“Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллага хийдэг учир гэртээ тусгай бодис хэрэглэхгүй байхыг зөвлөж байна”

access_time 2020-03-13
remove_red_eye 590

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр гэртээ хэрхэн халдваргүйтгэл хийх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Амгаланбаяр зөвлөгөө өглөө.

Тэрбээр “Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусийн халдварын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хариу арга хэмжээ зохион байгуулж буй бөгөөд тэдний нэг нь халдваргүйтгэлийн үйл ажиллагаа юм. Үүнтэй холбоотойгоор манай төв рүү иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүд хандаж халдваргүйтгэл хийж өгөх тухай хүсэлтийг их тавьж байгаад зөвлөгөө өгөхийг хүсэж байна.

Халдваргүйтгэл хийх гэдэг бол анх голомт гарсан буюу сэжигтэй болон батлагдсан тохиолдлын явсан газар, гэр орон зэргийг ариутгах мэргэжлийн үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, халдвар гарсан газарт мэргэжлийн байгууллага халдваргүйжүүлэх бодисыг өвөрмөц мэдрэг чанараар нь үнэлж, тодорхой хэмжээний эрсдлүүдээ тооцоолон явуулдаг үйл ажиллагаа.

Одоогоор бид 1,275 ажиглалтад орсон тохиолдол, 282 сэжигтэй тохиолдлын явсан маршрут болон зорчсон тээврийн хэрэгсэл, онгоц, орон сууц гээд нийт 22,801 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтлийг хийх ажлыг зохион байгуулж байна” гэсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “Харин иргэд, аж ахуй нэгжийн хувьд хамгийн энгийн халдваргүйтгэл гэдэг бол цэвэрлэгээ юм. Мэргэжлийн байгууллагаар тусгай бодис ашиглан халдваргүйтгэл хийлгэх гэхээс илүүтэй өөрсдөө өдөр тутмын цэвэрлэгээг сайн хийх нь маш үр дүнтэй.

Тухайлбал, Гэртээ, албан тасалгаандаа өдөр бүр чигтэй цэвэрлэгээ хийж, цэвэрлэгээ хийснийхээ дараа цонхоо заавал нээж агааржуулах хэрэгтэй. Ер нь агааржуулалтыг хоёр цагийн зайтай хийх буюу хоёр цаг тутамд 10 минут агаар сэлгэх нь зөв гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол ч байдаг.

Халдваргүйтгэлийн бодисын хувьд хадгалах, ашиглах нь бүгд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу явагдах ёстой бөгөөд бодисыг тусгай нөхцөлд хадгалж, мэргэжлийн хүн тооцоолж учир халдваргүйтгэлийн бодисыг орон, гэртээ хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Иргэд орчныхоо цэвэрлэгээг хийхдээ энгийн саван, угаагч шингэн, белизна гэх мэтийг хэрэглэх нь хамгийн зөв халдваргүйтгэл болно.

Дахин сануулахад, тусгай халдваргүйтлийг сэжигтэй тохиолдол болон халдварын тохиолдол бүртгэгдсэн үед мэргэжлийн байгууллага хийдэг учир энгийн үед ашиглахад иргэд бодисоос хордох, харшил авах эрсдэлтэй. Тиймээс бодисыг гэр орны цэвэрлэгээнд ашиглахыг зөвлөхгүй” хэмээн хэллээ.

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549