ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй гар барьсан эмчээс коронавирусийн халдвар илэрлээ

access_time 2020-04-01
remove_red_eye 132

 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилж, нөхцөл байдалтай танилцсан билээ.

Энэ үеэр Коммунарка эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко түүнтэй уулзаж, ажлаа танилцуулж байв. Тэдний гар барин мэндчилж, хамтдаа эмнэлгийн тасгуудаар алхаж байгаа зураг Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн юм.

Тэгвэл Проценко шинэ коронавирусийн халдвар авч, тусгаарлагдсаныг эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээллээ.

Энэ мэдээг тарсны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “бүх зүйл хэвийн” гээд ОХУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийг тогтмол хянаж байгааг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Проценко нь сүүлийн үед ОХУ дахь коронавирусийн тахлын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч, олны танил болоод байгаа. Өчигдрийн байдлаар Орос улсад Covid-19 халдварын 2,337 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас бараад байгаа билээ.

Гуравдугаар сарын 18-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө Владимир Путин “Нөхцөл байдал бүрэн хяналтад байна. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Орос улс маш сайн бэлтгэлтэй байгаа” гэж ярьж байжээ.

Энэ долоо хоногоос эхлэн нийслэл Москва хотод хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлсэн. Өчигдөр тус улсын хоёр дахь том хот Санкт Петербургт бас ийм дэглэм хэрэгжиж эхэлжээ.

ОХУ-ын эрх баригчид хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүмүүст тооцох хариуцлагыг чангатгаж, 7 хүртэл жил шоронд хорих шийтгэл, $25,500 орчимтой тэнцэх мөнгөн торгууль оноодог болоод байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549