Нутгаа орхисон монгол гүнжийн түүх

access_time 2018-08-03
remove_red_eye 1145

12 насандаа төрсөн нутгаа орхин харь нутагт очиж хааны хатан болсон эрэлхэг монгол бүсгүй нойрсож буй цогцолбор газар өдгөө БНАСАУ-ын Көсэн хотноо бий.

Солонгосын түүхэнд 31 дэх хаан болсон Гоу Мин 19 насандаа Монгол нутгаас хатан болох хүнээ сонгосон нь Ванги байжээ. Ийнхүү хааны их хатан болохоор нутгаасаа гарсан монгол гүнжийн нэрийг зарим эх сурвалжид Ванчен, Ногук зэргээр дурдсан байна. Тэрээр Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн түүхтэй.

НУТГИЙНХАА ЗҮГ ШИРТЭН УЙЛАН СУУДАГ БАЙЖЭЭ

1341-1374 онд Солонгосын хаан ширээг атгаж байсан Гоу Мин хааны их хатан Вангиг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл зээ охин нь байсан гэх зэргээр олон янзаар домогт өгүүлдэг байна.

Ванги хатан 12 настайдаа гэрийн сургууль төгсөж хааны хатан болоход бэлтгэгджээ. Ингээд Солонгосыг зорьж, очих хүртлээ нэг жил яваад 13 насандаа хааны хатан болсон. Улмаар 15 насандаа анхны том тулалдаанд цэрэг удирдаж байлдаад ялалт байгуулан тус улсын түүхэнд эрэлхэг монгол гүнж нэрээр мөнхөрсөн баатарлаг түүхтэй. Монгол гүнж нутгаасаа 200 цэрэг дагуулан гарсан бөгөөд өөрийн итгэлт зөвлөхүүдтэй хамтдаа очсон байж. Нас бага гүнж гэрээ маш их санадаг байсан тул уулын оройд гаран Монгол нутгийнхаа зүг харан өдөржин уйлан суудаг байжээ. Түүний энэ ганьхарлыг хаан Гоу Мин хараад Монгол нутгийг нь санагдуулам нуур байгуулж өгч, эргээр нь дүүрэн бэр цэцэг тарьж өгсөн гэдэг. Хөөрхий гүнж хааны хатан болсноосоо 20 гаруй жилийн дараа буюу 36 насандаа төрөхийн хүндрэлээс болж нас баржээ. Түүнийг нас барахад Солонгос даяар 45 хоногийн турш гашуудал зарлаж, бүх хоригдлыг чөлөөлж байсан түүхтэй юм байна.

Уй гашууд автсан Гоу Мин хаан эрэлхэг хатнаа маш сайхан газар оршуулахын тулд яг тохирох газрыг улс даяар хайлгажээ. Тэр хатнаа оршуулаад өөрөө дараа нь хажууд нь нойрсохоо хэлж байж. Санал болгосон, эрж олсон газарт хаан заавал өөрийн биеэр очиж үздэг байсан бөгөөд сэтгэлд нь нийцэхгүй бол цагаан алчуураар даллана. Хэрэв цагаан алчуураар даллавал тус газрыг олж хаанд санал болгосон түшмэлийн толгойг тэр дор нь цавчиж, цаазалдаг байж. Ийнхүү явсаар бунхан байрлаж буй одоогийн Мансүсануулыг нэгэн түшмэл нь олоод хаанд хэлжээ. Гоу Мин хаан уулын орой хүртэл алхаж, эргэн тойрны газрыг хартал сэтгэлд нь тун нийцсэн тул нөгөө түшмэлийг шагнахаар шийдэв гэнэ. Харин уул руу алхахдаа гарсан хөлсөө арчихаар санаандгүй цагаан алчуураа гаргаад иртэл холоос харж суусан бараа бологчид нь цаазын ял гэж буруу ойлгоод нөгөө шагнал хүртэх ёстой түшмэлийн толгойг авчхаж. Хаан уулнаас бууж ирэн энэ тухай сонсоод “Хөөх минь ээ” хэмээн дуу алдсан бөгөөд тэр уулыг тухайн үед “Oh my буюу хөөх минь ээ” гэж нэрлэдэг байсан түүх байна. Монгол хатан Ванги хаан төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдартай байжээ.

МОНГОЛ ГЭР, ХОНЬ БҮХИЙ БУНХАН

Гоу Мин хаан, Монголын хатан хоёрын эл бунхан бүхий цогцолбор нь өдгөө БНАСАУ-ын аялал жуулчлал бүхий хамгийн том газар болжээ. Жил бүр олон орны жуулчид тус газрыг зорьж, монгол хатны бахархам боловч өрөвдөлтэй дээрх түүхийг сонссоноороо тэмдэглэн, буулгасныг орчуулан, тоймлон хүргэж байгаа нь энэ юм.

]

Хаантан хатныхаа дурсгалд зориулж тус бунхны загварыг өөрөө гаргасан бөгөөд шилдэг урлаачдаар долоон жилийн турш бариулж 1372 онд дуусгажээ.

Нутгаа орхисон монгол гүнждээ зориулан бунхныг эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр боржин чулуугаар барьсны өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.7 метр хэмжээтэй. Булшны доод талд чулуун шалтай. Гэрийг тойруулан зургаан хонь, зургаан барыг чулуугаар урлан байрлуулсан нь нийлбэр тоогоор жилийн 12 сарыг бэлгэддэг байна. Мөн, хонь нь зөөлөн сэтгэлийн илэрхийлэл болж монгол хатныг бэлгэддэг бол бар нь хүч чадлыг бэлгэдэж хаанаа илэрхийлдэг.
Хоньдын дүрслэл нь монгол хонийг яг дуурайлган хийсэн байдаг аж. Гоу Мин хаан өөрийгөө болон хайртай хатныхаа сүнсийг хамгаалуулахын тулд бунхны хажууд Күнзийн түшмэл хоёр, цэргийн түшмэл хоёрыг боржин чулуугаар урлуулжээ.

Хаан, хатан хоёрын нойрсон буй бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолсон байдаг аж. Энэ газрыг 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.

БНАСАУ-ыг зорьсон монголчууд болон төрийн өндөрлөгүүд тус бунханд зоч илж монгол хатандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид гурван жил дараалан монгол хатны бунханд залбирал үйлдэж байгаа бөгөөд энэ жилийн дөрөвдүгээр сард яваад ирсэн билээ. Дашрамд сонирхуулахад Монгол хатны бунханд зорин очсон монголчуудад л дүрст бичлэг хийхийг зөвшөөрдөг гэнэ лээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549