С.Батболдоос Д.Цогтбаатарт үлдээсэн “ӨВ”

access_time 2019-07-04
remove_red_eye 209

 

 

Одоо Д.Цогтбаатар нь юугаа цэвэрлэж, юутай тэмцэнэ гээд байна аа! Түүнд хугацаа, тактик байна уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үе бараан мөр ихтэй байна. Түүний хийсэн томилгооноос Дамдины Цогтбаатараас гадна Дамдины Сүхбаатараар шоудаж Сүхбаатар дүүргийн сонгогчдыг урхиддаг, “Сүхбаатарын Батболдын Цогтбаатар” гэдэг нь харагдах болсон.

Түүний хийсэн харамсалтай томилгоонуудын нэг нь ГХЯ-ны Д.Баярсайхан. Өмнөх парламентын үед Барилгын сайдаар Д.Цогтбаатар томилогдоход “халаасанд нь БХБЯ-ны ТЗУГ-ын даргаар Б.Баярсайхан хамт очиж билээ. Ямар их хөрвөх чадвар гэхээрээ тэр салбарыг ичиж зоволгүй “удирдчихаад” ирсэн юм бэ. Тэгээд мөн л Б.Баярсайханаа “халаасалсаар” ГХЯ-нд ирээд “хар тамхины наймааны” гэх харгис цаг үеийг хамт туулж байгаа нь энэ.

Өнөөдөр Станбул дахь дэд консул асан Б.Баттүшигийн “эзнийг” ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Ц.Элбэгдоржоос, Х.Тэмүүжингээс хайгаад олсонгүй.Харин “МГИМО”-ийн дэмжлэг байсан, Сү.Батболд Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайд “болгосон” гэвэл хүн итгэнэ. Д.Цогтбаатар Б.Баярсайханыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилсон гэдэг бол үнэн. Б.Баярсайханы төрсөн дүү нь Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнай бөгөөд түүний эхнэр ньБ.Баттүшигийн төрсөн дүү Б.Баттуяа гэдэг бас гарцаагүй үнэн. Магадгүй гэж болохгүй ураг төрлийн ийм ойрхон томилгоо өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг шогширч суухаас аргагүйд хүргэчихлээ. Өөрийнх нь л буруу. Цаашилбал өөрийг нь томилуулсан С.Батболдын арга барил, эрээ цээргүйгээр өөрийн хүмүүсээ томилдог ёс зүйгүй “технологи”-ийг нь өвлөж импортолсны гай энэ.

Гэтэл ураг төрлийн холбоос нь багш шавийн барилдлага руу халдварласан бололтой юм. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар нэлээд хугацаанд ажилласан, хилийн тагнуулын албыг хаана харьяалуулах талаар хэл үг хийж явсаар хэдэн жилийн нүүр үзсэн Ж.Энхбаяр дээрх Б.Баярсайхан диломатчийн шавь юм. МУИС-ийн Хууль зүйн сургуульд энэ хүнээс суралцсан ач тусаа эрдмийн бүтээл, ном сурах бичгийг нь хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж хариулаад зогсохгүй Элчин, консулын томилгоонд он удаан жил гар нийлэн ажилласан байдаг. Тэр ч байтугай эрдэм заасных нь ач уу, өөр хамтын ажиллагааны үр шим юм уу, Б.Баярсайханы дүү Б.Баярмагнайгийн гадаадад суралцсан зардлыг төлсөн. Хорин хэдхэн настайгаасаа гаальд ажиллаж хөлжсөн Ж.Энхбаяр зөвхөн ЖДҮХС-аас зээл аваад цадчих хүн огт биш гэдэг нь эндээс харагддаг.

Д.Цогтбаатар сайдын хувьд, магадгүй ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн С.Батболд нарын базууд Д.Цогтбаатарын “ард” байгаа учраас гэнэн томилгоонд нь түшиг болно гэж тооцсон биз. Одоо тэрбээр яасхийгээд энэ бүхнийг Тагнуулын ерөнхий газар руу чихэх вэ гэж тархиа гашилгаж суугаа байх. Тэгэх ч “шалтаг” бас бий.

Б.Баттүшигийг томилсон дараагийн албан тушаалтан бол ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, ТЕГ-ын Гадаад тагнуулын албаны дэд дарга Тогтохсүрэн нар юм гэдэг. Энэ хоёр нийслэлийн 33 дугаар сургуульд ч, тагнуулын сургуульд ч хамт суралцаж байгаад Б.Баттүшигийгээ Турк руу томилсон нь ийм хэргээс нь ичиж суухад хүргэв. Б.Энхсүхийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан ТЕГ-ын хэлтсийн дарга Баасандорж нар зарим болзолтойгоор томилсон байдаг. Энд би далдуур өгөлцөж авсан санхүүгийн хэрэгсэл биш ил харагдаж байгаа албан тушаалын тохироо ярьж байгааг ойлгож байж над руу дайраарай. Үүний баримт харагддаг ч үгүй, олддог ч үгүй. Хардах эрхээ эдэлж байгаа юм шүү.

Ингээд ГХЯ, ТЕГ-аас “хос морьтой” Станбулд ирсэн Б.Баттүшиг 2000-аад оны үе буюу С.Батболдыг төрийн байгууллагын хаалга татаж Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон тэр цаг үетэй зэрэгцэн Европын орнуудад хүчтэй тархсан хар тамхины “Блэк Моргон” бүлэглэлийн “хар ажил”-даа шамдан орсон байдаг. “Тусгай” буюу тус-гай томилгооны үр дүн ийм байдаг. Өөрөөр хэлбэл “Алтан гурвалжин” мэт нь алиа харагдаж хоцрогдчихсон байсан үе.

С.Батболдыг Гадаад хэргийн дэд сайдаар ажиллангаа Москвагийн Дипломатын академийг төгсөх хооронд ГХЯ-ны дипломат ажилтан Алтансайхан ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан. Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан, С.Эрдэнэ 2002 онд ХБНГУ-д тамхины наймаа хийж байгаад баригдсан ч хожим нь ҮАБЗ, АТГ, бүр Тагнуулын ерөнхий газарт тэргүүн дэд дарга болтлоо дэвшсэн. Бараг “албан тушаал буураад” Хөх хотод ерөнхий консулаар ажиллаж байгаад өчигдөрхөн эргүүлэн татах шийдвэр гарсан. Энэ удаад түүний тамхины хэрэг нь “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис”-т хүртлээ өсч, одоогоор “нэр холбогдсон” гэж бичигдэж байна. Хар тамхины хэрэг бол зөвхөн контрбанд биш онц ноцтой эрүүгийн хэрэг.

Мөн Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан Баярхүүг Англид тамхины наймаа хийж явахад нь саатуулсан явдал 2003 онд, Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан Цэрэнсодном тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан гэхчлэн хөвөрч байна. Гадаад хэргийн дэд сайд нь С.Батболд. Дэд сайдад огт хамаагүй гэхгүй байх гэж найдъя.

Хамгийн их цочрол өгсөн нь Б.Шатарбалын хэрэг. Мөн л “МГИМО”-ийн төлөөлөл Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайдаар ажиллаж таарч байв. Тэрбээр 2004-2006 онд дээрх албыг хашсан. Гэтэл 2005 оны гуравдугаар сарын 23-нд БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Б.Шатарбал дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад Болгарын тусгай албаныханд баривчлагдсан. Түүний өмгөөлөгч Б.Цолмон хэдийгээр үйлчлүүлэгчдээ үнэнч байх ёстой ч хуулийн талаасаа мөн ч хачин тайлбар хийсэн нь “Өдрийн сонин”-ы 2007 оны арваннэгдүгээр сарын 13-ны дугаарт нийтлэгдсэн байдаг. Тухайлбал “Үүнээс болж Монгол Улсад учирсан хохирол байхгүй. Том хэрэг үүсгэн шалгалаа гэж бодоход өөрсдөө хэргээ илрүүлээгүй. Хаа байсан Болгарт болсон хэрэг энд огт хамаагүй. Монгол Улсын нэрийг унагалаа гэж буруутгадаг. Үнэндээ дэлхий дахинаа ийм юм болдог. Тэртэй тэргүй УИХ-ын 76 гишүүн улсын нэрийг унагааж л байгаа биз дээ” гээд аваад хаячихаж билээ.

Хэдийгээр тэр өмгөөлөгч “Арван настай хүүхдээ дагуулаад тамхи зөөж явна гэж юу байхав. Роберт гэгчид тусалж эм хүргээд өгөөч гэснийг нь зөөж байгаад чадуулчихлаа. Роберт нь алга болчихсон гэж түүний өмгөөлөгч Б.Цолмон ярьж байсан ч Б.Шатарбал арван жилийн ял сонсоод асгартал уйлж байсан гэдэг. Болгарын хууль хяналтынхан таван сар мөрдөж эцсийн үйлдэл дээр нь баривчиллаа гэж мэдэгдсэн юм гэнэлээ. Хэн нэгэн Робертод 120 кг “эм” зөөж өгч туслахыг нь отож хүлээсэн гэж үү гээд бодохоор Б.Шатарбалыг өрөвдөхөд хэцүү байв. Тээвэрлэж явсан хар тамхи нь тэр үеийнхээр 23 сая ам.долларын үнэд хүрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Эцэст нь найман жил хоригдохоор болж, үүнээс гурван жил орчим ял эдлээд цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж байв.

Ц.Мөнх-Оргилыг Гадаад хэргийн сайдаар ажиллах үед ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байсан Ганболд, эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн юм гэдэг.

Ийм л “өв”-ийг “МГИМО”-ийн “толгойлогч” С.Батболд Ц.Мөнх-Оргилд, Д.Цогтбаатар үлдээж дээ. Одоо Д.Цогтбаатар нь юугаа цэвэрлэж, юутай тэмцэнэ гээд байна аа. Түүнд хугацаа, тактик байна уу? Араасаа ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригтыг Төрийн нарийн бичгийн даргын суудалд урих бололтой. Мөн Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын албаны дарга Г.Алтансүхийгээ дэвшүүлэхээр зүтгэж яваа аж. Д.Сүхбаатар жанжны хэлсэн “Цаад эздийг нь…” хайхад Сүхбаатарын Батболд л харагдаад байх боллоо. Хаана хүрч зогсохыг таашгүй ч хариуцлагагүй томилгоо нь хар тамхины наймааны ноцтой гэмт хэрэгт нөлөөлсөн гэдгийг түүхэнд тэмдэглэн үлдээх ёстой.

Түүнд Н.Багабанди шиг, Ц.Элбэгдорж шиг найман жил Ерөнхийлөгч болох, Ц.Нямдорж, Ч.Улаан шиг дахин дахин салбартаа сайд хийх арвин мөрөөдөл бий ч С.Баяр шиг, М.Энхболд шиг удаан хугацаанд лидер байх тэр чанар үгүй. Тэр бол “хүний үнэр” юм. Тэр чанар, тийм мөрөөдлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй цаг ирж буйг БҮҮ МАРТ!!! Томилгоо зүй ёсоороо явагдах ёстой. Зүй бусаар нь явуулбал үр дагаварыг нь цаанаасаа бэлдчихсэн байдаг аж…

н.ОРГИЛМАА

Эх сурвалж: Baabar.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549