Канад улс өнөөдрөөс эхлэн марихуаны хууль ёсны хамгийн том зах зээл болж байна

2018-10-17 574 0

 

Өнөөдөр буюу Лхагва гарагаас эхлэн Канад улс марихуаны хэрэглээг хууль ёсоор зөвшөөрсөн хамгийн том зах зээлтэй орон болж байна. Марихуана буюу канабис нь мансууруулах үйлчилгээтэй ургамал юм.

Тус улсын хамгийн зүүн захын бүс нутгууд, тухайлбал Ньюфаундлэндээс эхлэн марихуаны худалдаа өнөөдөр эхэлжээ.

Үүнээс гадна 30 грам хүртэл марихуан хадгалж, хэрэглэж байсан хэргээр хоригдсон бүх хүмүүсийг өнөөдөр шоронгоос суллахаар болсон байна.

Уг өршөөлийн шийдвэрийг Лхагва гарагийн орой зарлахаар төлөвлөжээ. Канад улс 2001 оноос эхлэн эмчилгээний зориулалтаар марихуаныг хэрэглэхийг зөвшөөрч эхэлсэн байдаг. Харин сүүлийн хоёр жил шургуу ажилласны эцэст ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газар марихуаныг зугаа цэнгээний зориулалтаар хэрэглэхийг хуульчилж байгаа нь энэ юм.

Ингэснээр нийгмийн сэтгэл зүйг өөрчилж, хар захын худалдааг албан ёсоор журамлах, хянах боломжтой болж байна. Марихуаны хэрэглээг дэлхийд анх удаа хуульчилсан орон нь Уругвай юм.

АНУ-д одоогоор 9 муж улс марихуаныг зугаа цэнгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрч, 30 гаруй муж эмчилгээний зориулалтыг нь хуульчлаад байна. Калифорни муж одоогоор ийм хэрэглээний тус улсын хамгийн том зах зээл юм.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ