Д.Сумъяабазар: Монголд “Роснефть” орж ирэхгүй

access_time 2018-10-17
remove_red_eye 109

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2018.10.17/ валютын ханшийн талаар мэдээлэл сонссоны дараа үргэлжлүүлээд шатахууны үнийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонсов. Мэдээллийн эхэнд улсын болон хувийн нийт 107 мянган тонн шатахууны нөөцтэй байгааг онцлов. Мөн “Роснефть”-ийн салбар Монгол Улсад орж ирнэ гэж ташаа мэдээлэл цацагдах болсон гэлээ.

Тэрбээр “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг 100 хувь импортоор авдаг. 2017 онд 1,49 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авсан. Үүний 94 хувийг ОХУ-аас авсан. Газрын тосны бүтээгдэхүүнийг төрлөөр нь авч үзвэл 90-ээс дээш октантай бензин 27 хувь, 90-ээс доош октантай бензин 4 хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, тос тосолгооны материал 16 хувийг эзэлж байна.

ОХУ, Монгол Улсын аж ахуй нэгжийн хооронд байгуулсан гэрээний дагуу Сингапурын үнээр шатахуун худалдан авах боломж бүрдсэн. Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт манай улсын жижиглэн борлуулалтын үнэд шууд нөлөөлж байна. Газрын тосны бүтээгдэхүүний дундаж үнэ 2016 онд сүүлийн 10 жилд байгаагүй доод хэмжээнд хүрч, 43,55 ам.доллар байсан. Үүнээс хойш тасралтгүй өсч байгаа. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард нэг баррель нефть 69,18 ам.доллар байсан. Одоогийн байдлаар нэг баррель нефтийн үнэ дунджаар 24,7 хувиар өссөн.

Энэ аравдугаар сард нэг баррель нефть 80-87 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгаа. Цаашид газрын тосны олборлолт, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас хамаарч арваннэгдүгээр сард өсөх, хэлбэлзэх төлөв харагдаж байна. Шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас татварын бодлогын арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн.

Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор шатахууны импортын татварын хэмжээг 2017 оны долоо, арваннэгдүгээр сард нэмэгдүүлсэн. Үүнээс хамаарч шатахууны жижиглэнгийн үнэд огцом нөлөөлсөн. Иймд 2018 оны нэгдүгээр сард А80, А-92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Энэ нь жижиглэнгийн үнийн огцом өсөлтийг саармагжуулсан. Одоогоор нэмэлт зохицуулалт хийгээгүй. Жил бүрийн 10 сараас дизель түлш өвлийн түлш рүү шилжихтэй холбоотойгоор импортын үнэ тонн тутамд 50 ам.доллараар өсдөг. Буцаад дөрөвдүгээр сард зуны түлш рүү шилжихээр 50 ам.доллараар буурна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 45-85 ам.доллар өсөх статистик судалгаа гарч байна” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув. Тодруулбал, О.Баасанхүү гишүүн хуурамч шатахууны талаар тодруулав.

Хуурамч шатахууны талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хариулт өгөв. Тэрбээр “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2017 онд тушаал гаргаж, хуурамч шатахууныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлт 2018 оны зургадугаар сард гарсан. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах бэлтгэл хангадаад байгаа.

Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгжийг хамруулсан. “Эрдэнэт” хотод үйл ажиллагаа явуулдаг “Петролеум продакшн”, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ай Си Ай Си”, “Транс”, “Алтан оршихуй” компаниуд хамрагдсан. Ингээд зургаан чиглэлээр дүгнэлт гарч байгаа. Лабораторийн шинжилгээгээр хоёр, гурван төрлийн стандартын шаардлагад хүрэхгүй байна гэж дүгнэсэн. Цаашид хилээр орж ирж байгаа нэмэлт бүтээгдэхүүнээс татвар авдаг байх хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сангийн дэд сайд Х.Булгантуяа шатахууны үнийн өсөлтийг саарамжуулахын тулд онцгой албан татварыг тэглэсэн, цаашид өөр арга байхгүй гэж үнэнийг хэллээ. Тэгэхээр өмнөх дөрвөн жилд хэрэгжүүлж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Хүссэн хүсээгүй та нар бидний замаар алхана.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549