Япон, Хойд Солонгосын тагнуулынхан саяхан Монголд нууцаар уулзжээ

2018-10-19 579 0

 

Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн шадар хүн, тагнуулын дээд албан тушаалтан энэ сарын эхээр Хойд Солонгосын албаныхантай Монгол улсын нийслэлд нууцаар уулзсан тухай өчигдөр Токиогийн эх сурвалж мэдээлжээ.

Уг уулзалт нь 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар яриа хэлэлцээрт ахиц гаргаж, улмаар Шинзо Абэ, Ким Жон Ун нарын анхны уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой байсан гэнэ.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээрт оролцогч гол улс орнуудаас ганцхан Япон одоогоор Ким Жон Унтай ойртох алхам хийж чадаагүй байна. Хойд Солонгосын удирдагч энэ онд Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын удирдагч нартай уулзсан бол энэ оны сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах гэж байгаа.

Аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Японы засгийн газрын тагнуул, судалгааны байгууллагын тэргүүн Шигэрү Китамура Монголын нийслэлд Хойд Солонгосын Ажилчдын Намын Нэгдсэн Фронт хэлтсийн ахлах албан тушаалтан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.

Тус хэлтэс нь голлон Өмнөд Солонгост чиглэж ажилладаг тагнуулын байгууллага юм. Хамгийн сүүлд ийм уулзалт долдугаар сарын дундуур Вьетнамд болсон гэдэг.

Тухайн үед Китамура Нэгдсэн Фронт хэлтсийн тактикын хэсгийн тэргүүн Ким Сон Хэтэй уулзаж байжээ. Эдгээр уулзалтууд Шинзо Абэ Хойд Солонгостой харилцахдаа Гадаад хэргийн яам биш, тагнуулын байгууллагадаа илүү найдлага тавьж байгааг харуулж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сард Сингапурт Ким Жон Унтай уулзахын өмнө мөн Тагнуулын Төв Газрын хэлхээ холбоог ашиглаж байсан юм.

Япон улсын 17 иргэн 1970-аас 1980-аад оны үед Хойд Солонгосын тагнуулуудад хулгайлагдсан гэж Токио албан ёсоор үздэг. Тэдгээрээс 5 нь 2002 онд эх орондоо буцаж ирсэн юм.

Шигэрү Китамура нь Японы гадна, дотно талд болж буй үйл явдлуудын талаар мэдээлэл цуглуулан шинжилгээ хийж ерөнхий сайд Шинзо Абэд тайлагнадаг гол хүн гэгддэг.

Харин Хойд Солонгосын Ажилчдын Намын Нэгдсэн Фронт хэлтсийг тус намын дэд дарга Ким Ён Чол удирддаг. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Вашингтонд айлчилж, сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Хойд Солонгосоос АНУ-д зочилсон хамгийн дээд албан тушаалтан болсон юм.

Эх сурвалж: Nikkei

Холбоотой мэдээ