ЭМЯ: Коронавирусийн нууц үе 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай

access_time 2020-02-11
remove_red_eye 203

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн. ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна” гэв.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ 3,000 ОНОШЛУУР НЭМЖ ИРНЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: Өнөөдрийн байдлаар 43,099 тохиолдол бүртгэгдэж, 1,018 хүн нас барлаа. Нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ, ОБЕГ, МХЕГ хамтран дөрвөн удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ долоо хоногт эмнэлгийн халдвараас сэргийлэх үүднээс эмнэлгийн байгууллагуудад танхимын сургалт зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногт 3,000 оношлуур нэмж ирнэ” гэлээ.

ХХЕГ-ын Хурандаа Мягмардорж: Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас орж ирсэн.

Өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн. Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна” гэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549