Доктор Р.Бадмаанямбуу дуучин К.Номинжинд захидал бичжээ

access_time 2020-01-20
remove_red_eye 1367

“PETA Asia” цахим хуудсанд тавигдсан “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видео хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Энэ видеотой холбоотойгоор Монголын ноос ноолуурын холбооныхон мэдэгдэл гаргасан. Үүндээ “Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарласан” хэмээсэн юм. Дуучин К.Номинжин твиттер хуудсаараа дамжуулан уучлалт хүссэн олны дунд талархал, шүүмжийг зэрэг дагуулсан. Тэгвэл түүнд бас техникийн ухааны доктор Р.Бадмаанямбуу захидал бичсэн байна.

“PETA Asia” , #Номинжин, #Ямаа #Ноолуур-тай холбоотой мэдээлэл сошиалд тархаад намдахгүй байх шиг байна. Мэргэжлийн хүний хувьд дуугай байж болохгүй нь ээ. Энэ бичлэгийг PETA буюу Амьтдын эрхийг хамгаалах байгууллага анх 2019.05.13-нд олон нийтэд цацсан байдаг. Харин АНУ-д амьдардаг монгол ахуйгаасаа хол тасархай дуучин Номинжин дүү эх хэл рүүгээ орчуулж 2020.01.07-нд дахин цацжээ. Эхлээд няцаая, дараа нь үндэслэлээ хэлье.
1. Энэ бичлэг Хятад улсад хийгдсэн байна. Гэвч ноолуурын ямаа Хятадад голчлон Өвөр монголд төвлөрөх бөгөөд Шинжиан уйгар, Төвөд, Гансу, Шанши, Хэбэй, Шандун нутгаар тархан үржүүлдэг, голдуу цагаан зүстэй.
2. Өнөөдөр дэлхий нийтэд хүчээ авч буй Sustainability буюу Ээлтэй хандлагыг өв соёлдоо тээж ирсэн нүүдэлчин монголын мал маллах ухаанд ийм үйлийг цээрлэдэг.
3. Малыг төхөөрөх нь ноолуур самнахтай ямар ч холбоогүй, өөр өөр зорилготой, өөр өөр газар, цаг хугацаанд хийгддэг ажил. Гэхдээ малыг хотонд нь хоолойг нь хэрчиж төхөөрөх ёс Монгол уламжлалд байхгүй.
Ямааны ноолуур бол малын амийг хөнөөхгүйгээр, жилдээ нэг удаа хөөрсөн үед нь зулгааж хяргахгүйгээр зөвхөн самнан авч малдаа ч хүн арддаа ч хэрэгтэй нөхөн сэргээгддэг үнэт баялаг юм.
Ямааг тамлаж буй гэх энэ бичлэг Монгол улсад биш Хятад улсад хийгдсэн нь илт байна. Хашаа хороо нь чулуу ба тоосгон, плитан шалтай ч байх шиг. Хүмүүсийн хувцас хунар, тэр шарх руу хийж буй нь шилтэй талын хар архи юм уу эсвэл шингэн бодис бүгд Хятадынх. Тэр мал нядалгааны газар, хоолойг хэрчиж ямааг муулж (Номинжин дүү энэ үгийг шууд утгаар нь ойлгосон байна лээ. Ккк. “Муулах” гэдэг нь монголчуудын малыг алах, төхөөрөх гэхийг орлох цээрлэсэн үг юм л даа) байгаа хэсэг мөн л Монгол биш. Хамгийн гол нь тэр харгис гэмээр үйлдэл эвгүй бөгөөд хэзээ ч монгол малчин хийж чадахгүй үйлдэл!
Сүүл хэсэгт монголын тал нутгийн дүрс, банзан хашаатай айлд хийгдсэн бичлэг эвлүүлж оруулсан байна.
Яагаад монгол биш гээд өмөөрөөд байна гэхээр, нүүдэлчин монголчууд малаа тамлахыг хэзээнээс цээрлэж ирсэн. Мал малын дотроос ямаа янгууч амьтан гэдэг л дээ, самнах үед хөлийн боолтыг жаахан чангалбал, эсвэл самны шүд арьс руу эвгүй хатгавал чарлаж мэднэ.
Ямааны ноолуур хавар III.15-V.15-ны хооронд хөөрдөг ба монголын уудам нутагт зүүн аймгуудад эрт дулаардгаас 3 сар гармагц самнаж эхэлдэг. Ямар сайндаа Мартын баяраа хийх гээд онд тэвээрэг гайгүй орсон эр мал, сэрхээ хөөрсөн байвал эхэлж самнадаг. Exclusive Мааяа маань Номинжинг өмөөрч бас л мэдэхгүй мөртөө гаднын хүнээс хальт дуулснаараа ингэж бичсэн байна лээ <<…90-д оноос ямааны ноолуурыг цагаас нь эрт зулгааж авдаг болсон. Уг нь жамаараа ноолорч өөрөө унадаг юм. Гэтэл тэгж унадаг ноолуур нь үйлдвэрлэлд бүдүүн үстэй учраас чанарт нөлөөлөөд бдг, зулгааж авсан эрт ноолуур нь нарийн микронтой тансаг ноолуур гаргадаг юм>> гэнээ. Үгүй юмаа. Нэгэнт хөөрөөгүй л бол зулгаагаад ч ноолуур гарахгүй! 3 сард нарийн байснаа 5 сард бүдүүснэ гэж хэзээ ч байхгүй. Харин хөөрснөөс хойш оройтож самнавал хялгас, хаг ихсэж, ноолуурын дундаж голч бүдүүсдэг. Дашрамд түүхий ноолуур нь: 1. Ноолуур (down fibre/undercoat), 2.Хялгас (coarse hair/outercoat) гэсэн үндсэн 2 төрлийн үснээс бүрдэх ба эрлийзжээд ирвэл завсрын үс (Intermediate hair) гэх 3-дагч төрөл бас агуулагддаг юм. Нарийн бүдүүн ургах нь мөн л цаг улирлаас хамаардаг. Өвөл эрс хүйтэн жил мал тэсэж үлдэхийн тулд арьсны нэгж талбайд ургах үсэн ширхэгтийн тоо олширч, нарийн шигүү ургадаг амьтны бие организм байгальтай зохицдог ухаалаг зүй тогтолтой. Улмаар говь талын, уулын, хангайн бүсэд гэсээр хамгийн сүүлд баруун ба хойд нутгаар самнадаг. Ямаа самнах сам хүртэл үндэсний MNS стандарттай бөгөөд самны хэмжээ, шүдний өнцөг, үзүүрийн диаметрийг тогтоосон байдаг. Самнахад анхаарах зүйл бол мэдээж малыг зовоохгүй, зөв технологиор, самнаж дадсан хүн самнах ба залуу үедээ зааж сургах ёстой. Малчид бүл хүч муутай тул гуйлгаар хөлс төлж бусдаар самнуулдаг бөгөөд зарим сэтгэлгүй хүмүүс, олон ямаа самнаж, ахиу мөнгө авах зорилгоор хам хум самнаж, малын арьс биеийг шархлуулах тохиолдол байдгийг үгүйсгэхгүй ээ.
Хамгийн гол нь энэ явдал Өвөр монголд байна уу Монгол улсад байна уу гэдгийг тэр барууныхан ялгаж мэдэхгүй Монгол л бол монгол гэж хүлээж авдагт асуудал оршино. Ямааны ноолуур бол монгол улсын стратегийн үнэт баялаг тул иймэрхүү мэдээлэл нь гадаад зах зээлийн маркетингд сөргөөр нөлөөлөх том эрсдэл гарч болно. Иймэрхүү мэдээлэл гарах бүрд Монгол улсын засгийн газрын түвшинд хариу няцаалт, мэдэгдэл хийж байх нь зүйтэй юм. Өмнө нь таг байцгаасан, энэ удаад авууштай нь Ноос ноолуурын холбоо мэдэгдэл хийсэн байна лээ.
Тэр хүн веган байж болох ч мах иддэг жирийн хүмүүсийг малын амь тастдаг гэж буруутгаж, үгүйсгэх эрхгүй. Учир нь манай гариг дээр орчны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж буй бүх юмс амьд юм. Веган хүмүүс байгаль дээр ургадаг зэрлэг болон таримал ургамлыг мөн л тастаж иддэг, тэд мөн л амьд юм гэвэл ямар сонсогдох вэ?
Зөвхөн цагаан хоолтон хүн малыг хайрласнаас үүдэлтэй гэхээсээ монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болох том зорилготой мэдээлэл байж болзошгүй.
Ноолуур яагаад үнэ цэнэтэй вэ? Ноолуур зөвхөн нарийн, хөнгөн, зөөлөн болохоор үнэтэй гэж үү?
Нүүдэлчин монголын ээлтэй ноолуур таны биед өмсөгдөх хүртлээ хэчнээн их эрсдэл, бэрхшээл туулж, олон хүний энерги, хүчин чармайлтыг шингээн байж ирдгийг төсөөлж үзсэн үү?
• Нэг ямаа жилд дунджаар 7300 км бэлчээрийн зам туулдаг
• Нийт 410 нэр төрлийн байгалийн зэрлэг ургамал идэж хооллодог
• Дөрвөн улиралд дунджаар +30°C -аас -30°C буюу 50÷80°C далайцын халуун хүйтэнд тэсэж үлдсэн
• Жилдээ ядаж нэг удаа 30 мин эзнээрээ массаж хийлгэх замаар ноолуураа самнуулж, үнэт дулаан хувцсаа тайлж таашаал мэдэрдэг
• Өргөстэй тор, токтой утас, харанхуй хашаанд хашуулаагүй эрх дураараа байгалийн жамаараа амьдардаг аз жаргалтай, эрх чөлөөтэй, стрессгүй мал
• Таны нэг ширхэгт цамцыг бүтээхэд 3 ямааны ноолуур, 1 ш пальто бүтээхэд 10 ямааны түүхий ноолуур шаардлагатай
• 1 кг түүхий ноолуурыг үйлдвэр малчнаас 100,000 төгрөгөөр худалдан авдаг боловч ангилан ялгах, угаах, хялгас ялгах технологи боловсруулалтын дараа 50% нь өтөг бууц, ургамал шороо, шуудайн мяндас, будаг лак, тос зунгаг, хаг хог, хялгас зэрэг хаягдал болдог. Өөрөөр хэлбэл 50,000 төгрөгөөр хог худалдан авдаг юм
• Гэхдээ энэ мөнгө үргүй хаягдаагүй, малчин өрхийн багадаа 5 хүн, 3 хүүхэд, хоршооны 2 гишүүн, тээврийн 2 жолооч, 3 туслах ажилтны цалин орлого, болж амьдрал ахуйд нь бодитой нэмэр болсон
• Эдийн засгийн үр өгөөжийг харьцуулбал 1 тонн нүүрс 50$, 1 тонн зэс 6,000$, 1 тонн самнасан ноолуур 70,000$.?!
Тиймээс уул уурхайн бус аж үйлдвэрийг хөгжүүлж доллар олж улсаа хөгжүүлье гэвэл экспортод чиглэсэн хамгийн ойр, боломжтой нь ноолуурын салбар юм.
Ширхэгтийн хаан, цагаан алт, зөөлөн диамонд, бурхдын бүтээсэн ширхэгт хэмээн зуун зуунаар алдаршсан тансаг ширхэгт ноолуур тийм ч элбэг нөөц биш юм. Дэлхий дээр 100 сая тонн текстилийн ширхэгт материал жилдээ үйлдвэрлэдгийн 0.06% нь буюу 54,000 тонн нь малын гаралтай ховор онцлог ширхэгт (ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, лама алпака, викуна зэрэг) эзэлдэг. Гэтэл энэ өчүүхэн нөөцийн 50% нь зөвхөн ямааны ноолуур бөгөөд Монгол улс үүний тэн хагас орчмыг буюу 10,000 тонн түүхий ноолуур бэлтгэж дэлхийд Хятадын дараа 2-рт орж байна. Энэ үнэт түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж, экспортолбол монголын эдийн засагт асар том боломж юм.
Цөөхөн монголчууд минь ээ, эрх чөлөөгөө эдэлж болно оо, хамгийн гол нь мэддэг юмандаа дуугарч байхгүй бол болчимгүй хөнгөн мэдээллийг олон нийтэд цацсанаар улс орны нэр хүнд, эдийн засагт ямар их хор хөнөөлтэйг ухаараасай!
Техникийн ухааны доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, 2020.01.20

Зөв мэдээлэл энд. Real and true news is below:

Ташаа мэдээлэл энд. Fake news is below:

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549