Зулбуулах эм уусан эмэгтэйчүүдийн бие муудаж, хагалгаанд орох тохиолдлууд гарч байна гэв

access_time 2018-10-11
remove_red_eye 91

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийж, үр дүнгээ танилцуулжээ.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ. Сүүлийн үед хууль бус үр хөндөлтийн тохиолдол ихээр гарах болсон байна. Монгол Улсын хэмжээнд үр хөндөлт хийлгэж буй нийт эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь 20-35 насныхан аж.

Шалгалтаар, зарим эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй хэдий ч бүртгэлтэй газраа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөл аваагүй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Үүнээс гадна эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон байна.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг” болон “Амгалан” амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв. Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна.

Эмнэлгүүдээс эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдийг дурдвал:

-Тусгай зөвшөөрөлдөө заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй,

-Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүд- “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал”,

-Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан Гүнж”, “Цэцэгс”, “Сэцэнгоо” зэрэг эмнэлгүүдэд зөрчил илэрчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549