Эцэг, өвгөдийнх нь амийг нь авсан этгээдийг баатарт өргөмжилж, болно гэж үү? Ж.Батзандаан

access_time 2019-07-05
remove_red_eye 295

 

Монгол Улсын дархан хил рүү Осваны хийсэн довтолгоон

Өчигдөр УИХ-ын эрхэм гишүүн Батзандан Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзахдаа Осван “баатар” Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалсан гэж хэллээ. Осваны хувьд тухайн цаг үедээ өөрийн зорилгоо хэрэгжүүлэх гэж явсан түүхэн хүн. Би түүхч судлаач биш тэр дундаа үнэлэлт дүгнэлт хийхийг хүссэнгүй. Гагцхүү Осваны цэргүүд манай газар, нутаг руу халдан довтолж, хүн ардыг маань алан хядаж, тонон дээрэмдэж байсан баримтыг та бүхэнд хүргэж байна. Энэхүү баримтыг 1964-1967 онуудад цэргийн албыг Ховдын Байтагийн заставт хаах хугацаандаа хязгаарын цэрэгт туслах группийн олон гишүүн, тэр үед алба хааж байсан байсан офицерууд, ахмад хилчид, гадаадад тагнуулаар олон удаа ажиллаж байсан зарим хүний яриа дурсамжуудыг сонсож, архивын материалтай тулган бичсэн Байнжуур овогтой Хорхон элэгний М.Гатав гуайн “Баруун хилийн бат цайз” гэсэн өгүүллээс авсан билээ.

Монгол улсын баруун хязгаар нутаг, улсын хилийг Хятадын Гоманданы эзлэн түрэмгийлэгчид, Шинжааны Осван тэргүүтэй хасгийн дээрэмчид эх орноосоо урвасан зарим этгээдийг ашиглан, тэднийг зэвсэглэн турхирч, тагнан турших, хорлон сүйтгэх, ард иргэдийг алан хядах, эд хөрөнгө, мал сүргийг нь булаан дээрэмдэх, зарим иргэдийг хүчээр айлган сүрдүүлж, эх орноос нь урвуулах ажиллагааг 1929 оны сүүлээс 1950 оны эх хүртэл тасралтгүй явуулжээ.

Тэд Монголын Баруун хязгаараас газар нутаг таслан авч, цаашид өөрсдийн үйл ажиллагааг явуулах байлдааны түшиц газар болгох зорилгыг агуулж байсан тул монгол цэрэг няцаалт, цохилт өгч байсан нь Баруун хязгаарт болж байсан хэрэг явдлуудаас тодорхой байдаг.

Байтаг уулын Хужиртын эхний Ац Улаан /Команд/ ууланд болсон тулалдаан

1947 оны эхээр Хятадын Гоминдан Ма Пу Гианы захирсан 10000 орчим хүний бүрэлдэхүүнтэй цэргийн анги Хужиртын эхний Ац улаан ууланд ирж хориглолт байгуулан байрлажээ. Хориглолтод шаардлагатай модон материалыг цэргүүд нь нэг эгнээ жагсаалаар зогсож, гар дамжуулан Байтаг уулнаас зөөжээ. Цэргийн агтанд улаан буурал, цагаан зүсмийн морьд ихэнх байжээ. 1972 оны Э.Гэрэлчулууны “Баатарлаг үйлстэн” номонд Нарийн хоргойтын өмнөх нэргүй өндөрлөгт гоминданы энэ цэргийн байрлалыг хянаж байсан харуул дайсанд илэрч нэгийгээ алуулсан тухай мэдээ авлаа гэж дурджээ. Харуулын ахлагч офицер нь дайсан хөөхөд нэг цэрэг нь алагдлаа гэж ирсэн нь сүүлд тагнуулын олзны хуйхуй цэргийн мэдүүлгээр худлаа болох нь тогтоогджээ. Энэ үед Монголын цэргийн хүч Байтагийн наана Уушгийн ус гэдэг газар төвлөрч, дайсныг дархан хилээс хөөж гаргахаар шийдвэрлэж, Дотоод Явдлын Яамны сайд Шагдаржав удирджээ. Дайсны хүн хүч, зэвсгийн хүч чадлыг урьдчилан мэдэх зорилгоор Нэхийтээр /улсын баатар/ даргалуулсан бүрэлдэхүүнд хилчин Тэгшээ /улсын баатар/, хасаг толгой буюу хүндэт байлдагч Дүгэр нар оролцсон 5-6 хүнтэй группийг явуулжээ.
Тагнуулын групп дайсны байрлалын ард зэрэгцээ нэргүй өндөрлөгт нууцаар байрлаж, цэргийн ангийн байрлалаас гадагш явах хүнийг баривчлахаар отолт хийжээ. Гэтэл бөмбөр, бүрээ дуугараад цэргүүд жагсаалын сургууль хийгээд нэг ч хүн гадагш явалгүй өдрийн 10-11 цаг хүрч байтал дайсны нутгийн гүнээс 2 морьтой хүн ирж явааг хараад тэднийг баривчлахаар шийдвэрлэжээ. Нэхийт хилчин пулемѐтчин Тэгшээг эндээ үлдэж бидний араас нэг ч дайсныг давшуулахгүй хамгаалах, морио сайн бөхлөж уях, туслах наводчик Даваадоржид дайсны нэг цэргийг буудах, нэг хилчинд дайсны нэг морийг буудах, хасаг толгой Дүгэрийг замын хажууд нуугдаж морийг нь буудсан хүнийг амьдаар барих тушаалыг тус тус өгчээ. Дайсны морьтой 2 хүн Дүгэрийн нуугдсан том чулууны хажууд ирэхэд хоѐр буун дуу зэрэг гарч морь нь буудуулсан хуйхуй цэрэг доош хараад гараараа газар даран унахад нь Дүгэр гүйж очоод нуруун дээр нь гишгэтэл эрүүгээрээ газар цохиод толгойгоо өндийлгөхөд нь уутаа толгойд нь углажээ. Нэг нь хуйхуй цэрэг, нөгөө нь хасаг хүн байжээ. Хуйхуй цэргийг моринд мордуулаад хөлийг нь хүлээд явах гэтэл алагдсан хасаг монгол цэргийн шинель өмссөн байсныг илтгэхэд Нэхийт авах тушаал өгчээ. Энэ үед Тэгшээ гүйж ирээд Нэхийтэд дайсан нааш давшсангүй, бүслэх зорилгоор 2 талаар давшлаа гэхэд бидний араас ир гэж тушаагаад Байтаг уулын Ар Хув гэдэг газрыг зүглэн гүн рүү зугатааж, Байтаг уулаа цаагуур нь бүтэн тойроод урд үзүүрээр Тэрэм хадны урдуур гарч Оройхон Дамчигийн суман дээр дайсны хуйхуй цэрэг, 2 богцтой шуудан, монгол цэргийн шинелийн олзтой иржээ. Олзлогдсон хуйхуй цэргийн мэдүүлгээр –Гоминданы цэргийн анги 10000 орчим хүнтэй, миномѐт, хөнгөн пулемѐт, винтовоор зэвсэглэсэн, Ма Пу Гиан гэгчээр удирдуулсан, байнга суурьших зорилгоор орж ирсэн цэргийн анги болох нь тогтоогджээ. Тэр үед цэргийн овог нэрийг цаасанд бичүүлж шинелийн заханд нууцлан хадуулдаг байсан нь Нарийн Харгайтын харуулд байгаад алагдсан гэх цэргийн шинель байжээ. Тэд дайсанд хөөгдөх үед дайсны суманд морь нь алагдахад сум хэрэгслээ үлдээж нөхрөө хаяад зугатсан учир үлдсэн цэрэг дайсантай баатарлагаар тулалдаж нас барьжээ. Ийм учраас Ма Пу Гиан жанжин монголын цэргийг амьдаар битгий барь, газар дээр нь устгаж байх тушаал гаргасан гэнэ. Нарийн Харгайтын энэ харуулын дарга нь ЗХУ-д цэргийн сургууль төгссөн сайхан залуу байсан юм. Уушгийн усны толгод дунд дөрвөлжин чулуун гортгийг ахлагч Чирдэгжав бид нарт зааж, цэргийн хээрийн шүүх энд буудсан юм гэж Дүгэр гуай зааж билээ. Манай цэргийн командлал Ма Пу Гианы цэргийн ангийг 3 хоногийг дотор Монголын хилээс гарах тулган шаардах бичгийг ард Бадам, Чулуундай нараар хүргүүлж, тэднийг Гэрэлчулуун даргатай, Нэхийт орлогчтой группээр хамгаалуулан явуулжээ. Тэд хоѐр элчээ явуулаад хүлээж байтал оройхон Чулуундай буцаж ирээд, дарга нь бололтой жороо бор морьтой хүн ирж бичгийг авлаа. Надыг явж даргаа авчир гэсэн би мордоод явсны дараа Бадам араас гоогоороо яв гэж хашгирсан гэж ярьжээ.

Тулган шаардах бичгийн хариуг өгөхгүй болохоор манай цэргийн байлдааны ажиллагаа эхлэж давшжээ. Цэргийн давшилт эхлэх цагаас хоцорч, онгоц цагтаа бөмбөгдөж дайралт хийжээ. Манай цэргийг Хужиртын эхний Цалуу гэдэг цагаан газраар давшуулсан учир дайсны пулемѐт, миномѐтын гал толгой өндийлгөхгүй байжээ.

Үдээс хойш казакийн 200-300 хүний морин атак орж ирэхээр цэргийг Байтагийн наана ухраажээ. Нисгэгч Зайсанов дайсны суманд оногдсон онгоцыг өндөрлөг газраас гулсуулан Талын Хар уулын бэлд авч ирж буулгажээ. Зайсанов нь буугаа гаргаж сумлаад командлагч ДЯЯ-ны сайд Шагдаржавын шанаанд тулгаж, чи яах гэж олон аавын хүүхдүүдэд команд өгч цусыг нь урсгав, чамайг хэний ч зөвшөөрөлгүй буудахад яадаг юм гэхэд Шагдаржав хасаг хүн ийм онгироо байдаг юм гэж зайлсхийж байсан гэдэг. Ингэж цэргийг ухраахад Нэхийт /улсын баатар/-ын суман бартаат газраар давшсан тул дайсны байрлалд хамгийн ойрхон очсон байжээ. Гэнэт цэргүүд нь ухрахад нэг байлдагчийн хамт Нэхийт мориндоо хүрч чадалгүй нуугдаж хоцорчээ. Мөн суман нь ухрах үед хилчин Тэгшээгийн морь нь алагдахад гурван удаа морио тойрч гүйгээд, толгойг нь өргөж, Байтаг уулын оргил өөд харуулаад эмээлээ үүрээд жалга дагаад гүйгээд алга болжээ. Хэрэв дайсан Тэгшээг олзлох гэвэл шууд л буудахаас өөр арга байгаагүй гэж Нэхийт хожим хуучилж билээ. Манай ухарсан сумангийн цэргүүд өндөр хадтай хонхорт орж, казакууд дээрээс нь өнгийж буудахад манайхан дороос нь буудаад нэлээд хугацаа өнгөрлөө. Нэг л гранат шидэхэд бүгд амиа алдах байлаа. Гэтэл нэг нь санаачлан доош дайралт хийж гарлаа. Яах ч аргаа олохгүй сандарч байлаа. Бид хоѐр илрэлгүй шөнө дайсны хүрээллээс гарч, анги дээр ирэхэд Нэхийт, Тэгшээ биднийг алагдсан гэсэн мэдээ төв рүү явсан байж билээ. Байтагийн заставт 1965-66 онд сайдын шалгалтын комиссоор Нэхийт очихдоо, заставын дарга хошууч Цэдэв, орлогч дэслэгч Догсом, хасаг толгой буюу хүндэт хилчин Дүгэр нарын хамт явж, тэр үеийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж байлаа. Долоо хоногийн дараа цэргийг бартаат газраар давшуулж, хилээс дайсныг хөөж гаргасан юм. Дайсны байрлалыг эзлэх үед халуун төмрөөр хөл, гарын булчин хүний зузаавтар махыг цоо цоо сэнжилж хайрсан түлэнхий шатсан хүний хүүр олдсон нь Бадам /баатар болсон/-ынх мөн гэж үзэж Уушигт авч ирж нутаглуулсан юм гэж хуучилж байлаа. Хужиртын эхний Ац Улаан гэдэг өндөрлөг нь энэ үеэс “Команд”-ын өндөрлөг болж алдаршин нэрлэгдсэн юм.

1963 онд Монгол Хятадын хилийг тогтооход манай цэргийн анги байрлаж байсан түүхэн газар гэж хятадууд сар гаруй маргахад манай тал аргагүйн эрхэнд өгч, Командын өндөрлөгийн Хужиртын эхний Цалууд байсан Байтагийн хилийн застав дотогш хөөгдөж, Хужиртын голд иржээ.

Бүдүүн Харгайтын хилчин 10 баатрын тулалдаан

Байтагийн Бүдүүн Харгайтын голын адгийн хойд талд байрласан дайсан 250300 м өргөн фронтоор давшсан болов уу гэмээр хад чулуу ихтэй өндөрлөгт 1948 оны 7-р сарын 8-нд ихээхэн давуу хүчтэй дайсантай манай 10 хилчин тулалджээ. Постод дайсны цэргүүд 200-300 метрт ойртож, тагнан өдөөн хатгаж байгаад буцжээ. Энэ үед манай хилчид ажиглахаас өөр ямар ч арга хэмжээ аваагүй байжээ. Энэ байдалд дүгнэлт хийж сумангийн дарга ахмад Майдраг улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхирваагаар удирдуулан, хүч нэмэгдүүлж 7-р сарын 7-нд уг манааг гаргажээ. Хилчин байлдагч Дандархайдав нарын 3 байлдагч түлш бэлтгэж постынхонтой хамт байжээ. 7-р сарын 8-ны өглөө байрандаа пулемѐтчин Тэгшээ, хилчин Чойжин нарыг үлдээж, бусад нь өглөөний цай уухаар Бүдүүн Харгайтын гол дээр байжээ. Өглөө эрт 7 цагийн үед Бүдүүн Харгайтын гол дагаад болжмор жиргэж ниссэн тул ажиглахад газрын өнгөтэй адилхан ногооноор өнгөлөн далдалсан тэр хавийн газар хавтгайран хөдлөж байгаа юм шиг санагдахаар дайсан орж ирж буйг хараад Чойжин нөхдөө дууджээ. Дайсны тоог бүх хилчид тоолох гэж оролдсон боловч 150-300 хүртэл тоо гаргаж байсан гэдэг. Зөвхөн хилчин Тэгшээ 150 хүн байна гэж тодорхой тоог хэлсэн гэдэг. Ахлах дэслэгч Хаянхирваа хилчин Пэлжээд мэдээ бичиж өгөөд сайн мориор явж холбоо барь гэжээ. Тэгэхэд хилчин байлдагч Тэгшээ миний хүрэн халзан мориор яв гэжээ /энэ морь Яргайтын заставын агтанд сэтэртэй байж байгаад 1960 оны сүүлээр үхсэн юм/. Хаянхирваа дарга өөрийн баруун гар талын өндөрлөгт Тэгшээ, Даваадорж, Гиваан нарыг, зүүн талын өндөрлөгт Чойнжин, Дандархайдав, Гончигзэвэг нарыг, өөрөө байлдагч Баянгийн хамт дунд нь хориглож, харин байлдагч Архад /хасаг/-ыг хойд хонхортоо морьдоо бариулахаар томилжээ. Дайсан ойртож ирсэн үед ахлах дэслэгч Хаянхирваа цагаан пуужин буудаж, зогс гэж анхааруулахад дайсан давшиж эхлэжээ. Энэ үед манай хилчид ч хариу гал нээжээ. Миномѐтын сум морьд байсан хойд хонхорт дэлбэрч, байлдагч Архад амь үрэгдэж, морьд нь зугатаахад дайсанд уналга болгохгүйн тулд хилчид буудаж устгажээ. Пулемѐтчин Тэгшээгийн дэргэд мина дэлбэрч, нэг хөл нь шөрмөсөндөө тогтсон тул ахлах дэслэгч Хаянхирваа ухрах тушаал өгсөн боловч Тэгшээ ухраагүй. Бага дарга Гиваан, наводчик Даваадорж нарч мөн ухраагүй гэдэг. Байлдагч Баян, Дандархайдав нар 2-3 удаа буудаад, ан буудсан анчин шиг өндийж харахад нь дайсан буудаж, амь эрсэджээ. Дандархайдав хоолойгоор буудуулж, цогцос нь хөөсөн байсан нь хэт өндийсний нотолгоо юм. Хаянхирваа нь Дандархайдав морь барьсан гэдэг нь худлаа юм. Тэд шинэ дайчид байсан учраас гэнэдсэн гэдэг. Дайсан хойд өндөрлөгийг тойрч байхад ахлах дэслэгч Хаянхирваа Бүдүүн Харгайтын голын цаад өндөрлөгт Гончигзэвэг, Чойжин нарыг гаргаж хориглуулахдаа дагаж хөөж амьдаар барих гэсэн дайснуудыг буудаад тэднийг хамгаалж чаджээ. Гэтэл араас нь Хаянхирваа өөрөө гүйхэд дайснууд түүнийг амьдаар барьж авахаар хөөхөд тэрээр Бүдүүн Харгайтын гол дагаад доош зугатаахад хориглосон хоѐр байлдагчийн сум нь дууссан учир яаж ч чадаагүй гэдэг. Хаянхирваа гранат дэлбэлэхэд бэлэн болгон гартаа бариад зугатаажээ. Энэ үед зэргэлдээ байсан манааны цэргүүд буун дуу сонсоод туслахаар ирж яваа барааг хараад дайсан зугатаажээ. Хилийн шугам ойрхон байжээ. Манаанд туслахаар ирсэн цэргүүд дайсны барааг хараад хил давуулсан гэдэг. Хэрэв дайсан сумаа дуусгаагүй бол Хаянхирвааг буудчихаад явах байсан байх. Пулемѐтчин Тэгшээ сумаа дуусгаад пулемѐтоо эд ангиар нь задлаж, шидээд гол төмрөөр нь хад цохиж гулзаалгахад халуун улайссан гол төмөрт нь хоѐр гарын алганы арьс наалдсан байжээ. Гранатаа өөрийн цээжин доороо хийж дэлбэлжээ. Туслах наводчик Даваадорж МХЗЭ-ийн батлахаа чулуун доор хийж нуугаад гранатаа дэлбэлсэн кольцо нь гартаа байжээ. Бие нь зөвхөн нурууныхаа ясанд тасралгүй тогтсон байжээ. Тасгийн дарга Гиваан МХЗЭ-ийн батлахыг урьж устгасан ба гранатаа нэг гартаа бариад гал хамгаалагчийг нь нөгөө гартаа атгасан байжээ. Тэгшээ, Даваадорж нар өөрсдөө гранат дэлбэлж, амьдаар барих гэсэн дайсныг устгаж, шархдуулсан тул дайсан Гивааныг гранат шидэж устгасан гэж дүгнэлт хийж болохоор байжээ. Тулалдаан өглөөний 8 цаг орчмоос 10 хүртэл маш ширүүн болж хоѐр талын сум хэрэгсэл нь дуусчээ. Зөвхөн гурван баатрын хориглосон өндөрлөгт 15 метр.кв орчим талбайд 16 миномѐтын сум дэлбэрсэн байжээ. Сумангийн нэмэгдэл хүч өдрийн 14 цагийн үед очиход Хаянхирваа, Чойжин, Гочигзэвэг нар Бүдүүн Харгайтын голын эрэг дээр уйлсан сууж байжээ. Сумангийн нэмэгдэл хүч хамгаалж хоноод маргааш өглөө нь отрядын дарга дэд хурандаа Зоноровоор ахлуусан комисс ирж, нарийн шалгалт хийж акт бичжээ. Комисс дайсны зэвсэглэлийн хүчийг нэг чиглэлд давхардуулахгүй буудсан сумны хонгиог тоолон тогтоож, 50-60 газарт цус байсан ба 10 гаруй газарт их хэмжээгээр цус гаргасан мөр байсан нь ийм их хэмжээгээр цус алдсан хүн үхсэн байх гэж бодогдохоор байжээ. Дайсан нэг ч хүний хүүр үлдээгээгүй ба байлдаан болж байхад шархадсан, үхсэн хүнийг зөөж байгаа нь тодорхой харагдаж байжээ. Энэ нь дайсан ихээхэн хүн хүчтэйг гэрчилж байгаа юм.

1949 онд төр засаг тэдний гавъяаг өндөр үнэлж, хоѐр хүнийг “Улсын баатар”, бусдыг “Байлдааны гавъяаны улаан туг”-ийн одонгоор, Пэлжээг “Байлдааны медаль”-аар шагнажээ.

Бүдүүн Харгайтын чиглэлээр хятадын гоминдан, Осваны дээрэмчид 200-500 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай хилчдээс амьд хэл олзлох, манааг устгах зорилгоор 1947-1948 онд олон удаа дайралт хийж байжээ. Тухайлбал, 1947 оны 7-р сарын 4нд Бүдүүн Харгайтын голд дайсны 300 хүн манааг бүслэхэд отрядын дарга дэд хурандаа Зоноров туслахаар очоод 6 хилчнээ алдаж, 3 хилчнээ шархдуулжээ. Мөн сарын дараа дайсны 500-аад хүний бүслэлтэд орж, байлдагч Чойжилжаваа 6-7 удаа шархдуулан бүслэлтийг дайрч, тухайн үеийн нөхцлийг сайн ашиглан гарч байсан гэдэг. 1948 оны 11-р сарын 2-нд бас л 300-аад хүний хүчээр өдөөн хатгалга хийж байжээ.

Осваны 22 баатар гэгчийг мөрдсөн ба Мэргэн ууланд болсон тулалдаан

1948 оны 5-р сарын 29-ний шөнө Бага Хавтагаар Хятадын талаас олон морьтон улсын хилийг зөрчиж, манай нутгийн гүн тийш явсныг 8-р заставын жагсаалын дарга Магсар илрүүлжээ. Хил зөрчигчид Ховдын Булган сумын Цоохор нуурт ирээд, ногооны тэмээ эрж явсан торгууд өвгөнийг баривчилж, даалгавраа биелүүлэх боломж, нөхцлийн талаар айлган сүрдүүлж мэдээлэл олж авчээ. Тэд Хязгаарын цэрэгт туслах групын гишүүн хоршоо Дүгэр, Амарзаяа, хасаг толгой Дүгэр, багийн дарга Гэцэл болон офицер хилчдээс амьд хил олзлох даалгавар Осванаас авчээ. Энэ 22 баатар гэгчийн дунд манай тагнуулч Сагадай гэгч хасаг хүн хамт явж байгаад цоохор нуур орчмоос та нар явж бай би бие засаад араас чинь очьѐ гэж хэлээд хоцорч Булган сумын төвд ирж төлөөлөгч Гэрэлчулуунд мэдэгджээ. Энэ үедээ Сагаадай нь даалгавраа биелүүлээд буцаж ирэх шийдвэр төвөөс авсан байжээ. Отряд яаралтай түгшүүр авч зохих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Амьд хил олзлох хүмүүсийн нэрсийн дотор багийн дарга Гэцэлийн нэр орсон учраас намын товчооны дарга Чогров морин дивизионы төлөөлөгч Шагдаржав нарыг нэг цэргийн хамт явуулжээ. Чогров нар Гэцэлийнд очиход багийн дарга гэртээ байгаагүй учир араас нь яаралтай буцаж ир гэж хүнээр дуудуулжээ. Гэцэлийн эхнэр хоѐр офицерт архи гаргаж дайлжээ. Гэцэлийг шөнө буцаж ирэхэд хоѐр офицер согтуувтар байсан тул хамгаалалтын арга хэмжээг өглөө авахаар шийдээд унтацгаажээ. Харин хамт явсан цэргээр морио аргамжиж мануулжээ. Шөнө дундаас хойш багийн дарга Гэцэлийг гэрээс гараад ирэхэд шилэнд нь цохиж унагаад гэрийн дээд бүсийг огтлон авч барьж хүлжээ. Казакууд морин дээрээс гэрийн баруун талаас доод бүслүүрээс нь өргөөд зүүн тийш нь шидэхэд зүүн талын орон дээр унтаж байсан эхнэр, хүүхэд нь гэр дотроо дарагдаж, баруун талд унтаж байсан хоѐр офицер гарч ирэхэд Чогровыг гэрийн доод бүсээр хүлээд тэд нарт хоѐр хүнээс илүүг олзлох шаардлага байгаагүй бололтой Шагдаржавыг шууд жадлаж эхэлжээ. Гэцэлийн ах саахалт байсан тул шөнө нохой хуцаад олон хүний дуу гарахаар гараад хартал Гэцэлийн гадаа баахан хасгууд ярилцаж байгаа дуулджээ. Гэцэлийн ах гэрээсээ гурван ширхэг сумтай бярдан буугаа аваад морь манаж байсан цэрэг дээр ирж хоѐулаа бууджээ. Гэтэл цэргийн винтов нь гацаж дөрвөөс таван удаагаас илүү буудаж чадаагүй. Гэнэтийн буун дуугаар хасагууд Чогров, Шагдаржав хоѐрыг үлдээгээд Гэцэлийг хүлсэн гэрийн бүсний үзүүрээс дөрөөн доороо хийж давхихад гэрийн бүс тасарч Гэцэл хонхорт хоцорчээ. Чогров хүлээтэй буудаад бай буудаад бай гэж хашхирч байтал гэнэт буун дуу тасрахад бараан морьтой хасаг морин дээрээс Чогровийг шүүрч эмээл дээрээ хөндлөн тавиад давхиад явжээ. Чогровыг Мэргэн ууланд аваачиж моринд чиргүүлж зэрлэгээр тамлан алжээ. 6-р сарын 2-нд дайснууд Мэргэн ууланд байгааг онгоцоор эрэл хийж илрүүлсэн боловч уг онгоцыг буудаж гэмтээснийг нисгэгч нар нь осолдолгүй буулгажээ. Мөн өдөр отрядийн эрлийн групууд Мэргэн уулыг бүслэн давшжээ. Энэ тулалдаанд офицер Халтмаа, Лхагвадорж /улсын баатар/, бага дарга, цэрэг 10 гаран хүн амь эрсдэж 5-6 хүн шархаджээ. Шарилыг Бодонгийн Хөх толгойд нутаглуулсан юм. Дайснууд орой Мэргэн уулын хамгийн эгц, морьтой хүн бууж чадахгүй болов уу гэмээр газраар хасаг шовгор малгайн орой нь морины бөгсөнд наалдаад 10 хүн буугаад зугатаажээ. Орой болсон тул мөрдөж чадалгүй алджээ. Дайснаас 7 хүнийг алж, 3-ыг олзолж, нэг нь бууж өгчээ. 6-р сарын 7-8-ны үед одоо хятадын хилийн Нохойн хошууны заставын хажуу талын хар ууланд отолт хийж байсан хилчид 3 хүн очсны нэгийг нь буудаад хоѐрыг алдсан гэдэг. Бусад долоо нь Булган голын чиглэлээр Чингэл цагаан гол руу зугатаалган алджээ. Дайснууд шөнө учир хоорондоо баримжаа алдаж тасарсан бололтой. 1971 оны эхээр Ховдод “Хил дээр” кино гарч эхлэх үед тагнуулчаар Осваны дэргэд ажиллаж байсан Сагадай Ховд аймаг дахь НАХЯ-ны хэлтэс урилга өгвөл тэр киног би очиж үзнэ гэж ярьж байсан гэдэг.

Бага Хавтагийн Зээгийн усанд болсон хэрэг явдлын тухай

Байтаг, Их, Бага Хавтаг ууланд бүгэж байсан Осваны дээрэмчдийг устгахаар шийдвэрлэж манай цэргийн хүч одоогийн Алтай сумын нутаг Бор Цонжид төвлөрчээ. Цэргийг ДЯЯ-ны Хязгаарын цэргийг удирдах газрын дарга, улсын баатар, армийн генерал Б.Дорж командалж байжээ. Дээрэмчид хаана, ямар зэвсэгтэй, хичнээн хүн буйг урьчилан тагнаж мэдэх зорилгоор хасаг толгой Дүгэрийг тагнуулчаар сонгож явуулахаар болжээ. Батжаргалын Дүгэрийг тагнуулд гаргаж өгөхөөр 24 хүн, Дүгэртэй хамт 25 хүний бүрэлдэхүүнтэй групп явжээ. Дүгэр гуай хуучлан ярихдаа би хүн алаад Ховдын шоронгоос орголоо, зугатааж та нөхөд дээр ирлээ, надыг аварч үзээч, би та нарт үнэнчээр хүчин зүтгэнэ гэж ярьж, зэвсэглэл, хүн хүчийг мэдээд буцаж ирэх даалгавартай явжээ. Тагнуулын группийг Ховдын 5-р отрядын дарга Цэмбэл удирдаж, комиссар Балжинням штабын даргаар явжээ. Бид Зээгийн усанд хүрэх замд хөнгөн пулемѐтыг хүртэл сумлаж бэлдээд, өндөр сонор сэрэмжтэй, байлдаанд бүрэн бэлэн байдалтай явсан юм. Дайсан Их Хавтаг уулын бэлд 50-100 гаруй хүн зээр хөөж байгаа харагдахад, энэ хүмүүст харагдахгүйг бодолцож, Бага Хавтаг уулаар халхавчлан Зээгийн усанд хүрлээ. Би хоѐр гүвээ даваад явж байтал ард буун дуу гарч, хоѐр хээр, хоѐр цагаан морьтой дөрвөн хасаг морин дээрээ гартаа буугаа барьж, надыг “тура тура тура тура” хасгаар “зогс” гэж хашгираад давхиж ирсэн. Би яах ч аргагүй боллоо. Их Хавтаг уулын урд нэлээд зайтай ”Аргал шандад” хилийн нууц манаа байв. Би үүргээ биелүүлээд тэр постон дээр очих ѐстой байлаа. Байтаг уулын бэлийн жижиг улаан уулыг чиглээд зугатаасан хасгууд надыг олон буудсан боловч оносонгүй. Нэлээд явсны дараа миний моринд дайсны сум тусч, товчлуураар цус олгойдоход хөтлөж явсан морио зэрэгцүүлэн ганзагатай богцоо шүүрч авахад морь минь газар шурган уналаа. Дайснууд миний үхсэн морин дээр ирээд хоцорлоо. Би ч дээрэмчдээс холдлоо, орой ч боллоо. Шөнө Аргал шандын пост дээр ирэхэд нутгийн гүнээр Бор Цонжид машинаар надыг хүргэлээ. Отрядын дарга Цэмбэл шархтай зугатааж гарч ирсэн, 3 хоногийн дараа эмээлтэй бор морь гүйж иржээ. Иймд надыг нэг хүнтэй /Алтай сумын нэг цэрэг шиг санагдана/ Зээгийн усанд юу болсныг тагнуулахаар дахиж явуулсан юм. Бид хоѐр Зээгийн усанд очиход их зэгстэй байсныг бүрэн шатаасан байсан ба 21 хүний шарилыг оллоо. Хасгууд манай хүмүүсийн бүх зэвсэг, хувцсыг бүрэн авсан байв. Балжинням, орчуулагч нарын цогцсыг олсонгүй. Дорж генерал цэргийн хүчээр Зээгийн усны орчим газрыг хамгаалалт хийж байгаад 21 хүний шарилыг авахад комиссар Балжинням нь хөнгөн пулемѐтоор 30 гаруй сум буудаад толгойдоо буудуулж нас баржээ. Осванууд үзээгүй учир зэвсэг, хувцсыг нь аваагүй байжээ. Орчуулагчийн цогцос олдоогүй учир түүнийг урвасан байх гэж сэжиглэж байлаа. Байтаг, Их, Бага Хавтагт байсан дээрэмчин хасгууд бүгд алга болжээ. 22 хүний цогцсыг Бор Цонжид авчирч нутаглуулсан юм. Хожим олзлогдсон ба бусад хасгуудаас дуулахад орчуулагч Манжиев /зөвлөлтийн казах хүн/ дээрэмчид дайрах үед хувцсаа тайлж гараа өргөж би хасаг хүн байна, та нар надыг битгий алаач гэж хашгирахад Зээгийн усны ар толгой дээр том хадны хажууд, чулуун дээр сууж байсан осваны дөрвөн баатрын нэг гэгч этгээд над дээр явуул гэхэд хагас гарын 8 үсэрдэг буугаа гарынхаа алганд нуусан байсан тул дэргэд нь очоод баатрыг нь шууд буудан алж, дараа нь өөрийгөө бууджээ. Дараа нь олзлогсод ярихдаа дээрэмчид Баатар гэгчийгээ буудуулсанд өс хонзогнож Байтаг уулын ард үе мөчөөр нь салган тамлаж алсан гэжээ. Би хүндэт байлдагч Б.Дүгэрийг худал яриагүй гэж итгэдэг.

Дээрэмчид монгол цэргийн цусыг ууж тангараг тавьсан

Улсын баатар хилчин Хорлоогийн Дамба Ховдын хилийн 5-р отрядын 1-р сумангийн хянах пост нь Улсын хилээс 15 километрт Сагсайн голын зүүн талт 2706 тоот өндөрлөгт байрлаж байжээ.
1943 оны 7-р сарын 30-ны өдөр тасгийн дарга Намнангаар ахлуулсан байлдагч Дамба, Балжир, Лувсанпүрэв нар хилийн манаа нь үүрэг гүйцэтгэж байв. Энэ өдөр 100 орчим хүнтэй хасагийн дээрэмчид хил зөрчиж, манааг бүслэжээ. Хасагийн дээрэмчид манай хилчдэд сумантайгаа холбоо барих ямар ч боломж олголгүй холбоочин Балжирыг устгажээ. Манай гурван хилчин ашигтай байрлал эзлэхийн тулд 4 километр орчим газар ухран байлджээ. Лувсанпүрэв амь эрсдэж, дараа нь Намнан алагджээ. Дамба ашигтай байрлал эзлэж хүчээр түрж давшиж байсан дайсны эсэргүүцлийг амжилттай няцааж байжээ. Аргаа барсан дээрэмчид буцаад явахад Дамба тэднийг даллан дууджээ. Дамба энэ үед зөвхөн өөртөө зориулж нэг сум, гранат үлдээжээ. Дайснууд одоо л монголын цэргийн сум дууслаа, аргаа бараад бидэнд бууж өгөхөөр шийдвэрлэсэн байх, заавал амьдаар нь барь гэж хасгийн дээрэмчдийн ахлагч хорсож хонзогносондоо нөхддөө үүрэг өгчээ. Тэднийг ирэхэд Дамба гранатаа шидэж ганц сумаа өөртөө зориулжээ. Дамба 7 удаа шархадсан байжээ. Олон жилийн дараа тагнуулын мэдээ болон энэ дээрмийн ажиллагаанд оролцож байсан хасгийн дээрэмчдийн олзлогдсон хүмүүсийн мэдүүлгээр 17 хүнийг устгаж, олон хүнийг шархдуулсан гэжээ. Дээрэмчдийн ахлагч монголын цэрэг шиг бүгдээрээ баатар эрс болъѐ гэж цуснаас нь амсаж, тангараг өргөж хасаг ѐсоор хүндэтгэн оршуулсан гэжээ. Энэ үндсэн дээр амь үрэгдсэн эх оронч цэргийнхээ алдар гавъяаг мэдэж, Дамбад 1961 онд “Улсын баатар” цол нэхэн шагнажээ.

Осваны баривчлах, устгах ажиллагаа

Осваныг баривчлах, устгах ажиллагааг 2 удаа авч хэрэгжүүлсэн боловч амжилт олоогүй. Хоѐр дахь ажиллагааг 1948 оны 1-р сард явуулах үүргийг ДЯЯ-ны командлалаас дахин хязгаарын цэргийн командлалд өгчээ. Энэ үүргийг биелүүлэхийн тулд 1-р сарын тэсгим хүйтэн үед ардууд, цэргүүд оролцосн 300-аад хүний бүрэлдэхүүнийг хошууч Банзрагч даргалаж, орлогчоор нь Нэхийтийг томилон явуулжээ. Осваны байрлалын орчимд тэмээгээр аргал түүж явсан эмэгтэйг баривчилж байцаахад тээр Осван гэртээ байгаа гэжээ. Иймд энэ эмэгтэйн мэдүүлгийг батлахын тулд тагнуул явуулжээ. Тагнуулаар авсан Халтмаагийн хэсэг 8 хүнийг баривчилж ирсэн ба Нэхийт, төлөөлөгч Ц.Уртнасан нар хасаг хувцас өмсөж яваад удалгүй онц чухал мэдээлэлтэй иржээ. Олзны хүмүүсийн мэдүүлэг ба тагнуулчдын олж тогтоосноор Осван гэртээ хоѐр эхнэрийн хамт байгаа, хоѐр холбоочинтой, радио станц байрлуулсан, өдөр бүр гоминданы Шинжаанд буй цэргийн командлалтай холбоо барьдаг, винтов, хөнгөн ба хүнд пулемѐтоор зэвсэглэсэн, 300-аад цэрэгтэй үүнээс 200 хүн дээрэм хийхээр явсан, 100 цэрэг үлдсэнээс 30 нь байхгүй, одоо 70 хүн байгаа нь нотлогджээ. Иймд Осваны байрлалыг бүсэлж дайралт хийжээ. Осван бага эхнэртэйгээ хоѐулаа 10-аад морьтны хамт бүслэлтийг дайрчээ. Осван эхнэрийн хамт бүслэлтээс гарсны дараа ард Амарзаяа бага эхнэрийн морийг буудаж унагажээ. Эхнэр нь Осваны араас явган гүйхэд тэр эхнэрээ авахаар эргэж ирсэн болов авч чадалгүй зугатаажээ. Эхнэр нь хоѐр богц сум ганзагалж явжээ, өөр зүйл байгаагүй. Осваны араас мөрдөн хөөсөн боловч бидний морьд олон хоног унаж явсан тул ядарснаас гүйцэж чадаагүй алдсан юм. Дээрэмдсэн мал хөрөнгийг буцаан авчирч, Булган, Үенч, Алтай, Мөнххайрхан сумын ардуудад тараахад зарим айлын мал зүсээрээ ирж байжээ.
Үүнээс гадна олон арван удаа хилийн зөрчил будлианууд гарч, олон дайчин хилчид амь эрсдэж, эх орны дархан хилийн шугамаа хамгаалсан олон үйл явдлууд бий. Мөн хилчин дайчдаас гадна Хятадын нутгийн гүнд биечлэн тагнуул хийх, тагнуулын ажлыг амжилттай зохиож байсан Гэрэлчулуун, Царцайн Уртнасан, Ууш гэх мэт олон ажилтан, өөрийн хүч хөдөлмөрийг эх орныхоо аюулгүй байдлыг хангах үйлст зориулсан нууц фронтын дайчин “хасаг толгой” Дүгэр, Амарзаяа, Бүрэнтөгс зэрэг олон арван хүмүүс, болсон олон үйл явдлыг ахмад хилчид бахархан магтан ярьж явдаг билээ. Зарим ном хэвлэлүүд, сурвалжлага тэмдэглэлүүдэд тагнуулын байгууллагын ахмад ажилтнууд, тагнуулчдын тухай дурдсан байгаа боловч тодорхой дурдаагүй, алдар гавъяаг дутуу дулимаг бичсэн байгаа нь цаашид мартагдаж болзошгүй тул тодорхой бичиж, дурдагдаагүй хүмүүс, үйл явдлуудыг тодорхойлон гаргах нь ирээдүйд залуу үеийг эх оронч үзэл санаагаар хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Баруун хязгаарт олон жил үргэлжилсэн тэмцлийн явцад дайсанд сайн дураараа олзлогдсон тагнуулын байгууллагын ажилтан, тагнуулчид, хилчид байгаагүй юм. Тэд өөрсдийн мэдлэг боловсрол, боломж нөхцөл, хүч чадлаа бүрэн ашиглаж байсан боловч аргагүй хүч чадал, нөхцөл боломж хүрэхгүй байх, сонор сэрэмж алдах, гэнэдэх зэргээс болж хохирол хүлээж, амь насаараа эрсдэж байсан багагүй жишээнүүд дуулддаг.

Эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө халуун амиа үрж, бүлээн цусаа асгасан эцэг, өвгөдийн маань алтан шарил газар шороондоо шингэж, дурсгалын бунхны үг, үсэг нь баларсан ч хойч үе, үр хүүхүүд нь үлдсэн. Тэднийх нь нүүрэн дээр эцэг өвгөдийнх хамгаалж амиа өгсөн гавьяаг нь дайсанд нь шилжүүлж, амийг нь авсан этгээдийг баатарт өргөмжилж, болно гэж үү.

Г.Чойжилсүрэн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549