Б.ТУУЛ: ИОНИ ӨНДӨГТЭЙ ИОГ НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ МАХБОДОД ХҮЧТЭЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ УЧРААС СЭТГЭЛ ЗАСЛЫН ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ

access_time 2020-04-13
remove_red_eye 197

 

Иогийн олон шинэ төрлийг монголдоо нэвтрүүлж, дэлгэрүүлэн түгээж байгаа мөн бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, урам зориг, гоо сайхныг бэлэглэгч нэгэн бол Бадамлянхуа Иогийн төвийн үүсгэн байгуулагч, иогийн багш Б.Туул гэх бүсгүй юм.

2015 оноос хойш иог зааж байгаа Б.Туул багшийн хувьд өдгөө цаг үеийн байдлаас хамааран фитнесс, иогийн төрлийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож, түр хугацаанд зогсоосон ч онлайнаар буюу Бадамлянхуа иогийн төвийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сургалтуудаа зааж, зөвлөгөөнүүдээ өгч байгаа аж. Мөн үүнийхээ хажуугаар манай улсад төдийлөн дэлгэрээгүй тэртээ таван мянган жилийн өмнөх Дундад улсаас үүдэлтэй иони өндөгтэй иогийг оруулж ирж тун удахгүй бүсгүйчүүддээ танилцуулах гэж байгаа юм байна.

Yoni egg буюу Иони өндөгийг Jade egg-хаш өндөг мөн Love egg-хайрын өндөг ч гэж нэрлэдэг аж. Энэ нь өндөгний хэлбэрээр урлаж өнгөлсөн үзэсгэлэнтэй эрдэнийн чулууны нэр гэнэ. Эмэгтэйчүүд 5000 жилийн өмнөөс эрдэнийн чулуун өндгийг үтрээндээ хийгээд аарцаг, үтрээнийхээ булчинг ашиглаж дасгалжуулдаг байсныг түүхэн судалгаагаар нотолсон. Эрт дээр үед хятадын хааны ордонд татвар эмс болон хатад нь бэлгийн хүчийг дээшлүүлэх, сэрэл мэдрэмжээ сэргээх болон бие махбодоо хөгширөхөөс сэргийлж эрдэнийн чулуун өндгийг ашигладаг байсан байна.

Ингээд энэ талаар дэлгэрэнгүй ярилцсанаа доор сийрүүллээ.

Сайн байна уу, Бадамлянхуа иогоор сүүлийн үед сонин сайхан юу байна вэ?

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа COVID19 вирусын нөлөөгөөр олон нийтийн дунд үйлчилгээний газар, тэр дундаа фитнесс иогийн төвүүдийн үйл ажиллагаанд түр хугацаанд хөл хорио тогтоосон байгаа. Гэхдээ бид Бадамлянхуа фэйсбүүк хуудсаараа дамжуулан гэртээ хэрхэн иогийн дасгал хийх талаар цуврал хичээлийг үнэ төлбөргүй байршуулж, үйлчлүүлэгчдэдээ хүргэж байна. Нүүрний иогийн тухайд багахан хэмжээний төлбөртэйгөөр онлайн сургалт хийж байгаа.

Нүүрний иогийн сургалтыг би нилээд олон жил хятад улсад буюу өвөрмонголчууддаа очиж заадаг байсан. Одоо хөл хорионоос болоод явах боломжгүй болсон хэдий ч онлайнаар хичээлээ төвөггүйхэн хүргэж эхэлж байна. Ер нь дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон энэ нөхцөл байдал бизнес, сургалтын үйл ажиллагааны шинэ дэвшилтэт үеийг эхлүүлэх болсон мөн сургалтын системд ч нэлээд их өөрчлөлт орж байгаа гэж бодож байна. Энэ утгаараа онлайн сургалт хүч түрэн гарч ирлээ. Бид ч үүнийг дагаж өөрсдийн үйл ажиллагааг онлайн болгон хөгжүүлэх гэж хичээж л байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлт хийгдэж байгаа тул алдаа оноогоо засах, техник технологийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэх мэт шинэчлэл, эрэл хайгуул хийх шаардлагатай байгаа.

Танай төв иогийн олон төрлийн сургалтыг шинээр танилцуулж дэлгэрүүлдэг. Хамгийн сүүлд иони өндөгний сургалтыг нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Манай иогийн төв үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн олон сургалтуудыг зохион явуулдаг. Хатха иог, Агаарын иог, Зөөлөн иог, Ахмадын иог, Жирэмсний иог, Нүүрний иог, Аура оношлогоо зөвлөгөө, олон улсад хүлээн зөвшөрөгдсөн багшлах эрхийн сургалт гээд л байгаа. Өмнө нь бид Английн Danielle Collins Face Yoga Method гэх байгууллагын Нүүрний иогийн сургалтыг Монголд оруулж ирж байсан. Мөн нүүрний иогийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшийн эрхийг ч олгодог. Төгсөгчдийн сертификатыг Лондонгоос олгодогоороо онцлог л доо.

Одоо бид иони өндөгтэй иога гэх нэршилтэй сургалтыг удахгүй танилцуулах гэж байна. Энэ мэдлэгийг олгохын тулд би өөрөө хувь хүний зүгээс сурч мэдэх, судлах зүйл их байлаа. Хүний бие, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой маш нарийн ур чадвар шаардсан сургалт учраас хувь хүнээ хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх, заах арга техникт суралцахад их анхаарсан. Одоо ч сэтгэл судлалаар суралцаж байна. Энэ сургалт нь эмэгтэй хүн яавал эрүүл бие, саруул ухаан, гоо үзэсгэлэнгээ урт удаан хугацаанд хадгалж, аз жаргалтай амьдрах вэ гэдэгт чиглэгдсэн, энергийн маш нарийн ач холбогдолтой сургалт.

Байгалийн арга-билгийн ухаан, оршихуй харилцан шүтэлцэлийн онол гэж байдаг шүү дээ. Энэ хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн энерги эсрэг тэсрэг, тэр утгаараа нэг нэгэндээ соронз мэт татагдаж байдаг. Эмэгтэй хүн илүү эмэгтэйлэг ялдам, уян налархай, гоо сайхан байж эрэгтэй хүн түүнд илүү ихээр татагддаг. Тэгвэл эмэгтэй хүнд байх байгалийн энэ шинж чанарыг нь өдөөж, өсгөхөд иони өндөгтэй иогийн сургалт тусладаг юм.

Иони өндөг гэдэг нь дундад улсаас гаралтай зүйл. Таван мянган жилийн өмнө эртний хятадын хааны ордны хатад, татвар эмс хэрэглэдэг байсан бөгөөд эмэгтэй хүнийг эрүүл, гоо үзэсгэлэнтэй байлгах, эм бэлгийн дааврын хэмжээг тэнцвэржүүлэх, бэлгийн энергийг нэмэгдүүлэх зорилготойгоор өндөгтэй дасгалжуулалт хийдэг байж. Ялангуяа эмэгтэй хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг учраас сэтгэл заслын өндөр ач холбогдолтой.

Иони өндөгийг орчин үед янз бүрийн л байгалийн чулуугаар хийсэн байдаг. Гэвч уламжлал нь бол хаш чулуун өндөгнөөс эхлэлтэй юм билээ. Яагаад байгалийн чулуугаар өндгөө хийдэг уламжлалтай байсан юм? Өөр зүйлээр орлуулж болохгүй шалтгаан нь гэвэл байгалийн чулуунууд нь маш цэгцтэй молекулуудын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчлөх чадалтай. Тиймээс сөрөг энергийг өөртөө шингээн авч, хүний бие махбодод хамгаалалт, эмчилгээ болдгоороо онцлогтой юм байна.

 

Одоогоор манайд ягаан болор, хаш, галт уулын обсидиан чулуугаар хийсэн өндөгнүүд сургалтанд зориулагдан ирсэн байгаа. Чулуу болгон өөр өөрийн онцлог анагаах, энергижүүлэх ид шидтэй. Эмэгтэйчүүдийн далд гоо сайхныг улам үзэсгэлэнтэй болгодог энэ өндөг нь дотроо гурван хэмжээтэй. Том, дунд, жижиг. Аарцагны ёроолын булчингийн чадал, үтрээний хэмжээнээс хамаарч ямар өндгийг хэрэглэх нь харилцан адилгүй байдаг. Өндгөө цэвэрлэж энергижүүлэх, бие махбодоо өндөгтэйгөө холбож бясалгах, аарцагны булчингуудаа суллаж сурах, өндөгтэйгөө үтрээний булчингаа холбож чангалах дадлагажуулалт, иогийн байрлалууд гэх мэт дэс дараалалтай олон онцлог дасгалууд хийдэг. Ингээд хэлэхээр өндгийг шууд худалдаж аваад хийчихдэг гэж ойлгож болохгүй. Байгалийн чулуугаар хийгдсэн учраас энергийн их нарийн бүтэцтэй, байгалийн энергийг болон эзэмшиж байгаа хүнийхээ энергийг хадгалах чадвартай байдаг. Тиймээс хэрэглэхээсээ өмнө өмнөх байсан мэдээллийг устгаж, цэвэрлэж, өөрийн энергитэй нийцүүлж дахин энергижүүлж хэрэглэдэг.

Өндгөө яг л өөрийн бие махбодь, эд эрхтэнтэйгээ харьцаж байгаа мэт хайрлах ёстой. Ер нь эмэгтэй хүний үтрээ өөрийнхөө хүлээн зөвшөөрч хайрласан зүйлээ оруулдаг өвөрмөц ухаалаг эрхтэн. Хэрэв дургүй зүйлээ хүлээн авбал эмэгтэй нууц эрхтэн маань цочролд орж, сэтгэл зүйд тавгүйтэл үүсгэж бүр цаашлаад өвддөг.

Иони өндөгтэй иогийн дасгал нь биеийг хоргүйжүүлэх, үтрээ болон бага аарцгийн ёроолын булчингуудыг чангалах, бэлгийн энергийг идэвхижүүлэх, эмэгтэйлэг, дур булаам, секси төрх байдал хэв шинжийг нэмэгдүүлэхээс гадна сэтгэлийн уур бухимдал, гомдол, харуусал гуниг, муу дурсамжыг гадагшлуулж, улмаар эрүүлжүүлэх ид шидтэй.

Бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мөн уламжлалт арга барилтай хослуулан энэхүү ИОНИ өндөгтэй иогийн сургалтаа үйлчлүүлэгчиддээ зааж сургахаар бэлтгэж байна.

Гадуур зөвхөн үтрээ чангалахад зориулагдсан бүтээгдэхүүнүүд, сургалт, үйлчилгээнүүд элбэг байдаг болсон. Харин иони өндөгтэй иогийн сургалт маань бясалгал, амьсгалын дасгалууд, иогийн дасгалууд дээр суурилагдсан байдаг тул дотоод эрчим, бэлгийн энергийг өсгөж, энергийн хүрдүүдийн тэнцвэрийг бий болгоход чухал нөлөөтэй юм. Хүний биеийн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй физик биед үндсэн 7 хүрдүүд байдаг. Хүрдүүд тэнцвэртэй байх тусам хүний бие махбод, сэтгэл санааны хувьд эрүүл, амар амгалан, аз жаргалтай байх боломжтой.

Зөв арга техник, үр дүнтэй бясалгал, дасгалын дараа үтрээнд байрлуулсан өндөг маань хүний бие, сэтгэлийн хор бохирдлыг өөртөө шингээж авдаг. Үүний дараа өндөгөө нарийн арга техникийн дагуу цэвэрлэж ариусгана. Тэгэхээр өөрийн дураар хэрэглэх бус мэргэжлийн багшаар заалгаж хэрэглэж эхлэх нь хамгийн зөв зүйл байгаа биз!.

\

Өндөгтэй иог нь үтрээ чангалах үр дүнтэй аргын нэг гэдгийг та цухас дурдлаа. Үтрээ юунаас болж сулардаг вэ?

Үтрээний булчин сулрах олон шалтгаан байгаа. Ихэнх хүмүүс олон хүүхэд төрүүлээд эсвэл бэлгийн замбараагүй хавьтлаас болоод үтрээний булчин сулардаг гэсэн ташаа ойлголттой байдаг. Мэдээж хоёроос дээш хүүхэд төрүүлсний дараа үтрээ, аарцагны булчингууд тодорхой хэмжээнд сулрах нь байгалийн жам ёсны асуудал. Харин ч эсрэгээрээ бэлгийн амьдрал тогтвортой, байнгын тогтмол сексийн харилцаатай хүмүүсийн хувьд үтрээний булчин сулрах магадлал бага байдаг гэж байгаа. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүний бие махбод эрүүл чийрэг, булчингийн хүч сайтай байдагтай ижил л дээ.

Гэтэл байнгын суудлын ажил хийдэг, хэт хөдөлгөөнгүй байдал, таргалалт, амьдралын буруу хэвшил, ажил мэргэжилийн онцлогоос шалтгаалж мөн дааврын тэнцвэрт байдал алдагдах үед үтрээний булчин сулардаг. Сүүлийн үед умайн шөрмөсөн холбоос сунаж, аарцагны булчингууд болон үтрээний дээд хэсгийн булчин суларснаас болж умай доошоо урваж гарах, аарцгийн хөндийн эд эрхтэн үтрээний хөндий рүү давж унждаг тохиолдол их гардаг болсон. Тиймээс эмэгтэйчүүд заавал булчингийн хэт сулралд буюу мэс заслийн хэмжээнд хүргэх бус хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ гэдгийг эрэл хайгуул хийн судлаж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Тухайлбал иони өндөгтэй иогоор хичээллэх нь эрүүл, эрсдэлгүй аргаар булчингаа чангалах, эдийн засагт ч хэмнэлттэй арга гэдгийг би бүсгүйчүүдэд зөвлөмөөр байна.

Иони өндөгтэй иог хийхэд энергийн асар их ач холбогдолтой.

Хүнд таван бие байдаг гэж үздэг. Физик бие буюу махан бие, энергийн буюу гэрлэн бие, бодлын бие, ухамсарын бие, хайрын бие гээд л. Эдгээрийн нэг болох энергийн бие маань амьдралыг тэтгэгч хүч, гол хөдөлгүүр, эрүүл амьдрах үндэс болдог юм.

Оргүй хоосноос үүсэхгүй, устаж үгүй болохгүй, нэгээс нөгөөд шилжиж байдаг гэхээр сэтгэл болон сүнстэй холбож тайлбарлагддаг. Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд хүн алдалсан гарын хэмжээтэй өргөн, том гэрлэн бүрхүүл, энергийн урсгалаар хамгаалагдаж байдаг. Мөн энергийн урсгалыг зохицуулах үүрэгтэй үндсэн долоон хүрд буюу Чакратай. Эдгээр бүх хүрдүүд мөнхийн эргэлтэнд оршиж бидний гэрлэн бүрхүүл буюу сүнсэн биеийг энергээр хангаж байдаг. Хүний биеийн доод тамирын орноос толгойн орой хүртэл үндсэн 7 хүрд байрладаг. Хүрд тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой байдаг юм. Хэрэв хүрд тэнцвэргүй хэт идэвхижсэн эсвэл хаалттай тохиолдолд энергийн хэвийн урсгал алдагдаж төрөл бүрийн өвчин эмгэг, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг.

Жишээ нь Үүдэн хүрд буюу Үндэс хүрд энергийн 70-80 хувийг хариуцдаг. Ахар сүүлэнд байрладаг. Энэ хүрд нээлттэй байвал та амьдралдаа сэтгэл хангалуун байж ажил хэрэг нь өөдрөг бүтэмжтэй, эрүүл саруул, амьдрал дээрээ тэнцвэртэй байна. Яг л байшин барихад суурь сайн тавигдвал байшингийн чанар сайн байдагтай ижилхэн. Үүдэн хүрд байшингийн суурь гэсэн үг юм. Хэрэв хүрд тэнцвэргүй буюу хаалттай бол сул дорой, өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, сэтгэлийн зовиуртай нэгэн болох жишээтэй. Өвчин эмгэг ч мөн хүрдтэй хамааралтай байдаг. Үүдэн хүрд бол нуруу, төв мэдрэлийн систем, хөл, давсаг бөөрийг хариуцаж байдаг. Тэгвэл 2 дахь хүрд буюу Хувилгаан хүрд хүйснээс доош 3 хуруу зайд байрладаг. Энэ хүрд нээлттэй байвал амьдралдаа аз жаргалтай, урам зоригтой, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Сав, хэвлий, өндгөвч, үржлийн эрхтэнүүд мөн сексийн дур хүсэл, мэдрэмжийг хариуцдаг. Тиймээс хүрд хаагдсан тохиолдолд эдгээр эрхтнүүдэд өвчлөл үүсч сэтгэл санаанд өөрчлөлт гарна гэсэн үг. Өндөгтэй иог нь доод тамирын орны эдгээр хүрдүүдийг нээж өгөх ач холбогдолтой байдгаараа гайхамшигтай зүйл юм.

Эмэгтэй хүний аз жаргалтай, сэтгэл хангалуун байдал эргээд эрчүүдийн хувьд ч аз жаргалтай байх үндэс болж өгнө. Тэгэхээр та энэхүү иони өндөгний сургалтыг онлайнаар хийх бодол байна уу?

Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж, хүмүүсийн аливааг сурах арга барил цахим хэлбэр рүү хүссэн, эс хүссэн ч шилжиж байна. Тиймээс сургалтын, тэр дундаа хүний бие, сэтгэлийн эрүүл мэнд, гоо зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бидний хувьд онлайн хувилбарт шилжих нь өөрөө бас оновчтой шийдэл болж байна. Онлайн сургалтын давуу тал ч их бий. Жишээ нь онлайн сургалтад хамрагдсанаар хүссэн үедээ, хэрэгтэй зөвлөгөө, заавараа сэргээж харах, сонсох боломжоор дүүрэн шүү дээ. Тиймээс энэ удаагийн шинэ сургалтыг онлайнаар өгөхөөр шийдсэн байгаа. Нөгөө талаар энэ сургалт маань эмэгтэй хүний нууц эрхтэнтэй холбогдож байгаа учраас тодорхой аргачлалаар, зайн байдлаар сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй гэж бодож төлөвлөж байна.

Мөн сургалтанд маань цэвэршилтийн үеийн насны эмэгтэйчүүд хамрагдвал илүү үр дүнтэй байна гэдгийг онцолж хэлье. Яагаад гэхээр өнөө үед цэвэршилтийн нас улам залуужиж байна. Цэвэршилт явагдсанаар бие махбод, сэтгэл санаанд өөрчлөлт орж, стрессдэх, ааш зан өөрчлөгдөх, бэлгийн дур хүсэл буурах, хөгшрөлт хурдацтай явагдах гэх зэрэг олон сөрөг нөлөөлөл бий болдог. Тиймээс өндөгтэй иогийг хийж хэвшсэнээр шилжилтийн үеэ хөнгөн давж, сэтгэл санаа өөдрөг, эрүүл байх боломжтой.

Бадамлянхуа фэйсбүүк хуудсыг дагадаг үйлчлүүлэгчид маань мэдээлэлтэй байгаа. Ирэх тавдугаар сараас ионы өндөгний сургалтыг онлайнаар өгөхөөр төлөвлөж байна. Тэр үед бүсгүйчүүд маань бидэнд хандах боломжтой. Мэдээж хэрэг урьдчилсан байдлаар бүртгүүлээд явах боломжтой учраас манай фэйжээр холбогдох болон 9918-9512 утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549