Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхдийн аюулгүй амьдрах, хөгжих нөхцөлийг дэмжсэн арга хэмжээ авахыг зөвлөлөө

access_time 2020-03-06
remove_red_eye 44

Шинэ төрлийн короновирус буюу COVID-19 халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/43 дугаар тушаал батлагдсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан, Улсын онцгой комиссын шийдвэрээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, цэцэрлэг, сургуулийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс мөн өдөр хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Энэхүү хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацаанд ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын телевизүүдийн холбоо хамтран “Теле хичээл”-ийг зохион байгуулж буй.

2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-д нийт 6,053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. 

Иймд ЕБС-ийн удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжих, сурах, эрүүл, аюулгүй амьдрах, эрсдлээс хамгаалах нөхцлийг дэмжсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зөвлөжээ.

Үүнд:

  • Сургуулийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас өгч байгаа мэдээллийг цаг алдалгүй онлайн хэлбэрээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэж ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
  • Сургуулийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цаг үеийн болон сургалт, эрүүл мэнд, болзошгүй осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөлтийг хийж, соён гэгээрүүлэх ажлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах;
  • БСШУС-ын сайдын А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, боловсруулах аргачлалын дагуу хүүхдийн хэл яриа-танин мэдэхүй, хөдөлгөөн-бие бялдар, харилцаа-нийгэмшихүйн хөгжил гэсэн гурван айн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж, сургуулийн facebook групп, цахим шуудангаар  тогтмол хүргэж ажиллах;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслахдаа заавал онлайн хэлбэрээр ажиллах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг анхаарах;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэдэггүй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд сурагчдын хөгжих, сурах онцлог хэрэгцээг харгалзан арга зүйн болон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, дасгал, даалгаврын санг боловсруулж, цахим орчинд байршуулж, онлайн хэлбэрээр дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх олон загварын хамгийн чухал загвар болох “Гэр бүлд суурилсан хүүхдийг хөгжүүлэх загвар”-ыг эцэг эх, асран хамгаалагчид анхаарч та өөрийн хүүхдэдээ хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байгаа өөртөө үйлчлэх чадварыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна.
    Жишээлбэл: Олон нийтийн газраар явахгүй байх, явсан тохиолдолд тогтмол амны хаалт зүүх, гараа бохирдсон эсэхээс үл хамааран тогтмол савандаж угаах, чанартай хүнс хэрэглэх, дулаан хувцаслах, гэр бүлдээ, бие биедээ санаа тавих, эерэг уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлийн тайван амгалан байдлыг эрхэмлэх, ханиалгах, найтаах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах гэх мэт багтжээ
COVID-19 халдварын дэгдэлтийн эрсдэлт нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь ТА гэр бүлээ, ах дүү, найз нөхөд, эх орноо хамгаалахад оруулж байгаа ХУВЬ НЭМЭР гэдгийг байнга санаарай.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549