгаадаа сэтгэл өег явах бол зүйрлэшгүй жаргал юм билээ.

Хэрэв улс төрөөс баяжих зорилт тавьсан бол, тийм оролдлого хийсэн бол би аль эрт улс төрөөс хөөгдөх байсан. Надад улс төрд халхавч, хамгаалалт байгаагүй. Борог амьдралтай малчны хотноос би боссон. Хатсан талхны булан амттай цэргийн алба сургуулиар би дамжсан. Хэн нэг даргын цүнх барьж, ар долоож яваагүй. Шальдир бульдар замаар,унаж босож зүтгэсэн. Бартаатай газраар, үнэн дундуур би тэмцсэн. Хэрэв хазгай гишгэсэн бол намайг нүд ирмэхийн дотор төрөөс хөөж, Монголын хууль араас ирэх байсан юм.

Хүнийг мушгиж харлуулах, үзэн ядуулах маш амархан юм билээ. Үүнийг би олон зүйлээс харсан. Тухайлж нэг тохиолдлыг энд дурдая. “Хошгируулах” гэдэг үгийг миний нэртэй хамт хадсаар байгаа. Тэр жил талбай дээр барьсан гэрүүдийг эвдэж хэмхэлж, тэмцэж байсан иргэдийг баривчилсан явдал болсон. Намаас эсэргүүцэж цуглаан хийх, түүнийг нээх үүргийг би хүлээсэн үе.

Индэрт гараад “Сайн байцгаана уу, Монголчууд аа” гээд хашгируулна гэж цуглааны зохион байгуулалт ярьж байхдаа би хэлсэн. Хашгируулна гэдгийг хошгируулно гэж Элбэгдорж хэллээ гээд тэр оройноос сэвсэн. Миний тархинд хошгируулна гэж хэлэх ямар ч бодол байгаагүй. Яаж тайлбарлаад нэмэргүй болсон. Энэ хоёр үгийг ээлжилж хэлээд үз. Өө харсан хүнд дороо мушгиулна. Олны дунд яваа хүн үгээ бодох, болж өгвөл заримыг нь үсэг дараалан бодох хэрэгтэй юм билээ. Ийм сургамжтай үлдсэн.

Харин надаас коммунизм сүйрсэн ялыг нөхөж асуух гэж байгаа бол өөр хэрэг. Тэр харь систем хэзээ ч Монголынх байгаагүй. Явж явж монголчууд өөрсдийн Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бусдаас өмөөрсөн л юм билээ. Иймээс тэдгээр үе үеийн хэлмэгдэгчид жинхэнэ эх орончид байсан. Тэдний тухай үнэнийг тодруулах, өмнөөс нь уучлал гуйх, хөшөө музей, хууль нөхөн олговор, түүх дурсгалыг нь хүндэтгэх үл мартах өдөр гээд олон зүйлийг санаачилж оролцсон. Олон мянган Монголоо хэлмэгдүүлэх биш, Цагаатгах ажлыг ардчилал сонгуульд ялсан өдрөөс эхэлж удирдах хувь тохиосонд одоо ч талархдаг.

Нэг: Яаж баяжив? “Бидэнтэй адил ядуу байсан. Чамайг газар даахгүй баян болсон гэж сонсдох юм. Ардчилал гэж хашгирсан эсвэл төрийн алба хашсан хүн бүр ийм баян болдог юм уу?” Чи яаж баяжив?

Асуулт хэцүү, хатуу байх тусам хариулахад амттай байдаг. Бид эзэн хичээвэл заяа хичээх замыг 1990 онд сонгосон. Хулгай хийхгүй, хууль зөрчихгүй хүн шиг амьдарч болдог замыг сонгосон. Тэр сонголтыг тухайн үед ухамсартай хийсэн олон Монгол хүний нэг бол би өөрөө. Би хулгайн зам сонгоогүй. Учир нь хулгайгаар сайхан амьдралыг цогцлоох боломжгүй. Хулгайгаар улс орноо хөгжүүлэх гэж үгүй. Хулгайгаар тогтдог шударга ёс ч гэж үгүй юм.

Бид социализмаас таарсан амьдралтай, тайрсан эрхтэй орж ирсэн нь үнэн. Бидний хэн ч дэлбэрсэн баян байгаагүй. Хэн нь ч хэмжээнээс илүү гарсан өмч хөрөнгөтэй байгаагүй. Бидний сонголт, ажилч хөдөлмөрч байдал бидний баян ядуу явах эсэхийг шийддэг. Жинхэнэ баян бол бусдыг баян болохыг тэвчиж чаддаг, бусдын бүтээлч ажилсаг чанарт, сайн яваад, илүү байгаад үл атаархах сэтгэл юм. Энэ бол сайн хүний, жинхэнэ баян хүний бодит шинж юм.

Монгол хүн бүрийг би баян гэж боддог. Монгол хүн бүрт Монголын сайхан Эх орон бий. Монгол түмний сонгож, бүтээж, эдэлж байгаа эрх чөлөө бий. Эх орон, эрх чөлөө хоёртойгоо байхад Монгол хүн бүр баян. Энэ бол миний чин сэтгэлийн үнэн. Дээрээс нь хүн бүр л өөрийн гэсэн амьдралтай. Бид ажил амьдралдаа эзэн болох гэж шинэ сонголт хийсэн. Энэ бол өөрийн гэсэн бүхэндээ, тэр дундаа өмч хөрөнгөндөө, орлого зарлагадаа, хийж байгаа ажилдаа бас хувь заяандаа эзэн болно гэсэн үг.

Эрх чөлөөг би өөрийнхөөрөө амьдрах ухаан гэж ойлгодог. Төрд ажиллахаасаа өмнө эрх чөлөөтэй амьдрах замыг би сонгосон. Хулгай хийхгүй төр түмний төлөө зүтгэх боломж байдагт итгэдэг. “Хулгай хийхгүй амьдрах боломж ардчилалд байна. Би ардчилалд хайртай. Өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. Ардчилал надад өчнөөн сайхан боломж олгосон” гэж ярих хүнтэй би цөөнгүй таарч байлаа. Ийм байдлаар ажиллаж амьдарч чадаж байгаа хүн бүрт тийм бодол төрдөг. Тиймээс тэд ардчилалд хайртай, төр түмний төлөө шударга зүтгэж яваа хүмүүст итгэдэг байх.

Улс төрийн амьдралаа би хариуцлагагүй байдал, хулгайтай тэмцэхээс эхэлсэн. Миний ажил амьдрал олон түмний нүдэнд ил явж ирсэн. Монгол улсын Ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хулгайтай, авлигатай тэмцсэнийхээ төлөөс болгож алдаж байсан. Хуулийг сахиулж болно, хулгайг зогсоож болно, шударга ёсыг тогтоож болно гэж би итгэж явсан. Төрийн хулгайтай тэмцэж чадвал, улсын төсөв ашигтай гардагийг 2005 онд би Ерөнхий сайд байхдаа нотолж харуулж чадсан. Энэ бол Монголын гүйцэтгэх засаглалын түүхэнд анх удаа тохиосон үзэгдэл.

Монголын түүхт Төрийн Тэргүүний албыг би залбирч хашсан. Миний буурал ээж намайг хоёр ч удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд харж суусан. “Миний хүү олондоо залбирч яв, ажлаа сайн хий” гэж л надад захисан. Ээжийнхээ захиасыг би төр түмнийхээ төлөө болохоосоо аваад болохгүйгээ хүртэл зүтгэ гэсэн үг гэж ойлгосон.

Эрх чөлөөг эрхэмлэж, улсынхаа төлөө зүтгэнэ, хулгайтай тэмцэнэ гэж би ард түмэндээ амласан. Амласнаа хийх гэж мэрийсэн, хулгайтай тэмцсэн. Засаг, Төрийн Тэргүүний алба хашиж явахдаа би “төрийн хулгай, хулгайчтай тэмцсэн”-ээсээ болж бусадтай ам ажил зөрдөг байсан. Ажил үйлсээ алдаж явсан. Авлигачдын хараал гүтгэлгэд булуулж ирсэн. Одоо цагт хулгай хийсэн нь биш түүнтэй тэмцсэн нь, юм бүтээж хийх гэсэн нь яллах тогтоолтой шүүхийн үүд сахидаг болж.

Авлига хулгайтай тэмцэх бол миний хувьд сонгуулийн амлалт төдий зүйл байгаагүй юм. Авлигатай тэмцэх бол миний хувьд Монгол байх эсэхтэй тэнцэх тэмцэл, тулаан байж ирсэн. Авлигатай тэмцэх бол миний хувьд зөвхөн улс төрийн зорилго байгаагүй. Тэр бол зүгээр л миний амьдрал. Энэ бол миний араншин. Ээж ааваас өвлөсөн, хүн болохоос миний цусанд шингэсэн үзэл. Би хулгай хийж яваагүй, хулгайг зогсоох гэж явсан. Үүнээс болж над руу хулгайчид, тэдний гар хөл бологчид дайрдаг, гүтгэдэг, буруутгадаг юм.

Нэг: Яаж баяжив? Чи ямар их баян хүн бэ? Их гээд хэдэн малтай л баймаар юм. Зургийн том цуглуулгатай гэсэн. Бизнес хийж үзээгүй байж. Яаж баяжив?

Би их мөнгөнд умбаж өссөн хүн биш. Дээрээ 7 ахтай, аав ээжийнхээ 8 дахь, отгон хүү нь. Хот дүүрэн малтай ч, нэг хонь гаргахын тулд нэгдлийн даргаасаа зөвшөөрөл гуйдаг байсан үеийн хүүхэд. Байгаагаа хувааж, ээлжилж хэрэглэж, биесээ нөмөрлөж унтаж өссөн, тэгж хүн болсон хүн. Би олонтой амьдрах дуртай. Би олон ах дүү, найз нөхөдтэй. Намайг хайрладаг хүмүүстэй. Сайхан хань ижилтэй. Ерөөлөөр бужигнасан олон үр хүүхэд, ач зээ, нялхтай. Энэ талаараа бол би их баян хүн

Улс төрчийг би хонинд явж байгаа хүнээр заримдаа төсөөлдөг. Улс төрийн албанд зүтгэнэ гэдэг бол хонины ээлжтэй хүнтэй адил. Хонь хариулж яваа хүн хонь, малаа бэлчээрт нь барьж идээд байдаггүй. Хариулж яваа хониноосоо хулгайлах ойлголт бүр ч байхгүй. Хонинд яваа хүндээ гэрийнхэн нь хоол тавьдаг. Энэ бол Монгол ёс. Би ийм л ахуй дунд, ийм л хүмүүжилтэй өссөн хүн. Орчин цагт, зарим цуламынхаар бол “Хониноосоо тэр идэж яваа” гэж боддог болсон юм шиг байна. Малч удамтай Монгол хүний толгойд ийм ёрын бодол хэзээ ч орохгүй.

Хөдөөний хүүхэд багаасаа биеэ авч явах дадалтай болдог. Хананаас уясан уяанаасаа алдуурч босоод, галтай зуух тойрч гарах ухаанд өөрөө сурдаг. Мал хариулж, моринд мордоод бие даадаг. Сургуульд орж, дотуур байранд байрлаад өөрийгөө аваад явдаг. Олны оройд ч биш, адагт ч биш амьдралаа болгоод, биеэ аваад явах ухаан бол миний багаасаа өвлөсөн эрдэм.

Харин багаасаа би юм цуглуулдаг хүүхэд байсан. Нутгийн хөх, алаг, шилэн чулууд миний өмч, гэр орон, хөрөнгө байсан. Би чулуугаар бүхнийг орлуулж, чулуугаар тоглож өссөн. Тэр чулууд миний уран бүтээл, миний соёл байсан юм. Манай нутагт чулуу шиг их юм үгүй. Урлаг шиг, зураг шиг, бүтээл шиг чулууд ихтэй. Иймээс ихэд шунах сувдаг сэтгэл надад заяагаагүй. Ээж аав минь намайг ихэд шунахгүй байхад багаас сургасан.

Баян хүн бүр цуглуулгатай байдаг юм биш. Цуглуулах гэсэн юмаа хүн цуглуулдаг. Цуглуулагч заавал их мөнгөтэй байх албагүй. Сэтгэлтэй, үнэлэмжтэй, нүдтэй байхад л болдог. Бусдын хараанд хэрэггүй мэт үзэгддэг зарим зүйл надад цуглуулга, хөрөнгө болж үлдэх үе бий. Монгол хүний чөлөөт сонголтын ачаар сонирхсоноо цуглуулах, олох боломж хүн бүрт нээгдсэн.

Байгалийн сайхан, урлаг, уран зурганд би дуртай. Зургийн, урлагийн бүтээлийн цуглуулгатай. Би бизнес огт хийж үзээгүй хүн биш. Бас төрийн сандалд үргэлж хадаатай суусан ч хүн биш. Надад чөлөөтэй цаг хугацаа, боломж байсан. Орос зураг Хятадад чихэр шиг зарагддаг үе байлаа. Хүн бүр л зах зээлийн боломжийг янз бүрээр ашигладаг. Харин би Монгол хүний бүтээлийг гадагш зарж худалдаж яваагүй. Монгол хүний сайн бүтээл Монголдоо байх ёстой гэж би үздэг.

Надад зарим хүний харддаг шиг хулгайлж цуглуулсан юм байхгүй. Хулгай, цуглуулга хоёр бол харш зүйл. Монголдоо үлдээх гэж би цуглуулдаг. Бас баяжих гэж, мөнгөжих гэж эсвэл баяжсан, мөнгөжсөнөө нуух, хаах гэж цуглуулгаар оролдсон юм биш. Энэ бол миний бага залуугаасаа сонирхсон хобби. Хөрөнгө орлогодоо сар, жилтэй нь бүртгүүлээд, шалгах үзэх, сонирхох харах гэсэн бүхний өмнө нээлттэй явсаар өдийг хүрсэн. Олон жилийн өмнө, цуглуулгандаа зураг нь байдаг зураач бүрээс нэг зураг сонгож “100 зураач, 100 зураг” нэртэй үзэсгэлэн хүртэл гаргаж явлаа. Зарим түүнийг үзэж сонирхсон хүн “Чи их баян юм” гэж хүртэл хэлж байсан.

Би улс төр сонирхохоосоо өмнө зураг сонирхдог, цуглуулдаг байсан. Юмыг үнэлдэг, сонирхдог хүн л цуглуулж чаддаг. Цуглуулга бол бусдын боддогоос эсвэл баяжихаас илүү өргөн, үнэт ойлголт. Цуглуулгаа би Монголдоо үлдээнэ. Монголдоо сайхан галлерей байгуулна гэж мөрөөдөж явдаг хүн. Ихэнх сайхан музей, галлерей хувийн цуглуулга дээр боссон байдаг.

Нэг: Яаж баяжив? “Улсын өнгөтэй, өөдтэй бүхнийг чамайг идэж уусан гэх юм. Монголын баялгийг буцааж өг”. Яаж чи баяжив аа?

Намайг ингэж хэлдэг хүн, эсвэл над руу ийм дайралт зохион байгуулдаг зарим хүн өөртэйгээ намайг андуурах явдал хэвшил болоод удаж байна. Би нэрт зохиолч Д.Урианхай гуайн хэлснээр олон удаа “үхсэн” хүн. Авлигач хойморт суугаад шударга ёсны туйл хайлахад би үхдэг. Хулгайч хүн төрийн толгойд гарчхаад өөрийн хуулиа тогтооход төрийн хууль үхдэг. Төрийн тамгын хүчээр өөрийн шударгыг хэрэгжүүлэхэд, нийтийн ёс журам үхдэг.

– Чи өөрөө адгийн шаар байж гэж хэн нэг нь хашхирах энүүхэнд. Би туйлын нэг дутагдалтай хүн. Хүн намайг гүтгэлээ, дайрлаа, миний тухай худал мэдээ тараалаа гэж би хэнтэй ч заргалдаж яваагүй. Хэнийг ч би ийм үйлдэл хийлээ гэж шүүх, цагдаад өргөдөл өгч үзээгүй. Хэнээс ч би сэтгэл санаа, нэр төрийн хохирол гэж мөнгө нэхэмжилж байгаагүй. Өөрөө л үхэж, ирсэн сум бүрийг сөрж, үс цайж, зүрхээ шархлуулж яваа. Би ийм дутагдалтай. Иймээс над руу хүмүүс сэтгэл амар дайрдаг юм.

Би улс төрийг бусдад туслахын нэр гэж боддог. Хүнд өмч хөрөнгөндөө эзэн байх боломж олгоно гэдэг бол тэр хүнд тус болж байна л гэсэн үг. Тухайлбал би малчин хүнийг малдаа эзэн байх эрхтэй гэж үздэг. Тиймээс эзэнд нь малыг нь хувьчлуулахын төлөө хамтран зүтгэгчидтэйгээ тэмцсэн, зүтгэсэн. Зорилгодоо хүрсэн. Бид төрд бодлого тодорхойлох боломжтой болсон өдрөөсөө иргэддээ орон байрыг нь хувьчлах санал гаргаад хэрэгжүүлж чадсан. Газрыг удаан хугацаагаар иргэндээ өгөх “100” гэсэн дугаартай тогтоолд би Засгийн Тэргүүн байхдаа 2004 оны намар гарын үсгээ зурж явлаа.

Хүнд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэхийн төлөө явах бол буянтай ажил гэж би боддог. Явах очих газраа чөлөөтэй сонгодог, санаж бодсоноо айлгүй илэрхийлдэг, шүтэх бишрэхээ өөрийнхөөрөө шийддэгийг хүнд байх ёстой эрх гэж боддог. Хүн л юм бол хүний эрхийг хүн бүр бүрэн эдлэх ёстой гэж үздэг. Хүн баяжиж болно. Гэхдээ төрд хашдаг албан ажлаараа далимдуулан түмний хөрөнгө, боломж булааж хулгайлж баяжиж болохгүй. Энэ бол төрд орж байгаа хүн бүрийн эхэлж цээжлэх ёстой “А” үсэг.

Хүнээс хөрөнгийг нь булаах, хүний эрхийг боомилох, нийтийн хөрөнгөд гар дүрэх тийм бодол надад төрж байгаагүй. Энд тэндэхийн сан хөмрөг рүү эрх дархаа ашиглаж дайрч яваагүй. “Би авбал хэн авахгүй байх юм” гэж, “Улсын мөнгө, санхүү хэцүү байна” гэж өөрийгөө татаж, алба амь хоёроо ялгаж харилцаад л явдаг байсан. Миний энэ байдлаас зарим хүн үлгэр авахыг хичээдэг. Бусад хүн надаас урам авахыг хараад би өөрийгөө баян хүн гэж боддог.

Надад Монголын баялгийг өмөөрч явсан цаг байснаас биш, Монголын баялаг руу гар дүрж явсан удаа байгаагүй. Би амьдралдаа ашигт малтмалын лиценз гэж юм гартаа барьж үзээгүй. Би эрх дархаар далимдуулж тийм давуу байдал олох гэж явсан удаагүй. Харин Монголын газар нутгийн талаас илүү хувь нь ашигт малтмалын лиценз нэрээр гараас гарт зарагддаг байсныг зогсоох гэж л явсан. Ийм байдал нийт газар нутгийн 53 хувь байсныг 7 хувь болтол нь буулгаж, шинэ хууль дүрмээр зохицуулагддаг болтол хатуу байр суурь баримталж байсан удаатай.

Надад хувь эзэмшдэг, ашиг орлогоос нь хуваалцдаг Монголын ямар ч уул уурхай байхгүй. Зөөдөг нь ч байхгүй, ухдаг нь ч байхгүй, угаадаг нь ч байхгүй. Баян мөнгөтэй хүнтэй намайг холбож элдвээр дайрдаг. Харин хөрөнгө, мөнгөтэй нэгнээс хувьдаа төрийн албаар дамжуулж ашиг орлого хүртэж явсан тохиолдол надад байхгүй. Би хөдөлмөрч, сайн найз нөхөдтэй. Гэхдээ би мөнгөнд болж найзаа сонгодоггүй. Найз бол мөнгөнөөс биш нөхөрлөлөөс төрдөг.

Түмний итгэлээр төрийн эрхийг авах бол буцааж өгөхийн нэр гэж би боддог. Төрийн эрх гэдгийг хоёрхон үсэгтэй богино үг бүрэн тодорхойлдог. Өөрийн чинь бүрэн эрх гэх ойлголт хэчнээн олон заалт, өгүүлбэрээр илэрхийлэгдэх боловч “өг” гэх өчүүхэн богино, Монгол үгэнд багтдаг юм.

Эрх мэдлийг би зээл авсантай адилтгаж боддог. Ард түмнээсээ авсан бол буцааж төл. Авсантайгаа тэнцэхийг буцааж өг. Бас тийм хэмжээгээр хяналттай, нээлттэй бай. Тиймээс би “Иргэний Танхим” санаачилга өрнүүлж, Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хууль санаачилж, Нийтийн сонсгол, Шилэн дансны хууль батлуулж, иргэний оролцоо эрхийг дэмжиж явсан юм. Миний төрд өнгөрүүлсэн бүх амьдрал бусдын эрх, эрх чөлөөт байдлын төлөө бусдад өгөхийн төлөө зорилго, зүтгэлд чиглэгдсэн.

Улс төр намайг өөрчлөөгүй. Миний унаган хүмүүжил, зан, эрдмийг өөрчлөөгүй. Харин би улс төрийг өөрчлөх гэж зүтгэсэн. Би аль нэг хаалганы түлхүүр эзэмших гэж биш, харин тэр хаалгыг бусдад нээлттэй байлгахын төлөө зүтгэдэг байсан. Монголын шүүх хэмээх “хатуу хаалга” хүртэл нээлттэй, олны хяналттай, харьцангуй бие даасан, нэр төртэй болж болдгийг зон олон харсан. Би бусдын боломжийг булаах гэж биш, тэр боломжийг нээх гэж зүтгэдэг байсан.

Нэг: Яаж баяжив? “Д.Дорлигжав, Б.Хурц хоёроор дамжуулж баахан хүний бизнес булааж, бас хувааж авдаг байсан юм биш үү? Гадаад хүнээс мөнгө авсан гэж шуугиан гарсан.” Яаж баяжив?

Эвдэрсэн зарим авдар, эвдрэх гэж байгаа зарим хүн л ингэж боддог байх. Хүн эвдэрснийхээ хирээр бусдыг хардаг гээ биз. Хэрэв тийм байсан бол ийм юмыг нотлох, олох, яллах хугацаа хангалттай өнгөрлөө. “Би ийм бизнес булааж авлаа. Энэ таны хувь” гэж нэр нь дурьдагдсан хоёр хүний хэн нь ч надад нэг төгрөг барьж ирж байгаагүй. Тийм боломж ч байхгүй. Надтай ойр ажилладаг байсан хүмүүс миний ажлын арга барил, зарчмыг сайн мэднэ. Намайг олон хүн сургаар мэднэ. Харин намайг хэн болохыг Дорлиг, Хурц хоёр андахгүй мэднэ.

Улс төр бол ганцаар хийдэг ажил биш. Хүний нүдэн дээр, хүний хажууд, хүний оролцоотой хийдэг ажил. Улс төрд хүн оронгуутаа өөр хүн болж хувирдаггүй. Ихэнхдээ хийж байсан ажлаа, зуршлаа үргэлжлүүлж харагддаг. Бизнес наймаа хийдэг байсан нэгэн бизнес наймаанаасаа бараг салахгүй. Хулгай хийдэг байсан хүн хулгайгаа л үргэлжлүүлдэг. Хуулийнханд хөөгдөж явсан хүн бол эргээд хуулийнхныг хөөдөг. Хууль, хариуцлага шаарддаг байсан хүн түүнийгээ л бусдаас шаардах гэдэг. Харин популист бол наймаалж адил хувирдаг юм.

Улс төр бол удирдагчийнхаа зам мөрийг дагадаг л ажил. Аливаа байгууллага, аж ахуйн ажил ч адил менежэр нь хэн байхаас их хамаардагтай ижил. Улс төрийн ажил алба ямар ч үед хашиж байсан би эргэн тойрондоо хулгай өөгшүүлж байгаагүй. Харин “Хулгай хийж нүдний булай боловоо. Хариуцлагаа өөрөө хүлээнэ шүү” гэж л хэлдэг, шаарддаг байсан.

Би өөрийн хүмүүжилтэй зарчимтай, бас араншин үнэлэмжтэй, тийм хүнтэй ажиллах дуртай. Ажилдаа ч, амьдралдаа ч эзэн болж чаддаг хүнд итгэдэг. Хүнд итгэсэн бол ажиллах боломжийг нь олгох гэж л хичээдэг байсан. Харж ажиглаж байхад Монгол улсад хулгайтай тэмцэж явсан хүн л муу хэлүүлэх нь элбэг байх юм. Муу хэлэх тэр ажлыг зартай хулгайчид улам гаргуу, улам улайран улайран хийх юм.

Улаан цагаан хулгай хийж, гөлөлзөж явсан этгээд л эргээд галзуу нохой адил ноцон урдаг. Хулгайн мөнгөөрөө бусдыг хөлсөлдөг. Халдашгүй эрх хайж, ордон хавиар онгорхой суудал зайдагнадаг. Самбар шохой нийлүүлж муур багш царайлдаг. Сүүрс алдуулам дүрүүдэд хувирдаг. Олны нүд тэднийг даган чийгтэж, хэн хүнгүй дэвэрсэн хуйнд нь автдаг. Хулгай худалтай тэмцсэн нь ад, хулгай худлын замаар явсан нь од болдог. Иймээс л манай Монголд хулгай, хулгайч хоёр л газар авсаар, даварсаар байна.

Гадаад этгээдээс авсан мөнгө гэх яриа бол үе үе давтагддаг цэвэр гүтгэлэг. Өмнө бичсэний нэг адил зүйл. Намайг гутаахын тулд хэрэглэдэг аргуудыг олон түмэн мэднэ. Шууд гүтгэдэг. Өөрийн болон өрөөлийн будлианыг над руу чихдэг. Энд тэндэхийн олз хайгчдыг хөлсөлж зохиол яриулдаг. Хуулийн байгуулага шалгаад үндэслэлгүй байна, тогтоогдох зүйл алга гээд хаасан асуудал ч цөөнгүй гарсан. Манай хуулийнхан бол ихэнх нь шалгах юмаа голтой шалгадаг, ажилдаа хууль мэргэшлийн дагуу хандах зарчмыг барьдаг гэж би одоо ч боддог.

Ардчилал бол бусдаар үргэлж сайн хэлүүлэхийн нэр биш. Харин бусдын муу хэлэх, шүүмжлэх эрхийг хамгаалахыг шаарддаг тогтолцоо. Би хүн бүрийн хэлж ярьж байгаад, эсвэл тэдний сонссон, ярьж хэлэлцдэг худал хуурмаг бүхэнд хариу барих зорилго хэзээ ч тавьж байгаагүй. Тавих ч үгүй. Харин “улс төрч” явсан хүнээс “Яаж баяжив, чи?” гэж асуух иргэнийхээ эрхэм эрхэд асар хүндэтгэлтэй хандаж байхыг л сануулах гэсэн юм.

Ингэж асууж чаддагтаа Монгол хүн хүчтэй байгаа юм. Монгол улс эрх чөлөөтэй байгаа юм. Ингэж асууж байгаа иргэнийхээ ачаар Монгол улс зөв замаар замнах, буруудсан ч гэсэн буруугаа засах боломжтой байгаа юм.

Хууль, шударга ёсыг би эрхэмлэдэг хүн. – Гишгэсэн газраа эргэж харах цаг ирлээ гэж нутгийн хөгшчүүл хэлэлцэхийг сонсож өссөн. Хууль, шударга ёс гэж байдгийг тэдний үг үргэлж сануулж байдаг. Тэр бүү хэл “гишгэх газраа сайн харах цаг ирж байна” гэж би хэлж байсан. Энэ бол хулгай, худлаас хол амьдрахыг бусдад уриалсан, сэрэмжлүүлсэн миний уриа юм.

Нэг: Яаж баяжив? “Гадаадын казинод тоглож явдаг сурагтай. Хэний мөнгөөр тоглодог юм бэ? Мөрийтэй тоглож, зарим нь чамд санаатай хожигдож, чи мөнгөждөг байсан юм биш үү?” Яаж баяжив?

Шууд хариулах гээд оролдъё. Тоглоом наргианд би дуртай. Гэхдээ мөрийтэй тоглоомд донтсон хүн биш. Наадам, наргиаг амьдралд байх ёстой зүйл гэж боддог. Харин тоглоомноос болж би ажил, амьдралаа зольж, үрж яваагүй. Төрийн мөнгөөр, эсвэл бусдын мөнгөөр тоглодоггүй, тоглож байгаагүй. Тэр тусмаа би тоглоомоос мөнгө олно, баяжина гэж боддоггүй.

Тоглож наадах үед албан тушаалын давуу байдлаа ашиглах шаардлага надад гарч байгаагүй. Би сэтгүүлчидтэй баг болоод тоглодог байсан. Цэрэгтэй ч, даргатай ч баг болоод тоглодог. Би эмэгтэйчүүд, ахмадуудтай нэг баг болж тоглох дуртай. Гэхдээ бусдаас мөнгө хожих гэж биш багаараа хожиж, хожигдож, хөгжилдөх гэж тоглодог. Тоглоомын ард дарга цэргийн ялгаа арилдаг. Тоглож наадаж байхад дарга цэрэг ижилхэн л дүрэмтэй, ижил тэнцүү байдаг. “Тоглож байхад л хүний мөн чанар илэрдэг” гэсэн үг ч бий.

Надад тоглоомд хожигдож, түүнээсээ ашиг олох гэж, мөнгөө над руу түлхэж явсан хүн би хараагүй. Тийм хүн үнэхээр мэдэхгүй. Хэрэв тэгдэг байсан бол тэр хүний ажил бүтэх биш, харин би тэр хүнээс өөрөө холдох байсан. Төрийн ажлын хажуугаар амралт чөлөөт цаг хааяа гарахад тоглодог байсан минь буруу бол одоо ч би уучлалт гуйхад бэлэн. Ховорхон уулздаг, сайхан найзууд надад бий. Тэд бүгд ажилтай, амьдралтай хүмүүс. Хэн нэг нь өөдөөс мөнгө сарвайж, хүнээс царай алдаж байсныг би хараагүй.

Би хөзөр тоглох дуртай. Одоо бол хөзрөө тоглоно уу, хөлөө холгоно уу хэн ч намайг тоохоо байжээ. Миний покерын зааланд сууж байгаа нэг бичлэгийг тодорхой хүмүүс зохион байгуулалттай үлээдэг юм. Хорин долларын тус бүр нь нэг долларын хясаа тавиад сууж байгаа. Нэг тэмцээний танхимаар ороод гарсан. Уралдаан, тэмцээн хүртэл зохиогддог л төрөл. Шийдвэр гаргах, эсрэг талаа үнэлэх, нүүдлийн цаадах наадахыг харах гээд. Өөрийн онол ном, судалгаа, сурах бичигтэй. “Сайн санаат” нэг хүн бичлэг хийгээд цацсан түгээсэн юм билээ. Гэхдээ би төрд ажил хийж байхдаа төсвийн мөнгөөр, төрийн мөнгөөр олны газар тоглож байгаагүй. Бусдын мөнгөөр тоглодоггүй. Авахад шунадаггүй, алдвал зогсдог. Хазааргүй дон надад байхгүй. Тоглоом, наргианд ч би тодорхой хэм хэмжээ, зарчим дүрэм барьж чаддаг.

Намайг баахан юм хулгайлсан, идсэн уусан, түүгээрээ тоглож наргиж явдаг гэж дайрдаг. Хэрэв тиймсэн бол нүгэл, хариуцлагаа бусдаар шаардуулахгүй, хэлүүлэхгүй үүрч чадна. Үүрэх ёстой гэж боддог. Тийм зүйл надаас гардаггүй нь зарим хүнд гачлантай, хэцүү байдаг байх. Би ямар хийгээгүй хулгайг хийх гэж, аваагүй юмаа авах гэж явалтай биш. Лав л намайг хулгайч болгох гээд хэн ч хулгай хийлгэж чадахгүй. Санасны гарз. Тэр тусмаа төсвөөс, төрөөс, түмний хөрөнгөөс.

Харин зарим хүн миний амьдарч ирсэн замналыг гуйвуулж “Яаж амьд явнаа, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь яанаа” гэх хүртэл тэдэнд сүрхий их санаа зовсон харагддаг. Би хариу хэлэхгүй дуугүй, удаан явлаа. Харин энэ удаа, энд хэлчихье. Надад бүү санаа зов. Миний ойр дотны хүмүүст бүү санаа зов. Тэд намайг яаж ажиллаж, амьдардгийг Та нарын хэнээс ч илүү мэднэ. Тэд миний ажил амьдралын зарчим, хүмүүжил эрдмээр бахархдаг юм. Дахин хэлье. Миний ойрын хүмүүсийн өмнөөс бүү санаа зов. Тэд намайг хамгийн сайн мэднэ.

Би ёс зүйг нийтлэг шинжтэй гэж итгэдэг. Аль ч оронд Төрийн Тэргүүн байх бол ёс зүй өндөртэй байхыг шаардах ажил. Би Монголын түүхт төрийг тэргүүлж байхдаа ёс зүй, сайн нэрийг хичээж ирсэн. Надад итгэдэг хүмүүсийн итгэлийн түвшинд, ажиллаж амьдрахыг оролдсон. Би алдаа хийсэн бол “уучлалт” гуйж чадна. Би нүгэл, буяныг ялгадаг. Өөрийнхөө өмнөөс, төрийнхөө өмнөөс “уучлалт” гуйж явсан удаа надад бий. Би алдаа хийдэггүй хүн биш. Харин алдаанаасаа сурахыг хичээдэг хүн. Би хэл амнаас ангид хүн биш. Харин хэл амыг хэзээ ч хорьж цагдах үйлдэл хийдэггүй л хүн.

Нэг: Яаж баяжив? “Таван Толгойг чамайг идсэн. Дорнодын талыг авсан. Эрдэнэтийн 49 хувийг завшсан. АСЕМ-аас мөнгө идсэн. Ачит Ихтийн нууц ноён гэнэ. Яасан ханаж цаддаггүй юм бэ?” Яаж баяжив чи?

Олон ч асуулаа. Олон ч дайрлаа. Одоо товчхон болов хариулах цаг болсон. Эх орноо миний юм гэж харсан хүн бүр баян байдаг гэж би боддог. Монголоо минийх гээд бодчхоор, тийм итгэл үнэмшилтэй болчихоор өөрийнхөө юмнаас хулгайлах сэдэл, сэтгэл үүсдэггүй, бий болдоггүй юм. Миний гэр орон, хамаатан садан байгаа газар. Тэдний юм. Миний үр хүүхэд амьдрах орон гэр, орчин. Би тэднээс яаж хулгай хийж зүрхлэх билээ.

Би сэтгэлийн байгальдаа захирагдаж амьдардаг хүн. Нөгөөтээгүүр би Эх орондоо тангараг өргөсөн мөнхийн цэрэг. Цэргийн хүн тангаргаасаа няцах, тангаргаа зөрчихийг цээрлэдэг. Нэр төрөө эрхэмлэдэг, тиймээс надад Эх орноосоо хулгай хийх, өнгөтэй өөдтэй бүхнийг нь өвөрлөж, халааслах бодол төрдөггүй юм. Төрөөгүй бодлоос үйлдэл гарахгүй. Үйлдээгүй үйлдлээс үр дагавар, буруу ирэхгүй.

Надад Таван Толгойгоос авсан хүрз нүүрс байхгүй. Харин Монгол улс энэ баялгаа ашиглаад босоод гүйх боломж байсан. Энэ түүхэн, ховор боломжоо бусдын идэш болгосон. Надад Дорнодын тал, Алтайн уулс, Говийн хээл, Хангайн сарьдгаас хувьдаа авсан алхам, сөөм газар ч байхгүй. Эрдэнэтийн 49 хувиас миний хувьд наалдсан зэсийн ширхэг ч үгүй.

Муу санасан, Монголыг хохироосон зүйл тэнд байхгүй гэдэгт би итгэдэг. Би Монгол хүний ихэд тэмүүлсэн, их байх эр зоригийг үнэлдэг. Бусдын гарт орсон атга шороог ч болов эх нутагтаа аваад ирэхийг би дэмждэг. Хариас авч ирсэн эрсдэлийг шоронгоор үнэлдэг, төр булаасан тэнэглэлийг суудлаар шагнадаг. Хувийн өмч муухай, даргын өмч гоё гэдэг мунхаг цагт төгсгөл ирнэ. Уг нь асуудлыг өөрөөр харсан, өөрөөр шийдэх төрийн бодлого байдгийг хэн ч ярьдаггүй юм. Нэг Монгол нөгөөдөө буруу санахад, хоёр Монгол хоорондоо хэрэлдэхэд Монгол улсын л ажил амьдрал хохирдог.

Ардчилал бол хулгай худлаар дүүрсэн эд биш. Харин өөрийгөө эмчлэх ид шидээ өөртөө агуулж явдаг тогтолцоо. Ардчилал бол нэгнээ дарж дуусахын нэр биш хамт амьдарч сурах сургууль юм. Ардчилалд эдийн засгийн агуулга байхгүй. Харин шударга ёсонд эдийн засгийн болон нийгмийн агуулга бий. 300 доллартай тэнцэж байсан хагас сая төгрөг одоо 180 доллар болтлоо үнэгүйдсэн бол эдийн засгийн харилцаанд асуудал гарсан гэсэн үг. Нийгмийн талаасаа ч шударга бус.

АСЕМ-аас идэж уух ямар ч боломж үгүй. Нэрийн хор. Хоёр тивийн удирдагчид цуглуулчихаад, хоолноос нь өөрөө илүүчлэх гэж би явах уу! Хийж чадсандаа. Монголынхоо нэр нүүрийг дэлхийд гаргасандаа сэтгэл ханаж явлаа. “Монгол чадаж байна. Сайхан АСЕМ боллоо” гэж бүгд ярьж байсан. Одоо ч Монголын АСЕМ-аар Монголыг төсөөлдөг удирдагчид, ажил хэрэгч хүмүүс, хэвлэл мэдээлэлиийнхэн дэлхийгээр нэг байдаг юм.

Ачит Ихт гэжүү, аль нэг хүний хийж хэрэгжүүлсэн төслөөс авч ашигласан зүйл надад үгүй. Уг нь ийм юм байхгүй гэдэгт итгэх цаг болсон. Монгол хүний гэгээн бодол нэг өдөр гийнэ, ялна гэдэгт би харин эргэлздэггүй. Хувь хүний санаа хаана очиж хувирдаг, ноён нуруу хаана очиж хугардагийг мэдэхгүй юм. Өдий насанд нөхрөө солих, хулгай хийх, бусдын нөмөр лүү хадаг мөнгө барьж сөгдөх санаа надад байхгүй.

Хулгайг нь хорих гэвэл, илчлэх гэвэл ээжийгээ ч “хонгил” гэж дуудах хүн бидний дунд нэг бус бий. Хонгил гээч юм байсан бол өнөөдөр зарим нэг нь төрийн толгой зайдалж чадахгүй байсан юм. Өмнөх чинь хонгил мөрөөдсөн зүүд байсан юм байна, телевиз сошиалд тэнүүчилсэн хөөс байсан юм байна. Одоо жинхэнэ хонгил бий боллоо, хонгилын цагаан хоолой, эзэд энэ байна гэж хэлүүлэхээсээ тэд цочин бишүүрхэж байна. Хонгилыг эхэлж ярьдаг, гаднаас ойрхоноос дэмждэг, харин дотроос “тройка” амилуулж байж босгодогийг хэрсүү хүмүүс ойлгож эхэлж байна.

Хулгайтай Монгол улс тэмцэж байсан учраас Монголд төрийн хулгай, авлига татарч, манай улсын авлигыг хэмжих түвшин олон улсын дунд хэдэн арван орноор урагшилж ахиж байсан юм шүү. Бүхэл бүтэн 48 орноор Монгол улсын авлигын түвшин буурсан. Ийм түүх өдгөө цагт олон улсад ч ховорхон тохиолдолд ордог. Өнөөдөр үүнд үнэмших хүн олдохгүй болтлоо бидний нийгэм төөрөлдөж. Монголд хэн нь хулгайч, хэн нь хулгайч биш гэдгийг дэлхий мэднэ.

Нэг: Яаж баяжив? Оюун-Эрдэний мэдэгдлийг харав уу? “United Friends” гэж компани байгуулаад чи Эрдэнэтийг их наяд, тэрбумаар цөлмөсөн. Зэсийн баяжмал зарж баяжсан гэв үү? Яаж баяжив?

Хар цагаанаараа юм ялгарч тогтож л таараа. Хууль хяналтынхан ч үүнийг шалгаж нэг тийш болгох ёстой гэж би бодож байна. Үнэн худлыг ижил дэнсээр нарийн жинлэж шийддэг номтой. Шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, эс үйлдсэнийг шүүхийн өмнөөс урьдчилан өөр аль нэг субъект, ямар нэг албан тушаалтан, хувь хүн тогтоох боломжгүй юм. За энэ ч яахав. Хуулиас давсан өвчин, аархал, хийрхэл гээд орхъё.

Намайг Таван Толгойн хэрэг гэгчид гэрчээр дуудаж асууснаас өөр надад хуулийн байгууллагаас биечлэн хандсан, танилцуулсан зүйл байхгүй. Сайдын мэдэгдлээс ямар “хэрэг”-т орооцолдуулах гэж, мөрдөж шалгахыг шаардаж шавдуулж байгааг харах юм. Шууд хэлье! Би хууль дээгүүр алхахгүй. Гүтгэлэг, дарамтаас айхгүй. Монгол улсын хууль бол миний хувьд эрхэм дээд хүч. Надад хуулиас зугтах, хуулийн шударга шаардлага, шалгалтаас бусдын араар гүйж орох шалтгаан байхгүй. Хуулиа биелүүлэх, дагах бол миний хувьд бахархал, иргэний үүрэг. Би хуулиа сахихгүй бол хэн хуулийг сахиж, биелүүлэх билээ.

Онцгойрох гэсэн улиглалд хариулах ч сонирхол алга. “Яахав залуу хүн алдаа биз, тэгдэг л юм” гэж нэг бус удаа уужуу сэтгэлээр түүний дайралтыг өнгөрөөж бүр зөвтгөж бодож суусан үе надад бий. Миний мэдэхгүй, миний сонсоогүй зүйлийг тэр хүн ярьсан. Бодвол хуулийн байгууллагад очихоос өмнө, шүүх шүүхээс урьтаж намайг яллаж, олны сэтгэл санааг бэлдэж хэн нэгэнд бэлэг барьж байгаа царай нь юм байх.

Тэр аж ахуйн нэгжийн тухай уг мэдэгдлээс би анх сонссон. Тийм компани байдаг, байгуулсан, намайг түүнд оролц гэж хэн ч хэлж байгаагүй. Зэсийн баяжмал, түүний худалдаа наймаатай холбоотой яриа хардлагыг аль өнгөрсөн зуунаас мэдэх юм. Одоогийн Хэрэг эрхлэх газрын даргаас, хавьгүй залуухан Ерөнхий сайд байхдаа дээрхи асуудалд төрөөс оролцох шаардлагагүй гэдгийг би ойлгосон. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн баялаг Монгол улсын хяналтад бүрэн орж төрд шилжсэн нэрээр хаа хаанаа дураараа дургиж байгаа юм биш бол. Аль нэг дарга, СӨХ нам, Ерөнхийлөгч дураараа оролцоод байдаггүй байсан ажил даа.

Магадгүй хийсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөсөн хулгайдаа эзэн олохоор сандарч байж болох. Эрдэнэт үйлдвэр уул овоолгоосоо том, нүсэр үрэлгэн даргалах бүтэцтэй, учир мэдэх мэдэхгүй хүмүүс дураараа загнадаг, хятадуудтай голдуу ил далд нийлж бизнесээ хийдэг болсон. Ерөнхий захирал нь дээд ноёдынхоо шунал шахаанд даруулж үхэж байна гэж сонссон. Өмнө нь зардал төсөв ингэж хэмнэлээ гэж л яригддаг байв.

Миний нэрийг холбоод байгаагын цаана өөр юм яваа байхаа даа. Хоосон газар нохой шуугиулаад зорилгодоо хүрэхдээ мэргэшсэн улс шүү дээ. Зэсийн баяжмал бол Лондоны биржийн тухайн өдрийн үнээр дэлхийн зах зээлд борлогдож, ил тодоор орлого ашиг, татвар тооцоо нь гардаг. Өөрийн борлуулагч, худалдан авагчтай, тогтсон дүрэм журамтай, тодорхой зах зээлтэй бараа бүтээгдэхүүн гэж л ойлгодог. Түүнийг хувь хүн зарж борлуулж их наядаар идэж уух боломж байх учиргүй. Элдэв зураг, схем, домог зохиосон, түүндээ үнэмшиж таваргагчид бишгүй л гардаг. Харин төрд, Хэрэг эрхлэхэд эзэмшил нь 100% шилжээд, Онц байдал нэрийн дор хараа хяналтгүй яаж самарч байгааг мэдэх юм алга.

Онцгүй эмгэгийн мэдэгдлийг даалгавар биелүүлж яваа гэж ойлгосон. Хэрэв өөрөө энэ тухай санаачилж ярьж байгаа бол гол бай нь би биш байх. Эргэн тойрондоо, халамжлагч бас өрсөлдөгчдөө мессеж илгээж байгаа царай нь. “Би олон юм мэднэ. Миний хүмүүс хэрэг шалгадаг. Бас ялладаг, шийтгэдэг. АТГ-ын даргаас эхлээд миний хүн, барагтайхан байгаарай, ээлж чинь ирнэ” гэж харуулж байгаа улаан кноп, хэдэн микрофон байхаа даа. Түүнийг ийм юм ярихад Тэргүүн Комиссар Дашдаваа хүртэл халууцаж суудаг л байх. Хэн энэ бүхнийг түүнд хэлсэн дамжуулсан болж харагдах, ямар хууль яаж зөрчигдөж байгааг АТГ-ын дарга андахгүй.

Тэр “оэ” хэрэг ярьж, хууль шүүхийн өмнүүр орж бусдад ял зэм тулгахдаа дуртай, жаргалтай байгаа гэж. Самбар үзүүлэн зурчихсан. Бах нь ханаж, хамар нь гялалзаад. Хариуцсан ажлаас нь юм тодруулах гэсэн асуултад “би мэдэхгүй” гэж суусан нь харамсам. Зарим сурвалжлагч сценари зөрчсөн байх. Гэхдээ өвчин зовлон, хорио цээрээс болоод хүнд байдалд орлоо, ард иргэдийн амьжиргаа хэцүүдэж байна. Ямар бодлого, стратеги баримталж, яаж давж гарах гэж байна? Үр дүн, үйл явц нь юу болж байна гэх асуултыг иргэд асуух эрхтэй. Хэрэг эрхлэхийн дарга бол үүнийг мэдэх, хариулах эхний үүрэгтэн мөн.

Намайг “Яаж баяжив” гэж шарлаах иргэний асуулт, намайг элдэв хулгай зэлгий, муу бүхэнд орооцолдуулж харааж гүтгэх жирийн нэг залуугийн санаа бодол хардалтыг би үргэлж хүндэтгэнэ. Бүр зөв гэж үзнэ. Харин “Иргэдийнхээ итгэлийг албан тушаалаар наймаалцахгүй. Ямар нэг албан тушаалд очихгүй” гэж ам тангараг тавьж явсан, яваа давхар дээлэн дор аахилах төрийн сайдын үг. Хүмүүс ч сайд тэгж ярилаа гээд ач холбогдол өгч асуух юм. Хүний мөн чанарын тухай драм ч юм шиг, хэтрүүлэг ч юм шиг. Гучаад онд бол ногоон малгай
духдуулчихсан, “даргаа буудчих уу” гээд харайж явах, нөхрийг нь гүтгэж шоронд хийчихээд эхнэрт нь хошуу дэвсэж чадах дамар. Монголыг “ковид” ялахгүй, Монголын ирээдүйг ийм солигддог нүүртэнүүд л ална.

Сайд надад хэрэг тохох тусам өөрөө асуудалд орооцолдож, өөрийн болон бусдын хийж байгаа хулгайг далдлах илбээ үзүүлж байна. Гэмтэй гэж бодож байгаа бол намайг ялал, гэмгүй бусдыг бүү хэлмэгдүүл гэж би сүүлдээ бодох болсон. Ах нарын арын нүх адилхан ч, ах бүхэн адил биш. Долоолгогчоосоо нэхэх асуух юмаа надаас нэхэж асуух хэрэггүй. Хулгайд гүтгэж шуугиулаад араар нь арчаагүй зорилгоо гүйцэлдүүлдэг. Гүтгэлэг үнэн болдог, гүтгэсэн нь дайрсан нь шударга харагддаг азгүй үе. Үе ч юу байхав, урсаад өнгөрөх барааны бор саван төдий юм даа.

Үзэгдэлтэй биш учир шалтгаантай барилдах нь түмэнд тустай байдаг. Баабарын бичсэнээр “түүхийн шившиг”-тэй там булаацалдаад яахав. Өөрт нь хэрэгтэй бол бурханаа ч гүтгэж, худалдаж арилжина. Морь ч билүү, илжиг ч билүү энд тэндээс хуулсан юм барьчхаад, долоох гэж зүтгэж байсныг нь бодоход одоо ч сэжиг хүрэм. Залуу ирээдүйгээ боддог хүн түүнээс хол, зайгаа барьж явмаар эмгэг. Зарим нэг хүнд миний муу сайныг ярих байтугай, миний бүтэн нэрийг хэлэх ч ахадна. Би Монголынхоо төлөө бүхнээ зориулсан. Би Монголдоо муу юм хийгээгүй. Би Монгол улсдаа хайртай. Би Монголоо бодож амьдардаг.

Нэг: Яаж баяжив? Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, Багануурын станц, Халзан Бүргэдэй гээд яаж гулгуулснаа (яаж хулгайлснаа гэсэн үг байх) нэг сайхан халаач. Энд тэнд нуусан мөнгөө гаргаач. Яаж баяжив?

Зарим зүйлийг хардах, гүжирдэх биш тодорхой шалгуур тавиад харчих. Тэгэхэд илэрхий болдог юм. Энэ хүн ийм юм хийх үү? Эсвэл энэ хүн ийм юм эс хийх үү? гээд. Мөнгөтэй нөлөөтэй бол урд хойт, хүний өөрийн хамаагүй очиж тэвэрдэг. Шанхай шаахай, дэвжээ дэлхий, хувь хувьсгалаа ялгадаггүй. Харин Монголоо гэсэн сэтгэл зүрх, тэмцэл зүтгэлд хатуурхдаг. Мөнгөтэй, ажил нь өнгөтэй яваа нэгнээ дээрэмддэг. Хөдөлмөрч, зүтгэлтэйг нь түүж харлуулдаг. Бухимдсан, тэвдсэн хэсгийг нь хараал зүхэлээр хоололдог. Энэ бол Монголдоо хайртай, Монголоо өөд татах гэж зүтгэж байгаа хүний хийдэг ажил биш.

Дээрхи байдлаар бидний улс орон хир удаан, хир хол явах вэ? Ийм террор хэзээ эцэс болох вэ? Муу цаг, дайн тулаан, өвчин эмгэг хүртэл өнгөрдөг. Хүний хорвоо хар муу, харанхуй хэцүүг үзэх тусам ухааждаг. Сайн руу зөв рүү, чөлөөт байдал руу, ухаалаг амьдрах руу илүү тэмүүлдэг. Гүтгэлэг, доромжлол хүртэл адын хүчээ алддаг. Хүний зам мөр ямар байх өөрөөс нь л шалтгаалдаг. Хэн ч хазгай мөртэй явахыг хүсэхгүй.

Тэр цемент шохой, станц, төмөрлөг, мэдэх мэдэхгүй газрын нэрийг надад наах гээд наалдахгүй. Би тийм юманд хутгалдаагүй, оролцоогүй. Би мэдэхгүй. Надад энд тэнд мөнгө нуух шаардлага байхгүй. Миний амьдралын үнэн бол бусдын эвлүүлсэн зураг, кино, нэвтрүүлгэнд байхгүй. Миний элэг зүрхэнд ил явдаг юм. Аль нэг хүний мэдэгдэл, яллах дүгнэлтэн дотор ч байхгүй. Ээлжит дуулиан, сүржин зарлах шуугианд ч байхгүй. Би нууж амьдардаг далд хүн биш. Хүнд илүү юм шаардлагагүйг, чадахгүй зүйлээрээ оролдохын хэрэггүйг төрд орохоосоо өмнө ухаарсан, мэдсэн л хүн.

Надад нэг л зарчим байсан. Одоо ч бий. Бусдын ажлыг “бүтээсэй” гэж боддог. Монголд хэрэгтэй бол ажил үйлс нь бүтэмжтэй байгаасай гэдэг. Төр бизнес хоёр холилдож болохгүй. Энэ бүхнийг ил хэлж, ил амьдарч ирсэн. Харин би нэг хорыг, нэг муухай юмыг хожуу ойлгосон. Үнэхээр би энэ талаар ухаж бүрэн зургаар нь хараагүй явсан. Хэрэгт, гүтгэлэгт хардагдаад би ингэж ярьж бичиж байгаа юм биш. Миний үнэн л энэ.

Төрийн хулгай өөр түвшинд гарсан юм байна. Төрөөс, түмнээс хулгай хийх арга нарийсч байгаа юм байна. Ийм зүйл Монголд аль хэдий нэвтэрч, ажил хэрэг болоод явж байгаа юм байна. Харин би энэ байдлыг дутуу харсан. Бас үзэгдэл талаас нь хараад, үнэн шалтгааныг нь гүйцэд ухаараагүй явжээ. Авлига хулгай улам төгөлдөржиж, урлаг шахуу, учир утга нь хожуу тайлагдах түвшинд очсон байна. Үзээгүй, мэдээгүй, цагийн эрхээр тодрох өөр цаана нь юу ч байгаа юм билээ.

Аль ч орны, аль ч үеийн төр бол түмний ажилд бүтэж, урагшлахад нь туслах дэмжих үүрэгтэй явж ирсэн. Гэтэл энэ үнэнийг өөрчилж өөртөө ашиглахад, харийн сонирхолд ч хамаагүй үйлчилэхэд зарим тоглогчийн зорилго оршдог аж. Бүтээх биш нураах, явуулах биш зогсоох. Ийм үйдлээс олонх хохирох боловч, хожих цөөн заавал гардаг. Зогсоосноо хөдөлгөх гэж байгаа нэрээр дахиад хулгайлах. Шарх нь үргэлж нээлттэй хос хутгатай операци.

Төрийн хууль хүртэл төгс биш зохицуулалттай нь илэрдэг. Авлига, албан тушаалын хэргийг хуулинд голдуу давуу байдал олгож, тэндээс завших гэх байдлаар томёолдог. Гэтэл ажлыг зогсоогоод хувьдаа ашиг гаргах нь нийтэд хортой ч завшигчдад бүр унацтай. Хууль дүрэм, шийтгэл хариуцлага ч энэ хүрээд цоордог.

Төр ажлыг явуулах ёстой гэж би хэнхэглэж явсан болохоос биш, зогсоох нураах ёстой гэж бодож байсангүй. Ажлыг нь зогсооно гэж айлгадаг, зогсоодог, тэгээд ашиг хүртдэг. Ийм нарийн “бизнес хулгай”, “бизнес төлөвлөгөө” миний толгойд төлжсөнгүй. Өдгөө зарим мэргэн ард “төр зогсоож байж л, хааж боож байж л хулгайлдаг, чи л мэдэхгүй байв” гэж зандрах байх.

Төрийн ажлыг өөрөөр хардаг, өөрөөр хардаг учраас надаас тийм үйлдэл гардаггүй байсан. Би ийм хулгай хийж яваагүй. Ийм юм мэдэхгүй. Надтай голдуу явсан, бүтсэн ажлыг, бизнесийг холбож харддаг нь тийм учиртай байх. Бусдын ажил бизнест атаархаж, аль эсвэл тэндээс ашиг харж зогсоох гэж явсан бодол үйлдэл надад байхгүй. Та нар өөрсдөө бод. Ажлаа бүтээчихээд хулгайчид, авлигачид бизнесээ өгчихдөг хүн ч гэж хаа байхав. Ийм юмтай би таараагүй.

Хулгайч Монголд засаглах ёсгүй. Монголд хууль хэрэгжих ёстой. Магтуулж худал амьдарснаас, муулуулж үнэн явсан нь дээр. Эрх чөлөө бол гарцаагүй зөв зам. Муу парламент, муу засаг, муу ерөнхийлөгчтэй байсан ч улс орны амьдрал явж л байх ёстой. Эрх чөлөөнд л ийм боломж байдаг. Төр харин хүнд хэцүүг, муу муухайг, сорилт бэрхшээлийг давахад ард түмэндээ туслах учиртай.

Гэнэн ч гэмээр, үнэн ч гэмээр, гэхдээ зөв гэж хатуу итгэдэг дээрх зарчмыг би ажил амьдралдаа “улаан шугам” болгож барьж ирсэн. Барьж явдаг. Зарчимтай байхгүй бол идэж уусан гэх шуугиан намжихгүй юм байна. Дараалал ч дуусахгүйм билээ. Асуудлыг ард олны хяналтад өгөх, байлгах л зөв гарц. Үүний төлөө би явдаг. Хулгайч хүн хэзээ ч хариуцлага, хяналт, шилэн ил тодын төлөө явдаггүй юм. Юу үнэн, энэ үнэн.

Хэрэв би хараалчдын дайрдагаар тийм их юм идэж уусан, хууль зөрчсөн бол өнөөдрийн өөрийнхөө явж байгаа шиг ийм замыг сонгохгүй байсан. Аль нэг нам руу, түүний хамгаалалт руу эртхэн шургах байсан. Улс төрөөс холдохгүй, дотор нь бужигнуулж байх байсан. Халдашгүй байдал нэхэж, сонгууль, шуугиантай сэдэв хайж энд тэндэхийн эвсэл намын энгэрт зүүгдэх байв.

Намайг хүний хэлснээр хардаг дүгнэдэг, сургаар хараадагийг би харсан. Бусдын зохиож, бичиж хэлж үзүүлсэнд үнэмшиж над руу дайрдагийг би мэднэ. Сүүлийн жишээ гэхэд би Facebook-ын нүүрэндээ Луврын музейд ганц хувь хадгалагддаг, дэлхийн сонгодог уран зургаас шэйр хийхэд “Чи энэ зургийг хаанаас хулгайлав” гэж үнэнээсээ бухимдан бичих хүнийг хараад гайхсан. Өрөвдмөөр ч юм шиг, уучилмаар ч юм шиг. Дижитал ертөнцөд нэг үнэн байна. Чи өөрөөрөө байхгүй бол хүн чамайг бусдын зохиосноор хардаг. Чи үнэнээрээ бай, өөрийнхөө замаар яв. Тэгвэл ялалт, түүх чиний талд гэрэлтэх болно.

“Чи яаж баяжив” гэж элэг нэгтнээрээ асуулгахдаа би толгой өндөр байдаг. Харьд ч адилхан. “Чингисийн зулбасага” гэж хэлүүлэх бүртээ би бахархдаг. -Та ийм ардчилалын төлөө явсан уу гэж ам асуулгах бүрт “Тийм. Бид ирэх газраа ирсэн” гэж би хариулдаг. Миний өмнө нэрээ мартаж явсан юмнууд намайг илүүтэй зулгаадаг. Энэ зэргийн сорилт бэрхшээл байтугай төсөөлшгүй аюулыг сортоотой өвөг дээдэс минь туучаад барсан байдаг. Тулаад ирсэн зовлонг туулаад л гарна.

Би энэ бүхнийг тэвчихгүй бол Монголын эрх чөлөө, бүрэн эрхийн төлөө өөр хэний охин, хэний хүү ад болох юм бэ? Өөр хэн Монголын төлөө хэцүү зам сонгож хэлүүлж, чичлүүлж явах юм бэ? Эх орныхоо төлөө алдах эрх, хараалгах зориг өөр хэнд тэгээд үлдэх юм бэ? Хавчиж дарах хадны дундаас хэн тэгээд тэмцэж хашгирах юм бэ? Монголын төлөө ад болох эр зориг л Монголын аврал мөн болохыг би ойлгосон. Монгол бол онож алдах нь байдаг нэр төр байтугай, алтан амиа өмнөөс нь өгөх бидний цор ганц Эх орон шүү дээ.

Цээжээ дэлдэгсэд хулчгар байдаг юм. Эрх чөлөө, Эх орондоо хайртай хүнээс л зориг гардаг. Би хулгайг сүнсээрээ солиогүй. Би харин шударгыг тогтоож чадна гэж их зөрүүдэлсэн, зүтгэсэн. Нэг хүний үг, нэг хүний үйл хэргээр журамт нийгэм бүрэн ирдэггүйг ойлгосон. Тэглээ гээд би төрөөр түрий барьж хууль, шүүхийг өшигчиж яваагүй. Хулгай хийхгүй амьдрах бол эрдэм юм гэдэгт одоо ч итгэдэг. Би эерэг хүн. Буй бүхэндээ сэтгэл ханаж, баярлаж, жаргаж явдаг хүн.

Надад харин ард түмэндээ талархах, ардчилалдаа баярлах шалтгаан бий. Монголын ард түмэн, Монголын ардчилал хэнд ч худалдагдахгүй, бас хирийн юманд дарагдахгүй, улам хэрсүү болсоор байна. Энэ л миний баярлах шалтгаан юм.

2020 оны 4 дүгээр сар.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549