Италид орон даяар хөл хорио тогтоожээ

access_time 2020-03-10
remove_red_eye 109

РОМ. /TASS/. Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Жузеппе Конте коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор орон даяар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолд гарын үсэг зуржээ. Баримт бичигт дурдсанаар, ажлын юмуу гэр бүлийн шалтгаанаар, түүнчлэн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед хөдөлгөөнд хориг тавьж байгаа аж.

Үүнээс гадна спортын бүх уралдаан тэмцээн, тэр дундаа хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зогсоож байна. Харин олимпын наадам болон олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээнүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд бэлдэхийг зөвшөөрчээ.

Өмнө нь зөвхөн Ломбард, Венето, Эмилия-Романья, Пьемонт, Марке мужуудад хөл хорио тогтоогоод байсан бол одоо энэ арга хэмжээг орон даяар авч байна. Үүнтэй холбоотойгоор музей, театр, кинотеатр зэрэг бүх үзвэр үйлчилгээг хаажээ. Түүнчлэн худалдааны төвүүдийн үйл ажиллагаа, тэр дундаа баяр амралтын өдрүүдэд зоогийн газрууд, олон нийт үйлчлүүлдэг хоолны цэгүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа аж.

Мөн боловсролын бүх байгууллага 4 дүгээр сарын 3 хүртэл хаалттай хэвээр байх юм байна. Сүүлд мэдээлснээр, Италид коронавирусээр халдварласан хүний тоо 9000 давсан бол халдварын улмаас 463 хүн нас барж, 700 гаруй хүн эмчлэгдсэн байна.

Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549