Тэмбүү Монголд харанга дэлдэж байна

access_time 2019-11-22
remove_red_eye 342

Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Бодит үнэн юм. Баримт хэлье. 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13.685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5.517 тохиолдол бүртгэгджээ. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байна. Энэ бол ЭМЯ-наас өгсөн бодит мэдээлэл. Тэгэхдээ улс орон даяар өрнөж байгаа “Тэмбүүг устгая” хэмээх үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүнд ингэж илэрлээ гэж дүгнэж байгаа юм шүү. Хэрвээ ийм илрүүлэг шинжилгээг цаг алдалгүй хийгээгүй бол далд нууцаар тоо нь өсч, хүрээгээ тэлээд л байх байсан гэж үзсэн хэрэг.

Зарим аймагт тэмбүүгийн өвчлөл харьцангуй өндөр байна

Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна. Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрсөөр

Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгджээ. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бас л өссөн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Учир нь өнгөрсөн онд ийм өвчтэй 49 хүүхэд төржээ. Тэгвэл он гарснаас хойш бүртгэгдсэн эдгээр 52 тохиолдлын 20 нь амьгүй, ес нь төрөөд нас барсан байна. Тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 48.1 хувь нь жирэмсний хяналтад огт ороогүй байж. Бусад нь эмчийн хяналтад байсан ч тэмбүүгийн шинжилгээ хийлгээгүй байсан гэнэ. ХӨСҮТ-ийнхөн хоёр жилийн өмнөөс тэмбүүгийн амьгүй төрөлтийг бүртгэдэг болсон байна.

Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29.290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийгээд 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. Эдгээр тоо баримтаас үнэхээр тэмбүү гэдэг энэ чимээгүй дайсан Монголд харанга дэлдэх хэмжээнд хүрснийг харж болно. Яагаад чимээгүй дайсан гэж нэрлэв гэхээр энэ өвчний шинж тэмдэг бүдэг, далд явагддаг учраас “Чимээгүй дайсан” гэж нэрлэж болно хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү тодорхойлсон учраас тэр.

Хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй

Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байгааг эмч нар хэлж байна. Тиймээс цаашид “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”- Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн. Ер нь эрт оношлогоогоор тэмбүү илэрсэн тохиолдолд 21 хоногийн хугацаанд гурван удаа тариа хийлгээд л бүрэн эдгэрэх боломжтой учир илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдаач ээ гэдэг уриалгыг нийтэд түгээж байгаа юм. Мөн бэлгийн хавьтагчийг илрүүлэх ажил учир дутагдалтай байгааг дахин дахин сануулж байсан. Яагаад гэхээр шинжилгээгээр тэмбүү илэрсэн тохиолдолд тухайн хүнийг эмчилж бүрэн эдгэрүүлсэн ч тэр нь өөрийн хавьтагчийг нууж үлдэх юм бол эмчилгээ гүйцэд үр дүнд хүрэхгүй. Мэдээж хэрэг, эмчлүүлэгч тэр хавьтагчтайгаа дахин харьцсан тохиолдолд өвчин эргээд тусах магадлалтай. Тиймээс хамгийн гол нь хавьтагчаа нууцлах хэрэггүй, хамтдаа эмчлүүлж байж бүрэн эдгэрнэ гэдгийг хэлээд байгаа юм. Социализмын үед хавьтагчийг илрүүлэх ажил маш өндөр хувьтай байдаг байсан бол одоо “Хүний эрх” гэдгээр бамбай хийж хавьтагчаа нууцалснаар тэмбүү өвчин хүрээгээ тэлэх шалтгаан болсон гэнэ. Ер нь манайхан үүргээ ухамсарлахгүй байж, эрхээ ярих эдлэх дуртайн гор нь ингэж гарч байгаа бололтой.

Бид нууцыг чандлан хадгална

Аргаа барсан эмч нар ингэж хэлээд сууж байна. Тэмбүүг устгах хүрээнд хийж байгаа ажлын тулгамдсан асуудал нь бэлгийн хавьтагчийг илрүүлж эмчлэх явдал юм. Хот хөдөөд хийсэн шинжилгээгээр тэмбүү өвчин 20-45 насны залуучуудад ихэнх нь илэрчээ. Гэхдээ шинжилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Тиймээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “За, чи очиж шинжилгээ өгчихөөд ир. Тэгээд ямар нэг юм гарвал би ч гэсэн адилхан гэсэн үг гээд ард нь суугаад үлдэж байгаа эрчүүд бий. Тиймээс эрэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Эмэгтэйчүүдээр битгий бамбай барь. Зоригтой ирээд шинжилгээ өг. Хамтдаа эрүүлж, аз жаргалтай амьдар” гэж хэлмээр байна. Бүгдээрээ эрүүл байцгаая” гэсэн юм.

Тэмбүүтэй хийх тэмцэл үргэлжилсээр

*Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр. Тэмбүүг устгая” үйл ажиллагааг энэ оны долоодугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлжээ. Тэмбүүг устгахаар тэмцэж эхэлсэн дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3.682 тохиолдол, 1.716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн байна. Тэмбүүг устгах үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2021 оны долоодугаар сарыг дуустал үргэлжлэх юм. Шинжилгээгээр “но”-той гарсан нөхдийг дор нь эмчилж эдгэрүүлж байгаа ч, хавьтагчийг нь олж эмчлэх үйл явц 47 хувьтай байгаа нь энэ талын мэргэжилтнүүдийг зовоогоод байгаа гол асуудал юм. Хар ухаанаар бодсон ч, 3682 тохиолдлыг эмчилж эдгэрүүлсэн атлаа 1716 хавьтагчийг “олсон” гэхээр үлдсэн 1966 хавьтагч хаана “нуугдаж” байгаа хэрэг вэ. Өөрөө ч мэдэлгүйгээр “чимээгүй дайсан”-аа тараасаар яваа уу гэдэг нь анхаарлын тэмдэг дагуулж байна. Тэртээ 1980-1997 онд 10 мянган хүнд тэмбүүгийн дөрвөн тохиолдол л илэрч байж. 1997-2007 оны үед энэ тоо найм болж өсчээ. Харин одоо 10 мянгад 19 болсон гэнэ. Гэхдээ зөвхөн Монголд байдал муудсан хэрэг бас биш гэнэ шүү. ДЭМБ-аас 2017 онд тэмбүү өвчний тархалт 70 хувь өссөн гэдэг үзүүлэлтийг дэлхий нийтэд зарласан байна. Гэвч цөөхөн монголчууд бид эртхэн энэ өвчнөөс нийтээрээ салж, хувийн ухамсараа дээшлүүлж, хариуцлагаа өндөржүүлэхгүй бол нэлээд хэдэн жилийн дараа хамраа хар даавуугаар тагласан хэсэг бүлэг хүнтэй болчих вий дээ.

Эх сурвалж: Medee.mn 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549