COVID-19 туссан дуучин Пинк хүүгийнхээ хамт эдгэжээ

access_time 2020-04-06
remove_red_eye 149

 

Дуучин Пинк болон түүний гурван настай хүү Жеймсон COVID-19 туссан байсан ч эдгэсэн талаарх сайн мэдээг дуучин өөрийн цахим хаягтаа бичжээ.

Хоёр долоо хоногийн өмнө тэдэнд өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандахад коронавирусийн шинжилгээний хариу нь хоёулаа эерэг гарчээ.

Дараагийн хоёр долоо хоног бол бидний хувьд маш өндөр хариуцлагатай үе юм. Та гэртээ л байгаарай

Тэрээр энэ талаар өөрийн инстаграмдаа “Хэд хоногийн өмнө хүү бид хоёрт өвчний шинж тэмдэг илэрсэн тул аз болоход анхан шатны эмчид тест байж таараад шинжилгээ өгтөл эерэг гарсан.

Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд бид гэр бүлээрээ тусгаарлагдан, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэсэн. Харин хэд хоногийн өмнө дахин шинжилгээ өгтөл сөрөг гарч, бид хоёр эдгэжээ.

 

Манай улсын засгийн газрын шинжилгээг илүү хүртээмжтэй болгож чадаагүй нь туйлын үнэн бөгөөд дутагдалтай зүйл юм. Энэхүү өвчин ноцтой бөгөөд бодит зүйл. Хөгшин залуу, эрүүл өвчтэй, баян ядуу ялгаагүй хэн ч өвдөж болно. Хүүхэд, гэр бүл, дотны хүмүүсээ, нийгмийг нийтээр нь хамгаалахын тулд шинжилгээг үнэ төлбөргүй, илүү өргөн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна.

Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих зорилгоор хувиасаа болон хайрт ээж Жуди Мурын нэрийн өмнөөс түүний 18 жил тасралтгүй ажилласан Филадельфи дахь сүмийн их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн санд 500 мянган ам.доллар хандивласан. Мөн Лос Анжелес хотын захирагчийн Онцгой байдлын “COVID-19 Хямралын сан”-д 500 мянган ам.доллар тус тус хандивлаж байна.

Эрүүл мэндийн салбарын бүх мэргэжилтэн, хайртай хүмүүсээ хамгаалахын төлөө маш их хичээж байгаа бүгдэд нь баярлалаа. Та бол бидний баатрууд юм! Дараагийн хоёр долоо хоног бол бидний хувьд маш өндөр хариуцлагатай үе юм. Та гэртээ л байгаарай” хэмээн бичжээ.

 

Эх сурвалж: Today

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549