138 ДУГААР БАГА СУРГУУЛЬ, 220 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ҮҮСЭЭД БУЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЛАА

access_time 2019-08-01
remove_red_eye 94

 

Гаднах тохижилтыг нь сайжруулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх шаардлагатай сургууль, цэцэрлэг Улаанбаатар хотод цөөнгүй бий. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын хэлж буйгаар судалгаа гаргаж, жилд 10-20 сургуулийн гадна орчны тохижилтыг сайжруулж байгаа юм. Үүнд нийслэлийн төсвөөс 800-900 сая төгрөгийн хөрөнгө зарцуулдаг ажээ.

Орчных нь тохижилтыг нэн даруй сайжруулах шаардлагатай сургууль, цэцэрлэгийн нэг нь Чингэлтэй дүүргийн XII хороон дахь 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолбор юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр тойрогтоо ажиллаж, улмаар нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон бусад холбогдох албаны хүмүүст нөхцөл байдлыг танилцуулсан юм.

 

2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан тус цогцолборт 800 орчим хүүхэд боловсрол эзэмшиж байна. Гэвч хүүхдүүд тоглох талбайгүй, авто замгүй тул эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөд бэрх. Тодруулбал, эл цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод авто зам, зогсоол барих боломжгүй болжээ.

 

Тус тойргоос нийслэлийн ИТХ-д сонсогдсон төлөөлөгч Ц.Баатархүүд хорооны иргэд энэ талаарх гомдол, саналаа удаа дараа хүргүүлсэн аж. Тиймээс тэрбээр санаачилга гарган, газар дээр нь ажиллаж, холбогдох албаныханд нөхцөл байдлыг харуулсан юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тэрбээр “Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаарах учиртай. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд хөрөнгийг нь шийдэж, сургууль, цэцэрлэгийн барилга барьж орхидгоо болих хэрэгтэй. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэггүй, тухайлбал, эцэг эхчүүд нь машинаа байрлуулах талбай, хүүхдүүд тоглох талбай байгуулдаггүй, стандартаа мөрддөггүйн тод жишээ бол Чингэлтэй дүүргийн XII хорооны 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолбор юм. Анх төлөвлөлтийн алдаа гаргаад уулын орой дээр барьчихсан. Хүүхдүүд хаана тоглох юм, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ яаж хүргэж өгөх вэ, цас орвол яах вэ гээд олон асуудал бий. Буруу төлөвлөлтөөр бүтээн байгуулалт хийснээс үүдээд алдааг залруулахын тулд нийслэлийн төсөв алдагдалд ордог. Тус цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Түшиц ханыг нь барихын тулд 700 сая төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн орчны стандарт ямар байна вэ гэдэгт нэгдсэн үзлэг, шалгалт хийхгүй бол болохгүй юм байна. Нийслэлийн удирдлага тухайн цогцолборт үүсээд буй асуудлыг шийдэхээр газар дээр нь ажиллаж байна. Цаашид холбогдох албаныхан аливаа бүтээн байгуулалт хийхдээ газар дээр нь ажиллах хэрэгтэй. Албан тасалгаанаасаа ажил хийснээс болж удаа дараа ийм алдаа гаргах ёсгүй” гэсэн юм. Мөн тэрбээр цаашид сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдэд ээлтэй стандарт нэвтрүүлэхийн тулд холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгээ онцолсон.

Тухайн цогцолбор орчимд авто зам тавих зураг нь ямар байх вэ, авто зам барьж болох уу, үгүй юү гэдгийг шийдэхэд бэрх гэдгийг холбогдох албаныхан хэлэв. Газрын байршил нь хэт налуу, авто зам тавихын тулд айлуудын газрыг чөлөөлөхөөс авахуулаад олон асуудал үүсэх ажээ. Өнөөдрийн эл арга хэмжээний үр дүнд нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан эхний ээлжинд тухайн цогцолборын дэргэд авто зогсоол байгуулах зураг төсөл гаргахаар болсон юм. Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү тухайн орчмын иргэдтэй уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөнө гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549