Увсын тойрогт 50 тэрбум, Нийслэлийн гишүүнд 1 тэрбум төгрөг төсөвлөснийг шүүмжлэв

access_time 2018-10-11
remove_red_eye 149

 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой 17:00 цагт ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлд гишүүдийн тойрогт харилцан адилгүй санхүүжилт хуваарилсан асуудлыг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг дотор Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсэг байгуулагдаж, тодорхой зардлуудыг хянан үзжээ.

Ажлын хэсгийн гишүүдээс “Увс аймгийн нэг тойрогт 50 тэрбум орчим төгрөг хуваарилсан мөртлөө Нийслэлээс сонгогдсон гишүүний тойрогт 1 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн нь шударга бус явдал. Сонгуулийн жил ойртож байхад ямар ч гишүүн тойрогтоо бүтээн байгуулалт хийхийг чухалчилна. УИХ-ын гишүүдэд жигд боломж олгох ёстой” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлсэн аж.

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Ганболд нарын гишүүд “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” гэсэн байдлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжилсэн байна. Улмаар “Сангийн яамны өндөр боловсролтой гэгдээд байгаа залуус амьдрал мэдэхгүй байна.Ард иргэдийн амьдралд нэн шаардлагатай нийгмийн ажлуудыг хассан” гэхчилэн шүүмжлэлийг гишүүд хэлжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн хуваарилалт дээр засалт хийх боломжгүй” гэсэн байдлаар асуудалд хандсан аж. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харах, гишүүдийн тойрогт нэн шаардлагатай ажлуудыг нэмж тусгах тал дээр анхаарахаа амласан гэх мэдээлэл байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549