Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно

2018-10-16 660 0

 

Монгол үндэсний бөхийн “Жудаг” бүлгэмээс чансаа өндөр шилдэг 16 бөхийн барилдааныг ирэх сарын 18-ны өдөр “Спортын төв ордон”-д зохион байгуулахаар болжээ. Чансаа өндөр 16 бөхийг дөрвөн хэсэгт хувааж барилдуулах аж. Шинэлэг хэлбэрээр зохион байгуулах энэ барилдаанд П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нарын энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг арслангууд хүч үзэхээ албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, М.Бадарч нар зодоглоно.

Дөрвөн хэсгийг эрэмбээр өндөр арслангууд толгойлж барилдах аж. Тэргүүлсэн дөрвөн арслан сугалаа сугалснаар хэн, ямар хэсэгт орж барилдах нь тодорхой болно. Энэ жилийн наадмын түрүү бөх Н.Батсуурь барилдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин үзүүр бөх улсын аварга Ч.Санжаадамба наадмын үеэр сарвуундаа авсан бэртэл нь бүрэн эдгэрч бэлтгэлдээ ороод удаагүй байгаа тул ирэх долоо хоногт барилдах эсэхээ албан ёсоор мэдэгдэнэ гэв.

Халз барилдааны түрүү бөхийг гурван сая төгрөг, үзүүр бөхийг хоёр сая төгрөг “Жалам хар” мотоциклоор тус, тус шагнах юм байна. Барилдааны даваа бүрийг 500 мянган төгрөгөөр байлахаар болжээ.

Холбоотой мэдээ