АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп : “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог”

access_time 2019-08-01
remove_red_eye 209

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар долоодугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.

АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон Конгрессийн зарим гишүүн оролцлоо.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.
Уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549