Л.БОЛОРМАА: ОРОН НУТГИЙГ ЦОГЦООР ХӨГЖҮҮЛЭХ НЬ МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ШУУД ХАМААРАЛТАЙ

access_time 2020-02-17
remove_red_eye 215

Дэлхий дахинд хөгжлийн тэргүүлэгч улсууд хот болон орон нутгийн тэнцвэртэй бодлого хэрэгжүүлдэг. Мөн тухайн бүс нутгийн онцлогт нь тохирох үйлчилгээг нэвтрүүлж байна. Харин манай улс хотдоо түгжирч, хөдөө нутаг эзгүйрэх болсон нь үнэн. Энэ бол бид хэрхэн хөгжиж байгааг харж болох нэг л жишээ. Энэ сэдвээр эрх зүйч, судлаач, АН-ын ҮБХ-ны гишүүн Л. Болормаатай ярилцлаа.

Та орон нутагт төрийн байгууллагын ажлыг шат дараалан хийсэн боловсон хүчин. Орон нутгийн хөгжилд юу хамгийн чухал нөлөөлж байна вэ?

Орон нутгийн хөгжлийн суурь гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд л төрийн зөв оновчтой бодлого шийдвэрүүд хэрэгтэй байна. Нэгдүгээрт, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбарууд зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, нутгийн удирдлагын зөв менежмент, эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж орон нутгийн бие даасан байдлыг хангах. Гуравдугаарт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, иргэдийн орлогын өөр эх үүсвэр өрх бүр үйлдвэрлэгч болгох хэрэгтэй. Эдгээр гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд төрийн зөв оновчтой бодлого шийдвэрүүд л нөлөөлнө. Монгол улсын хүн амын 60-аас дээш хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Хотын энэ их стресс, ачааллыг бууруулахад орон нутгийн хөгжлийг илүү их дэмжих хэрэгтэй. Өнөөгийн түвшинд орон нутгийг цогцоор хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн өсөлтөд шууд хамааралтай.

Тэгэхээр төрөөс баримтлах оновчтой шийдлийн тухайд…?

Орон нутгийн хөгжүүлэх зорилгоор 2001 оноос хойш төрөөс баримтлах хэд хэдэн удаагийн баримт бичгүүд гаргасан хэдий ч бодитоор биелэлгүй өдий хүрлээ.Үүнд улс төрийн нөхцөл байдал, ЗГ байнга солигддог, улс төрчидийн худал амлалтууд урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжихэд саад болж байна. Манай улсын хөгжлийг бүс нутгаар нь хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг бүсүүдийн хөгжлийн хүчин зүйл болгох, бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлснээр хот, хөдөөгийн ялгааг багасгана. Мэдээлэл харилцаа холбоо хурдацтай хөгжиж иргэдийн мэдээлэл авах эрх нь илүү их нээлттэй болж байгаа ч үүнийгээ иргэн бүр өөрийнхөө өрхийн орлого нэмэгдүүлэхэд түлхүү ашиглах тал руу нь хандуулах нь чухал гэж байна.

Бүсчилсэн хөгжлийн ач холбогдол нь юу бэ?

Орон нутгийг хөгжүүлж бүсчилсэн хөгжлийг бий болгоход үйлдвэрүүдийг олноор байгуулах жишээ нь Говь-Алтай аймагт махны үйлдвэр байхад баруун аймгийнхан бүгд Алтайд малын махаа өгч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн бий болгох, Завхан ноос угаах үйлдвэртэй бол баруун аймгийнхан бүгд Завханд ноосоо өгч боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах нь тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Орон нутагт үйлдвэр олноор бий болсноор ажилгүйдэл, ядуурал байхгүй болж иргэдийн амжиргааны эх үүсвэр нь сайжирна. Үүнийг төр бодлогоор зохицуулж иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээл, татварын хөнгөлөлтийг олгоод байгаа ч яагаад үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Жишээ нь ЖДҮ 2009 оноос хойш 10 гаруй жил болж байхад тэр зориулалтын дагуу ганц ч үйлдвэр байхгүй улс төрчид нь өөрсдөө авчихсан байгаа бүх нийтээрээ мэдэж байгаа шүү дээ.

Эдийн засгийн хувьд орон нутгийн өрсөлдөх чадварыг яаж нэмэгдүүлэх вэ?

Түрүүн хэлсэнчлэн орон нутгийн хөгжлийн асуудлаар гурван асуудлыг хөндөж хэлж байсны нэг нь орон нутгийн бие даасан байдлыг нь хангах тухай юм. Энэ нь нутгийн удирдлага ба төсөв, санхүүгийн асуудлыг нь л бие даасан болгоход орон нутаг хүссэн хүсээгүй хөгжиж мөн эдийн засгийн өрсөлдөх чадвар нь сайжирна. Жишээ нь, аймгийн засаг даргыг нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ –аар сонгоод Ерөнхий сайд уламжилж батламжлуулдаг. Үүнийг ИТХ нь сонгосон юм чинь ИТХ-ын тогтоолоороо баталгаажуулдаг байх хэрэгтэй. Мөн босоо удирдлагатай салбар хэлтсийн удирдлагыг орон нутгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн засаг дарга нь томилдог байх хэрэгтэй. Ингэж байж орон нутгийн удирдлагын бүтэц бий болж тухай орон нутгийн ажил урагш явна. Ер нь манай улсын хөгжлийн суурь бол баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гэдэг ч доороосоо дээш биш дээрээ доошоо өөрөөр хэлбэл гурвалжин дүрсийг доош нь харуулаад оройн хурц өнцгөөр нь харуулсан гэсэн үг. Дараагийн асуудал нь санхүү эдийн засгийн асуудал аймаг орон нутаг болгон өөрийн гэсэн онцлогтой бас эдийн засгийн орлогын эх үүсвэртэй. Жишээ нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том хоёр аймгийг эдийн засгийн өрсөлдөх чадвараар нь харьцуулан авч үзвэл Өмнөговь аймаг уул уурхай зонхилсон, Говь-Алтай мал аж ахуй ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл орон нутаг болгон өөрсдийн бие даасан орлого олж улсын төсөвт төвлөрүүлдэг. Үүнийг аль сэргэлэн лоббидсон улс төрч нь бусдын олсон орлогыг орон нутагтаа олж ирлээ гэж шоуддаг энэ байдал орон нутгийн өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Бүс нутгийн бие даасан байдлыг бий болгоход удирдлагын асуудлыг шийдвэрлэх нь ямар учиртай вэ. Одоогийн байдал нь яагаад зөрчилдөөд байна?

Орон нутгийн хөгжилд саад тушаа болж байгаа зүйл бол удирдлагын хямрал аймгийн ИТХ-ын дарга нь засаг даргаасаа эрх мэдэлгүй Ерөнхий сайдаас батламж авсан хүн засаг дарга дураараа авирлах хяналт сул байдаг. Босоо удирдлагатай яамдын газрын дарга нар аймгийн даргаасаа илүү их хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэлтэй. Мөн томилогдсон дарга аймгийн удирдлагуудын чиг үүргийг биелүүлэх сул талтай. Яамнаас, дээд газраас тийм чиглэл өгсөн гээд сууж байдаг. Иймээс удирдлагын хомсдол орон нутагт хамгийн их чөдөр тушаа болдог.

Цаашид орон нутгийн хөгжүүлэхэд юуг илүү анхаарах нь зүйтэй бол?

Маш товчоор хэлэхэд төрийн байгууллага, иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж та бид бүгдийн идэвхитэй хамтын үйл ажиллагааны үр дүнд орон нутгийн хөгжлийн шинэчлэлийн бодлого амжилттай хэрэгжинэ.

Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549