“ГОЛОМТ”-ЫН БАЯСГАЛААН! ГОЁ БАНКИР Л БАЙ Л ДАА!

access_time 2019-07-06
remove_red_eye 373

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монголын зарим ААН, БНХАУ-ын ААН, компаниудтай хамтран ажиллах зарим баримт бичигт гарын үсэг зурсан. Тэдгээрийн нэг нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын SINOSTEEL ХК хоорондын гэрээ байсан. Мөн энэхүү SINOSTEEL ХК нь Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр Монголын “Эрдэнэ Стийл” ХХК-тай хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг байгуулсан билээ.

Гэрээ зурагдсан даруйд ямар хэлэлцээр хийсэн, аль компани, бүлэглэлийн ашиг сонирхол хангагдсан талаар миний бие нийтлэл бичиж байв. Тухайлбал тэр үед буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баатарын Амармэнд, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр “Цэцэнс холдинг” бүртгэлтэй байв. Харин “Цэцэнс холдинг”-ийн захирал нь Дагвын Мөнхтөр. Өнөөдрийн байдлаар энд “жижигхэн” өөрчлөлт орсон нь “Цэцэнс холдинг”-ийн хувьцаа эзэмшигч нь Данзандоржийн Баясгалан буюу та бидний сайд мэдэх “Голомт”-ын Д.Баясгалан уг төсөлд гарын үсэг зурснаас яг долоо хоногийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 2-нд бүртгэгдсэнийг та бүхэн харж байна. Ийнхүү өөрчлөгдсөнийг олон нийт төдийлөн анзаараагүй болов уу.

Хятад дарга ирлээ! Хурдаа нэмлээ!

Үүнээс хойш юу болсон бэ? БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар уулзаж хоёр улсын хууль сахиулах салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай албан яриа өрнүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нартай уулзсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Мөн бараг давхцаад БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжун Монголд айлчилсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын дарга С.Эрдэнэ мөн надтай албан уулзалт хийсэн. Энэ хүний ирсэн зорилго нь өнгөрсөн жил МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлал хийсэн, мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, одоо хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн ажлыг хурдасгах зорилготой” хэмээн онцолжээ.МАН- “Оюутолгойн нөхдүүд өөрсдөө мэдэж байгаа байх. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай танилцъя. Зүүн хойд Азид байгуулагдаж байгаа томоохон орд учраас далд уурхай хэрхэн явагдаж байгаатай танилцах, уурхайн бүтээн байгуулалт хэрхэн яаж явагдаж байгааг үзэж харъя,сонирхоё гэсэн хүсэлтийг тавьж явсан” гэсэн юм. Гэтэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга мэдэхгүй, Оюутолгой компанийн хэвлэлийн алба ” Тийм зүйл байхгүй” гэдэг байгаа. Айлчилж ирсэн Ван Яжун даргыг алдчихав уу, яав гэлтэй. Харин нэгэн эх сурвалж “Голомт”-ын Д.Баясгалан түүнтэй хамт Өмнөговьд явсан гэж сураг гаргав. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас албан бусаар лавлахад “Би хойшлуулшгүй чухал ажилтай, маш завгүй тул хамт явах боломжгүй гэдгээ хэлсэн” гэв. Ямар ч байсан Өмнөговьд, магадгүй “Голомт”-ын Д.Баясгалантай явсан бололтой таамаг тасрав.

Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийнхүү саяхан амьдаар мал гаргахад хэрхэн хурдавчилсан билээ, яг тэр замаар Багануурын уурхайн лиценз “Эрдэнэс Монгол”-д очив. “Эрдэнэс Монгол” нь “Бэрэн групп”-тэй хамтдаа “Эрдэнэ Стийл” –ийг үүсгэн байгуулсан гол хувьцаа эзэмшигчид. Нэмж хэлэхэд 2019 оны тавдугаар сарын 28-нд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ч бас “Эрдэнэс Монгол”-ынх. Магадгүй “Бэрэн групп” огт нөлөөлөхгүй байх дархлаа нь юусан билээ? Мөн дээр дурьдсанчлан Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Эрдэнэ Стийл” ХХК Хятадын SINOSTEEL ХК нь Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг байгуулсан.

“Ломбарданд” тавьсан Бөөрөлжүүтээ яах вэ!

Андуураагүй бол 2016 оны тавдугаар сарын 31-нд Төрийн ордонд Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Засгийн газар болон Хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол болж билээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулагч талыг төлөөлөн “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, “Пауэрчайна Ресурсэс” компанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин, “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амармэнд нар “Бөөрөлжүүтийн талд бүтээн байгуулалтын гэрэл аслаа” гээд л гарын үсэг зурсан юм даг. Хэн унтраачихсан юм, бүү мэд. Энэ удаагийн “гэрэл” ч хэзээ асаж, хэзээ унтрахыг таашгүй. Ямартай ч Хөгжлийн банкинд өнөөх бүтээн байгуулалтын гэрэл асаасан “Бөөрөлжүүт” төслөө “ломбард”-нд тавьчихсан.

Яаж баримжаалахаараа зарах үнээс 20 дахин их үнээр барьцаалж зээл авч чадав аа гэдгийн цаана улс төрд хамгийн их нөлөөтэй банкир Д.Баясгалан яригдах байтал тэгсэнгүй. Хоригдвол хоёроос дээш хонодоггүй, баригдвал бас нэг “шинэ санаа” яриад бултчихдаг “Голомт”-ын Д.Баясгалан “гоё бизнес” хийж чадвал үнэхээр мундаг бизнесмэн байх.

Нэг үйл явдлыг мартах шахсан нь “Капитал” банк дампуурахад хувьцаа эзэмшигч хуулийн хоёр этгээдийн нэг нь “Чоно финанс” байсан. “Чоно”, “Бэрэн” хоёрыг Т.Бадамжунайтай холбодог ч нэг хавтгай дээр харах ганц боломж гарсан маань угаас Т.Бадамжунайгаар овоглодог “Хангайн гурил” ХХК. Эзэмшигчдийн нэг нь “Бэрэн групп”, нөгөө нь “Чоно”-ын Энхболдсодонгийн хүү Агарын удирддаг “АМУ” группийн охин компани “Ургацхангай” ХХК. “Капитал” дампуурахад “Чоно” мэнд үлдсэн. Харин “Голомт” тэр үед хаана явсан бэ? Өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкуудад 511 тэрбуум төгрөг өгөхөөр УИХ хаалттай хуралдахад “Голомт”-ын асуудал яригдсан эсэхийг хэн мэдэх билээ.

“Голомт банкны өөрийн хөрөнгийн харьцаа 2018 оны эцэст системийн нөлөө бүхий банкны зохистой харьцааны шаардлага болох 14 хувиас яльгүй илүү байсан. 2019 оны эхээс тус банкны чанаргүй зээлийн харьцаа эрчимтэйгээр муудсан ба 2018 оны эцэст 5 хувь байснаас 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 10 хувь болж өсөөд байна. 2019 оны эхээс тус банкны чанаргүй зээлийн харьцаа эрчимтэйгээр муудсан ба 2018 оны эцэст 5 хувь байснаас 2019 оны 1 дүгээр улирлын эцэст 10 хувь болж өсөөд байна” гэж Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч (Fitch) агентлаг нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хэвлэлийн мэдэгдэлдээ дурдлаа. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудын өөрийн хөрөнгө тогтвортой байгаа эсэх, эх үүсвэрээ нэмэхдээ хэрхэн ямар замаар нэмсэнийг судалж үзэхээр хяналт шалгалт оруулахаар болсноо Монголбанкнаас өчигдөр мэдэгдчихлээ.

Ц.Нямдорж яасан юм бэ?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж банкны сэдэвт онцгой анхаарч ирсэн онцлогтой парламентач. Түүнийг өнөөг хүртэл “Худалдаа хөгжлийн банк”-тай Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар хонзогносоор явааг олон нийт мэднэ. Тэр зарчим ярихаасаа илүү улайрдаг нь ч анзаарагддаг. Яагаад “Худалдаа хөгжлийн банк”-ны удирдлагууд болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, “Монголын зэс” корпорацийн Ц.Пүрэвтүвшин нарыг хориход ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ “юун гуя” гэдэг шиг “Би Голомт банкны захирал Г.Баясгаланд хандаж хэдэн үг хэлмээр байна. Энэ хүн саяхан баривчлагдахад бид жудагтай байсан шүү. Тоглоом тоотой нь дээр. Би ХХБ-ны үүсгэн байгуулагчдын нэг. Бид анхнаасаа шударга, ёс зүйтэй ажилласан. Энэ бизнест их чухал, хүн хуурч болохгүй. Гэтэл Д.Баясгалан хөшигний ард муухай авирлалаа. Энэ хүн Иточугийн хэрэгт холбогдоод байхад ч бид жудагтай загнасан юм шүү” гэж онцлох болов?

Яагаад Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 4 сая ам.долларын авлига өгөхдөө “Голомт” банкны дансаар дамжуулсныг нь Д.Баясгалан Т.Ганболдын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн хэргээр саатуулагдахад гурав хоног саатуулагдаж, ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийг дахин хорьж Ц.Пүрэвтүвшин нарыг АТГ-т байцаасаар байна вэ? Хэнд, юунд “туслалцаа” үзүүлээд байна вэ гэдэг ч хардахад хүргэх болов. Энэ бол өрсөлдөгч хоёр байгууллага. Онцлог нь эмзэг, итгэл, нэр хүнд дээр суурилдаг, эдийн засгийн байр суурь нь улстөржилтөөс болж унахад дэндүү амархан. Гэтэл ийнхүү ялгавартай хандаж, үүндээ албан тушаалаа ашиглаж байгаа бол хардахгүй байхын аргагүй.

Эцэст нь хэлэхэд “Голомт” банк хүндрэх эсэх талаар эл нийтлэлд огт дурьдаагүй, энэ бол Монголбанкны “амыг харах”-аас нааш хэн ч дүгнэлт хийх эрхгүй. Харин “Голомт” банкаар овоглосон Д.Баясгалан гэдэг бизнесмэн улс төрийн бүлэглэлтэй хамжиж, эрчим хүчний төсөлд хүчээ сорих болсны цаана ямар эрсдэл авчрахыг таашгүй. Түүнчлэн Хятадуудад зарим ордын лицензийг худалдах оролдлого хийж буй тухай мэдээллийг дараагийн удаад хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: нийтлэлч У.Оргилмаа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549