Н.АЛТАНБААТАР: Цагдаагийн байгууллага орон тооны дутагдалтай, ачаалал өндөр байна

access_time 2019-07-18
remove_red_eye 122

 

Таны аав цагдаагийн хүн байсан гэсэн. Харин та одоо цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ТББ-ыг ажиллуулаад явж байна?

Аав маань цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад намайг дунд сургуульд байхад өөд болсон. Хүүхэд байхаасаа л аавыгаа харж энэ албанд ажиллана даа гэж боддог байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 жил ажиллаж байгаад 2009 оноос эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байна. Миний хувьд төрийн захиргаа, удирдлагын менежер, эрх зүйч мэргэжилтэй. Удам дамжин энэ албанд зүтгэж, ухаан суусан үеэсээ эхлэн энэ албаны жаргал, зовлонг харж, туулж ирсэн болоод ч тэр үү энэ алба, алба хаагчдын дуу хоолой нь больё, тэдний санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн төлөө хувь нэмрээ оруулья хэмээн зорьж, улмаар Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо /ЦАХЭАХХ/ төрийн бус байгууллагыг 2013 оны 8 дугаар сард цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Хэдийгээр одоо цагдаагийн байгууллагад ажиллахгүй байгаа хэдий ч энэ албаар хүмүүжсэн хүний хувьд алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, албаны үйл ажиллагааг иргэдэд зөв ойлгуулах, таниулах, энэ албанд учирч буй хүндрэл бэрхшээл, хууль, эрх зүйн зохицуулалтыг шийдвэр гаргах түвшинд уламжлах, нийгэм эдийн засаг, эрх зүйн баталгааг нь бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Холбоо одоо ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байна вэ?

Бидний үйл ажиллагаа алба хаагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг иргэд олон нийтэд зөв ойлгуулах, албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийг амьдралаа авч явахад нь туслах, гэр бүлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тийм ч учраас өнөөдөр манай холбооны үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг өдөр тутамдаа 8000 орчим цагдаагийн алба хаагч тогтмол авч байна.

Холбооны хувьд хуулийн төсөл батлуулах нь том ажлуудын нэг. Бид хэд хэдэн УИХ-ын гишүүдэд хандсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогтод хууль хэрэгжүүлэх, сахиулах чиг үүрэг бүхий бусад байгууллагын алба хаагчдын цалин хөлс хамгийн бага түвшинд байгуу тул цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тал дэр саналаа хүргүүлсэн. Цагдаагийн албаны хуулийн 86.2-т зааснаар Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтанд болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилсан нэг жилийг жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилсан нэг жилийг жил 4 сараар тус тус тооцно гэсэн байдаг. Гэвч цагдаагийн зарим албан хаагч энэ хуулийн хэрэгжилтэнд ордоггүй. Мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн нийтийн хэв журмын тасгийнхан гэх мэт. Бид энэ талаар холбогдох газрын хүмүүстэй уулзаж албан бичиг хүргүүлж шийдвэрлүүлсэн. ХЗДХЯ, ЦЕГ-ын удирдлагууд бид бүхний санал хүсэлтийг сонсож, дэмжиж ажилдагт баяртай байдаг.

Холбооны зүгээс алба хаагчидтай хэр их уулздаг вэ?

Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын хувьд тэр бүр нээлттэй санал бодлоо илэрхийлээд, үгээ хэлээд байж чаддаггүй. Тиймээс тэдний санал бодлыг хүлээн авах, байнгын уялдаа холбоотой байх үүднээс олон нийтийн сүлжээг ашиглан “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо” нэртэй пэйж хуудас, хаалттай фэйсбүүк групп нээсэн. Энэ группын хувьд 19.400 гаруй иргэд, олон нийт, дэмжигчид нэгдээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа 7926 алба хаагчид байна. Үүн дээр тэдгээрийн ар гэр, хүрээллийн хүмүүс мөн тус группд нэгдсэн байдаг онцлогтой. Цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээ мэдээллийг авдаг ганц суваг нь гэж хэлж болно. Энэхүү фэйсбүүк группээрээ дамжуулан алба хаагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал бодлыг нь нэгтгэн хүлээн авч, цааш нь шийдвэр гаргах түвшинд буюу ХЗДХЯ-ны сайд, ЦЕГ-ын дарга, удирдлагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тухайлбал, дуудлагад явж буй автомашинуудын бензиний өдрийн норматив дээр нэмж бензин олгох лимитийг нэмэгдүүлэх шийвэрүүдийг тухайн үед гаргасан байдаг. ЦЕГ-ын дарга удирдлагуудад холбооны зүгээс тавьсан саналуудыг хүлээн авч шийдвэрлүүлэх тал дээр ажилсан байдаг. Ингээд ярихад шийдвэрлэсэн асуудлууд их олон байдаг.

Цагдаагийн байгууллага өнөөдөр маш өндөр ачаалалтай ажиллаж байна гэдэг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

2011 оны Засгийн газрын 153 дугаар тогтоол гэж байдаг. Энэ нь цагдаагийн газар, хэлтсийн, бүтэц, орон тоог тогтоосон жишиг норматив. Цагдаагийн алба хаагчдын ажлын ачааллыг зүй зохистой байлгах, ажлын чанарыг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд уг тогтоолд заасан нормативын дагуу улсын хэмжээнд офицер, цагдаа, энгийн ажилтан буюу нийт 4000 гаруй хүний орон тооны хомсдолтой ажиллаж байна гэсэн тооцоо судалгаа гарсан.

Хичнээн хүний орон тоо дутуу байгаагаас үүдээд нэг хүнд оногдох ажлын ачаалал асар өндөр, илүү цагаар ажилладаг. Ялангуяа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, замын цагдаа гэсэн хүмүүст ажлын ачаалал их болж, амрах цаг хомс байдаг. Ингэснээрээ биеийн нөхөн сэргээх боломж дутмаг болж алба хаагчдын эрүүл мэндэд сөргөөр их нөлөөлж стресст өртөх, уур уцаартай болох, дотор эрхтэн, зүрх судас, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлүүд ихээр бий болж байна.

Өнөөдөр иргэдэд үйлчилгээ үзүүлж буй хууль сахиулах чиг үүрэг бүхий алба хаагчид болоод эрүүл мэнд, боловсролын салбарынхны төсвийг танаад байдаг нь харамсалтай юм. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд орон тоо их, ажиллах хүчний илүүдэлтэй гэж харахын бол өрөөсгөл юм.

Мөн УИХ-ын 2017 оны 04 сарын 14 ны өдөр баталсан 29 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт “Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2019 он хүртэл зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон. Мөн 6 дахь хэсэгт “Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох” гэсэн байдаг.

Таны бодлоор цагдаагийн байгууллагад ажилладаг хүн юугаараа онцлог вэ?

Миний хувьд цагдаагийн байгууллагад удаан ажилласан хүмүүс хэр баргийн сэтгэл судлаачаас илүү болдог. Онолыг нь үзээгүй ч гэсэн тухайн хүний нүдийг хараад, ярилцаад хүний дотоод сэтгэлийг унших чадвар эзэмшиж чаддаг болчихдог. Олон жил янз бүрийн түвшний, янз бүрийн асуудалтай хүмүүстэй харьцсаар байгаад тэд хүн таних нүдтэй болчихдог давуу талтай. Мөн энэхүү албанд ажиллаж байгаа алба хаагчдыг иргэд маань хүндэлж, ажил албанд нь тусалж байгаарай гэж хүсмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн мэндийг нийх ахмадууд, алба хаагчид, тэдний гэр бүлд нь хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь үргэлж мандан бадрах болтугай!

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549