Улсын байцаагчийн оймсондоо боодол доллар нуусан бичлэгийг дэлгэв

access_time 2019-07-29
remove_red_eye 184

 

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.07.29/ мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хүргэлээ.

АТГ олон нийтийн анхаарлыг татсан нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгэсэн авлигын хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад та бүхэн мэдэж байгаа. 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг нь шүүхэд шилжүүлэх саналтай 308 буюу 33.6 хувийг нь хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. 11 хэргийг нэгтгэн шалгаж, хоёр хэргийг түдгэлзүүлж одоо 384 хэргийн үлдэгдэлтэй тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс 336-д нь хэрэг бүртгэлт хийх 49-ийг нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай, энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, орон сууц авто машин, тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан бэлэн мөнгийг хамгаалсан байна. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 дахин өссөн ийм үзүүлэлттэй байна.

Хэрэгт холбогдон шалгагдсан 29 буюу 10.1 хувийг улстөрийн 46 буюу 16.3 хувийг нь төрийн захиргааны 68 буюу 24 хувийг нь төрийн тусгай 28 хувь буюу 9.9 хувийг төрийн үйлчилгээний 35 буюу 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн албан тушаалтан 77 буюу 27.2 хувийг нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн албан тушаалтан эзэлж байна.

2019 ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР НИЙТ 29 ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН

2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Үүнд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан н.Батсайхан, Нийслэлийн газрын албаны захиргаа удирдлагын газрын дарга н.Амаржаргал, Тээврийн газрын дарга н.Отгонбаатар, МУБИС-ын эдийн засаг хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал н.Ганцэцэг, БСШУСЯ-ны харьяа Шинэ эхлэл сургуулийн захирал н.Эрдэнэ, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 233 цэцэрлэгийн эрхлэгч н.Саранцэцэг, Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Батсүх, Баянхонгор аймгийн политехникийн коллежийн захирал н.Чимгээ, Завхан аймгийн Улиастай сумын төв номын сангийн захирал н.Долгоржав, Өсвөр үе хүнс орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга н.Наранчулуун, Сити бааз консалтинг компанийн захирал н.Отгонбаяр нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. АТГ-аас шүүхэд шилжүүлсэн хэргүүд шийдвэрлэгдэж, тодорхой хэмжээнд хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан н.Ононд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг Эрүүгийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

АТГ-аас Прокурорын газартай хамтраад Авлигын эсрэг хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн этгээдийн хууль бусаар хөрөнгөжиж эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсад орлого болгох ийм нөхцөлийг шүүхэд тавьсны үр дүнд шүүхээс тухайн этгээдийн эзэмшлийн 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого шийдвэрийг гаргасан. Цаашид хохирол нөхөн төлүүлэх авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг арилгуулах тал дээр АТГ онцгойлон анхаарч ажиллаж байгаа.

Зарим хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа үед олон нийтийн дунд АТГ-ын талаар эргэлзээ төрүүлсэн мушгин гуйвуулсан улстөржүүлсэн мэдээлэл их гарах боллоо. Үүнийг зарим улстөрчид тодорхой ашиг сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүс олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээж хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг тогтмол хийж байна. Энэ нь хэргийг шударгаар хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэхэд саад учруулах гэсэн оролдлого гэж харж байна. Иймд тодорхой хэргүүдийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд зарим нотлох баримтуудын хамт олон нийтэд мэдээлж байх шаардлага бий.

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛСЭН

Салхитын мөнгөний орд газрын хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй болсон, мөн эрх шилжүүлэх гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэр бүхий шүүгч нарт хахуул өгсөн хэрэгт тус газраас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан зарим нөхцөл байдлыг ҮАБЗ-д танилцуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад, нэр бүхий шүүгч тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болох үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг мөн холбогдох эрх бүхий албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХОЁР ХЭРГИЙН БАРИМТЫГ БИЧЛЭГЭЭР ХАРУУЛАВ

Шүүхээр шийдвэрлэгдсэн хоёр хэргийн явцад баримтжуулагдсан бичлэгийг та бүхэнд харуулъя.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын газрын дарга Д.Батбаяр нь албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 174100009 дугаартай хэрэгт, хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгууллаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь олон улсын ачаа тээвэр зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох журмаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд тус компаниас 57 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Тухайн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайг тооцож нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож торгох ялаар шийтгэсэн.

Дараагийн бичлэгт Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга н.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэг байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баярсайхан нарын гэр, ажлын байр, биеэс нь нийтдээ тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан.

Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая таөгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тодорхой хэсэг бүлэг этгээдийн зүгээс хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх үйл ажиллагаа явуулах болсон. Ийм учраас шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн баримт материалыг олон нийтэд ил болгож байна. Зөвхөн дээрх хэрэг гэлтгүй шүүгч нартай холбоотой хэрэгт дээрх хэмжээний нотлох баримтууд авагдсан байгаа” гэлээ. Н.Баярсайхан нь оймсон дотроосоо зуутын ам.доллар нэг боодлыг нуусан нь бичлэгээр дэлгэгдсэн юм.

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Sunday, July 28, 2019

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549