Эдийн засгийн хямралын эсрэг дэлхий ямар арга хэмжээг авч байна вэ

access_time 2020-03-17
remove_red_eye 306

 

Коронавирусийн цар тахал үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарч, дэлхийн өрх бүрийн амьжиргаанд нөлөөлж эхэллээ. Цар тахал дэгдсэн, онцгой нөхцөл байдлын үед нийгмийнхээ аюулгүй байдлыг хангах, хохирол багатай даван туулахад шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргах нь засгийн газрын үүрэг билээ. Хямралтай тэмцэхийн тулд зарим орны засгийн газар хэрэгжүүлэх бодлогоо одоо л хэлэлцэж байхад зарим нь нэн даруй арга хэмжээ авч эхэлсэн юм.

Харин манайд хөл хорионы улмаас цалингаа авч чадахгүй байгаа иргэд, хэрэглэгчдээ алдсан компаниудад чиглэсэн төрийн бодлого дутагдаж байна.

Цар тахлыг тархалтыг зогсоох, нийгмийн тогтвортой байдлыг хангах, халдварын голомт болж буй бүс нутгууд эдийн засгийн ямар арга хэмжээ авч буй талаар хүргэж байна.

 

  • АНУ

☑ АНУ-ын төв банк өнгөрсөн ням гарагт коронавирусийн хямралын эсрэг эдийн засгаа тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 0.25 хувь хүртэл бууруулж Холбооны Нөөцийн Сан нийт 700 тэрбум ам.долларыг хямралтай тэмцэхэд зориулж гаргахаар болсон юм.

☑ Мөн Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт коронавирустэй тэмцэхэд зориулж 8.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгох хуулийн төслийг үзэглэв. Үүнээс вакцин гарган авах, эрүүл мэндийн судалгаа хийх, коронавирусийн эмчилгээг хийхэд 3 тэрбум ам.долларыг зарцуулах бол 2.2 тэрбум ам.долларыг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж. Мөн 500 сая ам.долларыг шинэ технологиор дамжуулан ахмадуудад зөвлөгөө өгөх үйлчилгээнд зарцуулах юм байна.

☑ Коронавирусээс үүдэх хямралын эсрэг авах дараагийн арга хэмжээ буюу мужуудын ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг нэмэх, гүйцэтгэх өртөг болон бусад боломжит зардалд зориулан нэг тэрбум ам.долларыг зарцуулах аж.

☑ Мөн нярай хүүхэдтэй, коронавирусийн хямралаас үүдэн ажлын байраа алдсан, орлого багатай ээжүүдэд тусламж үзүүлэх зорилгоор хүнс тэжээлийн нэмэлт санхүүжилтийн төсөлд 500 сая ам.долларыг хуваарилах юм.

☑ Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур иргэд хоол тэжээлийн тусламж үзүүлэх байгууллагуудын ачаалал /food bank/ ихсэж буйтай холбогдуулан тус байгууллагуудад 400 сая ам.долларыг тусламж үзүүллээ.

☑ Мөн хуулинд тусгаснаар ажил олгогчид ажилчдадаа 7 хоногийн цалинтай чөлөө олгодог байсан бол нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс 14 хоногийн нэмэлт чөлөө олгох юм. Харин эдгээр тэтгэмжийг авах иргэд халдвар авахаасаа 30 хоногийн өмнө ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хангах аж.

 

Ази номхон далайн бүс нутагт

  • Хятад

☑ Дэлхийн нийт ДНБ-ий 16.3 хувийг дангаараа бүрдүүлдэг, эдийн засгийн хоёр дахь том тоглогч болох тус улсын хувьд ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг төлбөрийг түргэсгэж, нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөтгөв.

☑ Хятадын төв банкнаас банк, санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юаньтай (28.65 тэрбум ам.доллар) тэнцэх нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.25-аас 3.15 хувь болгон буруулсан юм.

☑ БНХАУ-ын Ардын банк эдийн засгийн хямралын эсрэг банкны системийн хөрвөх чадвар, зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд 1.2 их наяд юань буюу 174 тэрбум ам.доллар нийлүүлэв.

☑ Эдийн засгийн хямрал хамгийн түрүүнд нөлөөлөх бүс нутаг, салбаруудыг (тээврийн хэрэгсэл, аялал жуулчлал, буудал зэрэг) албан татвараас хөнгөлөх бодлого хэрэгжүүлэв.

  • Хубэй муж, Ухань хот:

☑ Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүнсний зах болон дэлгүүрүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулав.

☑ Махны нөөцийг нэмэгдүүлж, ердийн үеийн ханшнаас 15 хувь бага үнээр борлуулах санаачлага хэрэгжүүлж буй.

☑ Бага орлоготой иргэдийг 10 юанийн үнэ бүхий 5 кг хүнсний ногоогоор хангах арга хэмжээ авав.

☑ Өргөн хэрэглээний барааны үнийг албаны эх сурвалжаас иргэдэд тогтмол мэдээлэж байна.

  • Хонконг

☑Хонконг улс эдийн засгийн хямралыг хохирол багатай давах зорилгоор нийгмийн анги давхарга харгалзахгүйгээр 18-аас дээш настай иргэн бүрт 10 мянган хонконг доллар буюу 1,280 ам.долларыг нэг удаад өгсөн юм.

  • БНСУ

☑ Өмнөд Солонгосын хувьд ажил хайгч залуучуудын тэтгэмжийг цалингийн доод хэмжээ хүртэл нэмэгдүүлэв.

☑ Япон, Солонгос зэрэг улсууд хаалгаа барьсан үйлдвэрүүд, хөл хорионоос үүдэн гэртээ хүүхдээ харж буй эцэг, эхчүүдэд тэтгэмж олгож буй.

☑ БНСУ хямралд өртөж буй салбаруудыг орлогын болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөв.

☑ БНСУ-ын хувьд онцгой байдал зарлаж, урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тандалт судалгаанд зориулж, хоёрдугаар сарын 28-нд ерөнхий сайд Hong Nam-ki -гийн мэдэгдсэнээр 20 триллион вонийн нэмэлт төсөв гаргасан юм. Үүнээс,

☑ Газар эзэмшигч, түрээсийн бизнес эрхлэгч, автомашин эзэмшигчээс авах татварыг 50 хувь чөлөөлөх, хямралд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хувьд дэмжих, татвараас чөлөөлөх зорилгоор засгийн газраас 7 триллион вон зах зээлд гаргав.

☑ Мөн санхүү болон нийгмийн салбарт зээл, батлан даалт, хөрөнгө оруулалт хэлбэрээр 9 триллион вон гаргажээ.

☑ Орон нутгийн засаг захиргаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, импортын бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болн жижиглэнгийн худалдаанд 4 триллион вонийн төсөв баталсан юм.

☑ Мөн хөл хориог зөрчин гэрээсээ гарч буй өвчтөнүүдийн байршил тандах GPS-ийн систем зэрэг дэвшилтэт технологид хөрөнгө оруулсан юм.

☑ Төрийн болон хувийн хэвшлийн олон сая ажилчдаа гэрээсээ ажиллах уян хатан нөхцөлөөр хангаж байгаа аж. Мөн их хэмжээний гэнэтийн худалдан авалт буюу амны хаалт, гар ариутгагч, ариун цэврийн цаасыг их хэмжээний худалдан авахгүй байх арга хэмжээ авч, эдгээр нэр төрлийн бараанаас нэг удаагийн худалдан авалтад хязгаар тогтоож өгчээ.

☑ Эцэг, эхчүүдэд өдрийн 50 мянган вонийн цалинтай тав хоногийн чөлөө, автомашины худалдан авалтын татварын 70 хувиас чөлөөлөх, өндөр эрчим хүч зарцуулах гэр ахуйн бүтээгдэхүүний татварын 10 хувийг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

☑Жилийн орлого нь 60 сая эсвэл түүнээс бага бизнесийн байгууллагуудыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн юм.

Япон

☑ Засгийн газраас 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн. Түүнчлэн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон бизнесүүдэд зориулсан тусгай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа.

 

  • Шинэ Зеланд

☑ Тус улсын засгийн газар хямралын эсрэг эдийн засгаа дэмжихээр 12.1 тэрбум ам.долларын багц гаргасан бөгөөд үүний тал хувийг /5.1 тэрбум ам.доллар/ коронавирусийн хямралд өртөж буй бизнесийн салбарт ажиллаж буй иргэдэд долоо хоног тутамд тэтгэмж болгон хуваарилах аж. Ингэснээр бүтэн цагийн ажилчдад долоо хоног бүр 585.80 ам.долларын тэтгэмж өгөх аж. Хамгийн ихдээ иргэд 150 мянган ам.долларын тэтгэмж авах юм байна.

12.1 тэрбум ам.доллар нь тус улсын ДНБ-ий дөрвөн хувь бөгөөд энэ нь АНУ, Англи, Австрали зэрэг улсуудтай харьцуулахад харьцангуй их тоо гэж үзэж буй.

☑ Мөн 2.8 тэрбум ам.долларыг цахилгааны төлбөрөөс чөлөөлөхөд,

☑ 2.8 тэрбум ам.долларыг иргэд, ААН-үүдийг татвараас хөнгөлөхөд зориулна.

☑ Шинэ Зеландын төв банк бууруулах талаар хуралдаж буй бөгөөд маргааш танилцуулах аж.

  • Европын бүс нутаг

☑ Европын холбооны улсуудын комисс нь коронавирусийн хямралын эсрэг хариу арга хэмжээ авахаар хөрөнгө оруулалтын сан байгуулж, хямралд өртөж буй салбаруудад бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд 37 тэрбум евро /41 тэрбум ам.доллар/-г байршууллаа.

☑ Мөн дахин нэг тэрбум еврог /1.1 тэрбум ам.доллар/ европын хөрөнгө оруулалтын санд баталгаа болгон гаргаж, 8 тэрбум еврог хямралд өртөмтгий гэж үзэж буй 100 мянган жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих /8.9 тэрбум ам.долларыг/ зээл гаргахаар банкуудад байршуулав.

  • Итали

☑Тус улсын засгийн газар эхний ээлжид (хоёрдугаар сарын 25-нд) вирусийн дэгдэлтийн голомт болж, хямрал нүүрлээд буй 11 мужийн эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжихээр 900 сая еврог нөөцийн сангаасаа гаргасан юм.

 

Үүнийг:

Эрүүл мэндийн үйлчилгээ,
Орон сууцны зээлийн хүүг царцаах, татвар, нийгэм хамгааллын хуримтлалын сангийн төлбөрөөс чөлөөлөх,
Cassa lntegrazione Guadagni буюу ажилгүйчүүдийн тэтгэмжийн санд хуваарилах,
Бизнесүүдэд зээлийн батлан даалтын санг нэмэгдүүлэх ажлыг хийжээ.
Хоёр дахь шат нь

☑ Нэмэлтээр өнгөрсөн долоо хоногт 3,6 тэрбум еврог гаргаж улс даяар үүссэн эдийн засгийн хямралыг дэмжихэд зориулсан.

Үүнд:

Орлогынхоо 25 хувь алдсан компаниудад татварыг хөнгөлөлт үзүүлэх
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төсвийг нэмэгдүүлэхэд зориулах аж
Хямралд өртөж буй аялал жуулчлал, ложистик, үйлчилгээний салбаруудын татвараас чөлөөлөх
Cassa lntegrazione Guadagni буюу ажилгүйчүүдийн тэтгэмжийн сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зориулах аж.

  • Франц

☑ Францын засгийн газар төрийн болон хувийн хэвшлийнхний өөрийгөө тусгаарлаж буй албан хаагч, ажилтнуудад цалинтай чөлөө олгож эхэлсэн юм.

☑ Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сарын 17 буюу мягмар гарагаас эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргасан. Үүнд ус, байгалийн хий, цахилгаан, байрны түрээс багтаж буй.

☑ Түүнчлэн хямралд өртөх магадлалтай ААН-үүдэд 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

 

  • Дани

Данийн засгийн газар коронавирусээс үүдэх эдийн засгийн хямралаас болж цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхний ажилчдын цалингийн 75 хувийг даах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр гурван сарын хугацаанд буюу зургаадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилж нэг сарын цалинг хамгийн ихдээ 23 мянган Дани крон /3,418 ам.доллар/ төлөх ба үлдсэнийг нь компани өөрсдөө төлөх аж.

  • Англи

☑ Англи улсын төв банк бодлогын хүүгээ 0.75 хувиас 0.25 болгож буурууллаа.

☑ Мөн тус улсын засгийн газар төсөвийн нөөцөөсөө 12 тэрбум фунтийн багцыг гаргасан. Тус санхүүжилтээс эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэлтээр 6.7 их наяд фунтийг хуваарилав. Вирусээс үүдэн хүндрэл амсаж болзошгүй гэж үзэж буй бизнесийн байгууллагуудыг дэмжихэд 5 тэрбум фунтийг зарцуулна гэв.

☑ Английн төв банк коронавирусийн хямралд өртөж буй жижиг бизнесүүдэд шууд тусламж болох 3 мянган фунт олгож, зээлийн батлан даалтын сангийн 80 хувийг олгохоор шийдвэрлэв.

  • ИРАН

Ойрх дорнодын бүс нутагт тархалтын голомт болж буй Иран улсын хувьд халдварын 2300 тохиолдол бүртгэгдэж, 77 хүн нас баржээ. Эрх баригчдын 8 хувь нь вирусийн халдвар авсан байна.

☑ Ираны эрүүл мэндийн сайдын хэлснээр орон даяар 300 мянган эмч, эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнийг улс даяар санаачлав.

☑ Иран улс цар тахлын дэгдэлтийн эсрэг эдийн засгийн чадвараа дэмжихээр цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах ураны хүдрийн баяжмалын борлуулалтыг хурдасгаж эхэлсэн юм.

☑ Хөрш орнуудад үзүүүлэх эдийн засгийн хатуу бодлогоо сулруулав. Ингэснээр экспортын өмнөх алдаатай шийдвэрүүдээ эргэн харж цуцлах арга хэмжээ авч эхэлжээ.

☑ Вирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд 54 мянган хоригдлыг сулласан юм.

☑ Амны хаалтын хомсдол үүсэхээс сэргийлж экспортыг гурван сарын хугацаанд зогсоож, өөрийн улсын иргэддээ зориулж үйлдвэрлэлээ эрчимжүүлж байна. Иран улс татварын корпорац болон бизнест чиглэн татварын хөнгөлөлт, урамшууллын бодлого хэрэгжүүлэв.

 

  • Африк, Латин Америк

\Вирусээс хамгаалах эрүүл ахуйн шаардлага, халдваргүйжүүлэлтийг хангах нь Нигерчүүдийн хувьд томоохон асуудал болоод байна. Учир нь тус улсын хүн амын ердөө 42 хувь нь л ус болон савгийн хэрэгцээ нь хангагдсан, бусад 25 хувь нь усны гачигдалтай бүс нутагт амьдардаг юм.

☑ДЭМБ-ын зүгээс эрсдэл өндөртэй бүс нутаг, хөгжиж буй орнуудад оношлуурын төхөөрөмж, урьдчилан сэргийлэх хэрэгсэл, эрүүл мэндийн ажилтан илгээсэн юм.

☑Дэлхийн Банк COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах, хөгжиж буй улс орнуудын учирч буй бэрхшээлийг давахад туслах зорилгоор 12 тэрбум ам. долларын яаралтай тусламж үзүүлсэн юм.

☑ ОУВС-ын зүгээс “Covid-19”-ийн дэгдэлтийн дэлхий нийт эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хохирол багатай даван туулах зорилгоор хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад яаралтай тусламж үзүүлэхээр 50 тэрбум ам.долларын багц гаргасан. Үүнээс 10 тэрбум ам.долларыг ОУВС-гийн Шуурхай зээлийн хороогоор дамжуулан хамгийн бага орлоготой орнуудад хүүгүй нөхцөлөөр олгож эхэлсэн юм. Тус санхүүжилтийг халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх, тархалтыг тогтоон барих, хөл хорионд буй иргэдийн наад захын хэрэгцээг хангахад зарцуулах аж.

Ашигласан эх сурвалж:

  • weforum.org
  • eceuropa.eu
  • thehill.com
  • aljazeera.com
  • moef.go.org
  • cnn.com
  • washingtonpost.com
  • cnbc.com
  • fortune.com

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549