Харь нутаг зорисон иргэдээ байгаа улсад нь тусгаарлая

access_time 2020-04-02
remove_red_eye 115

 

Өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусээр халдварласан иргэдийн тоо 12-д хүрсэн талаар ЭМЯ-наас мэдээлээд байна. Хамгийн сүүлд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өмнөх вирус илэрсэн иргэдийн өвчний түүхийг сөхөж харвал Францаас, Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэд бүртгэгдсэн.

Эндээс уг вирус манай улсад тархсан бус гаднын улс орноос тээвэрлэгдэн орж ирж байгааг харж болно. Гэтэл Засгийн газар тусгай үүргийн онгоцнуудаар гадаад оронд буй иргэдээ авчрах шийдвэр гаргалаа.

Улсын онцгой комиссоос энэ дагуух ажлыг зохион байгуулж байна. Тусгай үүргийн нислэг БНХАУ-ын Ухань хотоос монгол оюутнуудаа авчрахаас эхэлу байсан бол гуравдугаар сарын дундуур Москва, Истанбул, Сөүл, Токио зэрэг Монгол Улсын шууд нислэгтэй чиглэлүүдэд байгаа иргэдээ татаж авчирсанаар үргэлжилсэн юм. Гэвч эдгээр нислэгүүдийн ачаар өнөөдөр манай улсын халдвартай иргэний тоо 14-т хүрчхээд байна.

Улсын онцгой комиссын сүүлийн мэдээллээс харахад дөрөвдүгээр сарын 2-ноос Сөүл болон Токиогоос монгол иргэдээ авчрах бэлтгэл хангагдсан байна.

 

Харь орныг зорьсон иргэдээ эх орондоо авчирах нь энэ Засгийн газрын хувьд ард иргэдээсээ нэмэх оноо цуглуулах таатай боломж мөн боловч энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр вирусийн халдвар авсан иргэний тоо нэг нэгээр нэмэгдэж байгааг мартаж болохгүй. Тээвэрлэгдэж ирсэн коронаг тусгаарлаж, тархалтыг хянаж чадаж байгаа Эрүүм мэндийн салбарыг энд сайшааж болох ч эсрэг талд нь элгээрээ хэвтэж буй эдийн засаг монголчуудын хувьд аюулын харанга дэлдэж байна.

Халдварын тархалт нэмэгдсээр байвал хөл хориог ахин сунгахыг үгүйсгэхгүй. Монгол Улсын эдийн засгийн тэтгэж байдаг хувийн хэвшилд гацалт үүсч, монголчуудын ажиллах хүчний чамгүй хэсгийг өөртөө багтаадаг худалдааны салбар үйлчлүүлэгчгүй болж, ААН-үүд ажилчдаа цомхтгож, хаалгаа барихдаа тулж байна.

 

Мөнгөний эргэлт зогсож, Засгийн газраас 5.1 их наядаар эдийн засгаа услах, Төв банкнаас арилжааны банк дахь иргэдийн зээл, түүний хүүг царцаах, үйлчилгээний тарифад өөрчлөлт оруулах зэргээр хямралын үеийг даван туулах арга хэмжээ авч байна. Гэвч өмнө хэлсэнчлэн гаднаас коронавирусыг тээвэрлэсээр байвал энэхүү гал унтраасан арга хэмжээ ач холбогдолгүй болж улс орон цаашид гүн хямралд орох нь ойлгомжтой.

Гаднын улс оронд Монгол Улсаас 180 мянга гаруй Монгол Улсын иргэн ажиллаж, амьдардаг. Тэдний 5600 гаруй иргэн эх орондоо эргэж очих хүсэлтээ суугаа орныхоо Элчин сайдын яамдад албан ёсоор өгчээ. Эдгээр иргэдийн 2000 гаруй нь Солонгос улсаас ирэхээр бүртгэгдсэн байна. Монгол хүн эх орноо зорих нь зүйн хэрэг. Харин Монгол Улс даяараа эрсдэлд орох эсэх нь бодлого боловсруулж, шийдвэр гарагчдын асуудал.

🇲🇳КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРГҮЙ БАЙХ ШИЙДЭЛ ✅🩺 Гадаадаас ирэх хүсэлтэй байгаа иргэдээ тухайн улсад нь бага зардлаар 21 хоног тусгаарлах.🏨 Дэлхийн зах зээл дээр зочид буудлууд 90% хямдарсан.⌚️Технологи ашиглаж бага хүн хүчээр олон хүнийг хянах. Смарт бугуйвч!✈️ Иргэний агаарын тээврээ дампуурлаас аврах. ҮР ДҮНД:✅ 3 сая иргэний амь нас эрүүл мэнд бүрэн хамгаалагдана.✅Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа бүх иргэдээ авчрах боломжтой болно.✅ Айдас үгүй болж дотоодын эдийн засаг сэргэнэ.Жич: ДЭМБ журмын дагуу халдвар авсан хүн тухайн улсдаа эрүүл мэндийн үйлчилгээ авна❗️

Posted by Munkhtulga Purevbaatar on Sunday, March 29, 2020

 

Хяналт шалгалт хийгээд байгаа ч ирсэн хойноо вирусийн халдвартай нь тогтоогдоод байхад Улсын онцгой комисс Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 бүртгэл баталгаажсан иргэнийг авчрахаар болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан албан ёсны мэдээлэлд дурдагдсанаар коронавирусын нууц үеийг 5,5-19,6 өдөр гэж үзжээ. Өөрөөр хэлбэл халдвар тээсэн иргэд нууц үедээ эх орноо зорин ирж, Монгол Улсад голомтоо сахиад үлдсэн гурван сая иргэнийг эрсдэлд оруулаад зогсохгүй, хөл хорионд давхар хорогдчихсон эдийн засгийг хорлож байгаа хэрэг юм. 5600 иргэнтэй хамт эдийн засаг, эрүүл мэндийн ямар их хөнөөл ирэхийг өнөөдөр тааж хэлэхэд бэрх байна.

Тийм ч учраас цар тахлын голомттой эдгээр улс орноос иргэдээ авчрах нь эх оронч шийдвэр мэт харагдавч, эрсдэл ба эдийн засгийн сөрөг нөлөөллийг бодитой харвал эх орноо бодоогүй ч юм шиг үйлдэл харагдаж байгаа биз.

Тэгвэл ийм нөхцөлд ямар арга зам байгаа талаар эдийн засагчид саналаа дэвшүүлж байна.

 

Тэдний хэлж байгаагаар иргэдээ авчрахаасаа өмнө тухайн оршин суугаа улс оронд тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой аж.

Эдийн засгийн зогсонги байдал зөвхөн Монгол Улсад бий болсон асуудал биш. Цар тахлаас үүдэн гарч буй эдийн засгийн хүндрэлүүд дэлхий нийтийн худалдаа, үйлчилгээний салбарын үнийг 90 хувь хүртэл унахад нөлөөлж байна.

Тухайлбал, Солонгос Улсын Олон улсын нисэх буудал Инчоны ойролцоох хоногийн 75-80 долларын үнэтэй буудлууд эзгүйрч хоногийн 25 доллар болтлоо хямдарчээ. Тиймээс эх орноо зорин ирэхийг хүсч буй 2000 гаруй иргэнээ шууд тээвэрлээд авчрах биш тухайн улсад нь 21 хоног тусгаарлаад, халдваргүй гэдэг нь баталгаажвал эх орондоо авчрах хамгийн зөв хувилбар гэдгийг хэлж байна. Хөл хорионд байх хугацаанд иргэдээ дэвшилтэт технологиор бүрэн хянаж, халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхийг тогтоох боломжтой. Наад зах нь халуун, зүрхний хэм, байршил зэргийг нэгэн зэрэг тогтоох хүчин чадалтай бугуйвчийг тусгаарлагдсан иргэдэд зүүж, нэгдсэн системээр хянах бололцоо бий. Ийм төрлийн бугуйвч зах зээл дээр 10-16 долларын үнэлгээтэй зарагддаг байна.

 

,Энэ үйл ажиллагааг Монгол Улсын эрх бүхий байгууллагын цөөн тооны хүн тухайн улс дахь Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахад л хангалттай юм. Ийм маягаар амжилттай зохион байгуулж чадвал дотооддоо тогтоосон хөл хориог цуцалж, эдийн засгаа сэргээх бүрэн боломж байна.

Харин хөнгөн хуумгай хандаж мянга мянгаар нь иргэдээ зөөгөөд эхэлбэл ниргэсэн хойно нь хашхирав гэгч болж ард иргэдээ аюулт өвчний аманд авчирч, ядарсан эдийн засгийнхаа хойдохыг уншиж мэдэх юм.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549