Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүүхдийг нь төрүүлжээ

access_time 2019-11-22
remove_red_eye 428

Өнгөрсөн тавдугаар сард Увс аймаг дахь цагдаагийн алба хаагч нар насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэрэгт холбогдож , тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа Ш.Мягмаржав, О.Дөлгөөн, нар сурагч охидыг хүчиндсэн хэргээр шалгагдаж, уг хэргийг аймгийн цагдаагийн газрын дарга Ч.Лхагвадорж нууцалж байгаа талаар хэвлэлээр цацагдаж байсан. Ийнхүү мэдээлэл ил болж, ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын албанаас шалгалт орж, Ч.Лхагвадоржийг албан тушаалаас нь чөлөөлж, хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарын хэргийг Улсын мөрдөн байцаах тасаг руу татан, шалгаж эхэлсэн.

Хэргийг тодруулбал, Зүүнхангай сум дахь цагдаагийн алба хаагч н.Дөлгөөн нь ЕБС-ийн сурагч охиныг “бусдад хэлбэл ална” хэмээн сүрдүүлж, хоёр жилийн турш хүчиндсэн. Үүний улмаас хохирогч охин 16 настайдаа жирэмсэн болж, ураг нь зургаан сар хүрч, томрохын хэрээр мэдэгдэн, хэрэг үүссэн байдаг. Ийнхүү асуудал үүссэнээр хохирогч охин сумын эмч, ГБХЗХГ-ын мэргэжилтэн нарт болсон зүйлсийг хэлж, “хүүхдийг төрүүлэхгүй. Хэрэв ургийг таслахгүй бол амиа хорлоно” хэмээн сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан боловч ураг 22 недель хүрсэн тул үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн шалтгаанаар арга буюу хүчирхийлэгчийн хүүхдийг өнгөрсөн наймдугаар сард төрүүлсэн байна. Хохирогч охины тухайд аав ээж нь салсан, ээж нь Улаанбаатарт амьдардаг бөгөөд тухайн үйл явдал болсноор охин ээж дээрээ ирж, хүүхдээ төрүүлэн, өсгөж байгаа юм байна.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр/2019.11.21/-нд Увс аймаг дахь сум дундын шүүхэд болж, Б.Гансүх шүүгч даргалан хуралдсан байна. Шүүх хуралд О.Дөлгөөн, өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хохирогчийн талаас нэг ч оролцогч байгаагүй байна. Учир нь хохирогч охины хууль ёсны төлөөлөгчөөр аймгийн ГБХЗХГ-ын өмгөөлөгч ажилласан боловч хүлээн зөвшөөрөлгүй, шүүхийн танхимаас гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээжийг тогтоосон байна. Гэвч охины ээж УБ-т амьдардаг, Увс аймаг руу явж, шүүх хуралд оролцох боломжгүйгээс хохирогчийн талын ямар ч оролцоогүйгээр шүүх хурал явагджээ. ШШҮХ-ийн шинжилгээгээр охиныг хүчиндсэн нь тогтоогдсон, түүний хүүхэд нь хүчирхийлэгчийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон зэрэг холбогдох бүх материалуудыг шүүх хэлэлцсэн ч насанд хүрээгүй охиныг 14 наснаас нь эхлэн хоёр жилийн хугацаанд айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлган хүчинддэг байсан цагдаагийн алба хаагчид гурван жил хорих ял оноожээ.

Хоёрдахь тохиолдол буюу мөн аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн алба хаагч Ш.Мягмаржав нь мөн л 17 настай охиныг хүчиндсэн хэргээр УМБТ-т шалгагдаж, сар орчмын өмнө шүүх хурал болж, мөн л гурван жил хорих ял сонссон байна.

Эх сурвалж: Zarig.mn 

Холбоотой мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549