Сүйрүүлэгч

access_time 2019-07-03
remove_red_eye 258

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын нийтлэлийг хүргэж байна.

Хүмүүн төрөлхтнийг машин мэтээр тодорхойлж, албингуудыг амилуулсан шашин бол “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи” гэсэн шигээ жинхэнэ сүйрүүлэгч бас мунхруулагч коммунист, социалист шашны нянг дэлхий даяар цацсан зэтгэр бол Карл Маркс юм билээ. Албингууд хүн төрөлхтнийг сүйрүүлсэн хар түүхийн сүнс сүүдэр өнөөдөр ч амь бөхтэй нөөлөгтсөн хэвээрээ байна. Аливаа шашин ч улс төр, коммунизм, социализм, фашизм, нацизм ч улс төр. Бүр хорон хүмүүний амь насыг молхиогч сүйрэл, эмтрэл, эмгэнэл чиргүүлдсэн хорлол… Коммунизм 100 сая, фашизм 60 сая эрдэнэт хүмүүний амь, амьдралыг сүйрүүлсэн, улайд дэвэн гуаглаж гай тарьсан эмгэнэлт түүхийг хүн төрөлхтөн марталгүй зуун зууныг үзсээр өдий хүрсэн бөлгөө.

Мартах ч эрхгүй! Яагаад? Учир нь албингууд Орос оронд 1917 онд нүүгэлтэн ирэхдээ большевикуудыг амилуулж тэр орны хаан ширээг түлхэн унагааж ленинизм сүндэрлэжээ. 1921 онд Монголын үндэсний эрх чөлөөг 10 жилийн мөчлөг дээр нь устгаж улаан большевикууд Шивээ Хиагтыг монгол хүн бүрийн зүрхэнд шивснээс хойш 70 жил ноёрхсон хэдий ч МоАХ коммунистуудын явах замыг зогсоосон, гэвч сүг сүнс нь хоргодон үлджээ. Өнөөдөр Сталин, Ленин, Гитлер гурав Монголд байна уу? Байна. Сэрвээнийхээ үсийг өрвийлгөн амилж байна. Сталин бүр Берия, Ёжовтойгоо сүжрэн сүйдтэй үйлдэл хийж эхэллээ. Эднийгээ халах санаатай Хрущевууд ч галзуурч чихэнд чийртэй орилж байна. Тэдэнд бүү горьд гэж хэлье. Сонгогчид оо, ухаарч сэхээрээрэй. Амьдралд үнэтэй цэнэтэй, бодитой хандаж, амьдралаа зөв харж, хайрлаж өөрийгөө бодох үнэтэй мөчлөг яг өнөөдөр ирээд байна. Одоо л сэтгэж бодож өндийхгүй юм бол оройтох нь ээ. Болсон явдал, үнэн түүх өгүүлсү.

 

Ленинийг бие нь муу байхад эм өгөх нэрийдлээр аажмаар хордуулж алсан алуурчин бол Сталин. Тэрээр Троцкийг бас зайлуулж үгүй хийхийг гүйцэтгэсэн буюу үргэлжлүүлээд Улс төрийн товчооны бүх гишүүдээ цааш нь харуулсан… Яргалал хийж төрийн толгойд түрийний аймхай бөөс Сталин заларч Монгол руу минь хорт савраа сарвайж олон жилийн хөрвөлтөд манай улс түүний колони болон байхдаа хэд хэдэн ерөнхий сайдаа большевизмын хоронд түлүүлсэн юм шүү дээ! Бүү март! Үе удмаараа бодохтун!

Хүн төрөлхтөн буруу хүмүүсийг сонгож тэднийхээ гарт хөнөөгдсөн түүх дэлхий даяар дүүрэн байгаа. Өнөөдөр лав бид зөв хүмүүсийг сонгоогүйгээ харж байна. Энэ буруу нөхдийг өөрчлөх шаардлага, шалтгаантайгаа цуг байгаа шүү. 01, 02, 03 нарын болон тэднийг дагалдагч большевикуудыг давраахгүй ээ… Зогсооно… Байх ёстой газар нь буулгана шүү!!! Нөхөр 01 бүр давраад сэтгүүлчийн бичих, хэлэх эрхэнд халдаж шүүхэд өгнө гэж өөрийнхөө томилсон шүүхээр илт далайлган сүрдүүлж, сахалгүй ч Гитлер, Сталин хоёрын авир цухалзуулж; Берия, Ёжов хоёрынхоо гарт базуулсан царайлж байна. Өс хонзонгийн оодон ташуур барьсан Берия, атаархлын мохоо сэлмээ далайсан Ёжов нар одоо болно… Та нар ийм л дүр төрхөөр илэрч байна даа… Ардчилал, хүний эрх, өмчийн эрхэнд халдагч нар аа, “эрх чөлөө” дуруур чинь авируулахгүй ээ… Хазаарлана…

Оюуны өндөр сэтгэлгээтэй хүмүүс, залуус байдаг юм шүү, энэ улсад чинь! Эртхэн дуулгачихъя!!! Худал зусрын индрийг удаан байлгахгүй… Ялангуяа сүрдүүлэгчдийн болоод цагаандаа гарсан дээрэмчдийг тэгж ч удаан зоолуулахгүй. Сайн цаг айсуй яваа юм шүү… Цаг хугацааны л хэрэг…

 

Гаргалгаа

Суралцаж, сэтгэж, бүтээж, ажиллаж байж арчаатай сайхан хувиа бодоод урагшилбал хөгжил өөрөө дэргэд чинь ирнэ. Хоосон мухар сүсэг, гажуудсан улс төр хоёроос өөрийгөө холдуулахгүй юм бол өөрийн гэсэн толгойтой байж, өөрийнхөөрөө байж чадахгүй үед, тууштай үзэл санаатай болоогүй цагт хүн гэдэг зүгээр л нэг муу нэмнээтэй адгуус. Хүн бүр эрх эрхээ хүндэтгээд л нэг нэгэндээ хохирол учруулахгүй л урагшилъя. Урагшлахдаа өчигдрөө санаж гунихраад юу хийх вэ. Ирээдүйг хоосон мөрөөдөж цамнаад ч яах юм. Бодитой харж, яг одоо цаг дээр өнөөдрөөрөө “Зөв үү? Зөв” “Үнэн үү? Үнэн”, “Сонин уу? Сонин”, “Сайхан уу? Сайхан” гэж дор бүрнээ өөрийгөө хөгжүүлж өмчөө арвижуулж, хувиа бодож ёс зүй журамтайхан, ухамсартай, хариуцлагатай зарчимч хандлгыг нээж өөрийнхөө тусгаар тогтнолын эзэн болохын тулд хоорондоо дайсагнах бус, дур зоргоороо авирлах бус, эрүүл саруул ухаанаа цэлмээн уралдуулж өрсөлдөж хөгжих сайхан бүхнийг тосъё.

Иймийн тулд тогтолцоогоо өөрчилье. Яаж төрийн анатомийн ялзралыг алга болгож жинхэнэ ёс зүйт, ёс суртахуунта капитализм руу шилжин орох вэ?

Энгийн нэг жишээ. Миний дотны дүү Г.Энхтайван өгүүлрүүн “Со ах аа! Дүүд нь гадаадын нэг сүрхий найруулагч театр бол хүмүүсийн албаар нэгдсэн нэгдэл биш, тус тусдаа бие даасан ертөнцийн уулзвар юм гэж хэлснийг ухаж ухаж ухаарч ойлгов, би” гэв. Би бүр баярлаад “Тэгэлгүй яах юм бэ, дүү минь. Яг наадах чинь жам ёсны юм аа. Теарт ч, улсад ч, улс төрд ч, эдийн засагт ч адилхан бие даасан, хувиа бодсон сэтгэгч, бүтээгчдийн соёлт харилцаа буй болж байж хүн сайхан амьдарна” гэж уулгалан хэлэв. Ай даа, Г.Энхтайван дүү нэр шигээ тайтгарлыг надад авчирлаа. Энэ хүү Тангадын Галсан ахын хүү нь байгаа юм. Тэр ерэн онд миний ард бэлэн зэхээстэй, асаалттай байсныг дурдъя.

 

Хэсэг залуус бас зурагтаар ярьж байна. Өөрийгөө тоох, өөрийнхөөрөө байх, өөрийгөө олох тухай. Ямар ухаантай, үнэ цэнэтэй, эрдэм мэдлэгтэй, логиктой энгийн хүүрнэнэ вэ. Ярина гэдэг сэтгэнэ гэсэн үг. Сэтгэж, сэтгэлээ зөв байлгаж гэмээн нь философийн зөв хандлага гарна. Философи гэснээс энэ чинь наад захын энгийн ухагдахуун шүү дээ. Дэлхий дээр дийлэнх нь философийг ойлгоход бэрх, ухаж ойлгох ёстой ч юм уу? Ер нь товчхондоо хүмүүнд энгийнээр тусахгүй байгаа тусгалыг л философи гээд байж дээ, хөөрхий. Философи энгийн зөв байх учиртай гэдгийг Айн Рэнд нээжээ. Арестотелийн алдааг ч олж харсан юм билээ. Арестотель “Платон миний багш, үнэн түүнээс аугаа юм” гэжээ. Тун чиг энгийн ойлгомжтой байгаа биз, таминь ээ? Бид хэтэрхий зохиомжилж үнэнийг худал болгож, худлыг үнэн харагдуулж хий сүжрээд байна. Бидний араншинг хараад баярлаж буй ертөнц оршин буйг олж хар.

Монгол төрийн чих толгойг хойно, урд хоёр талд ээлжлэн барьсаар байх санаа агуулж байгаа нөхцөл байдал хэзээ ч устахгүй амь бөхтэй байх нь тодорхой. Иймд Монгол Улс төвийг сахих үзлээ чангахан бариад л явах нь манай төрийн сэнтийд залрагчдын ариун үүрэг мөн болой. Энэ бол нэг л үүрэг шүү дээ. Гаднаа ч, дотроо ч эв нэгдэл л чухал. Дотоод бодлогод ард иргэдээ хооронд нь толхилцуулахгүйн тулд:

  • Төрд өмч үлдээлгүй зөв, нээлттэй хувьчлах.
  • Эрх, эрх чөлөөг дээдэлсэн зарчимтай, оновчтой, эрүүл саруул хуулиар ард иргэдээ элдэв сүрдүүлэгчдээс хамгаалах
  • Төрийн байгууллагууд чиглэл чиглэлийнхээажил үйлсийг цэгцтэй, чадварлаг гүйцэтгэн биелүүлэх
  • Хуулийн байгууллагуудыг улс төрөөс ангид байлгах
  • Төрийн оролцоог хумьсан хууль, эрхзүйн шинэчлэл хийх
  • Дарангуйлж, айлган сүрдүүлэгчдэд хариуцлага хүлээлгэх, тэднээс хүний эрх, өмчийн эрхийг хамгаалсан сайн хууль батлах

Ийм л зорилгод хүрэх хүнийг сонгох хариуцлагатай үүрэг сонгогчдоос л шалтгаална. Цаг хугацаа их орно доо… Яагаад? Оюун санаа ядмаг байна.

Намын санхүүжилт, үзэл суртал, үйл хэрэг нь ил нээлттэй байх бүх бололцоог бүрдүүлэх оюун сэтгэлгээний дорвитойхон өөрчлөлт, шинэчлэл хийхгүйгээр сүйрсээр, хэрэлдсээр, алалцсаар л байх болно.

 

Төгсөхгүй эхлэх нь

Мандах, жаргах нарны хооронд шар болоод улаан нарны элчинд бор хоног өнгөрүүлэхдээ хүн-нүх биш, хүн-хүн л байя. Албан тушаалын эмгэг тусч, даргын хэнээ хэнхэгтэй болчихоороо л хүн-нүх болдог юм байна. Мөн манай төрийн гурван өндөрлөг 01, 02, 03-уудын аль нь ч ялгаагүй, хэн нь ч адилхан зусар бялдуу, бялдгаар тэжээлгээд тархины эрчим нь хордлогод ороод зарим нь хүний эрхийг хамгаалах нь бүү хэл хамсаатнаа зоддог ч сурагтай. Берия, Ёжов, Хрущевын дуураймал сүнсүүд бизнесмэнүүдийн бүтээсэн бүтээн байгуулалт, өмчийг хураана, улсад авна гэж “атаманддаг” галзуу өвчин туссан байна. Угаасаа тийм юм байхаа даа. Ийм хүн л эм тариа хийлгэх учиртай байх. Улсын өмч гэж угаасаа байхгүй, байгаа ч үгүй. Хүмүүсийн өмчийг нийгэмчлэх нэрээр дээрэмдсэн. Хүний өмч, хувийн өмч л байсан, байх ч ёстой. Капиталист тогтолцоонд хүний эрх, эрх чөлөө хоёр 01, 02, 03-т биш зүгээр л нэгдүгээрт тавигдах учиртай. Тэгж хуульчилж байж сүрдүүлэг, сүйрлээс аврагдана.

Бас нэгэн сүйрэл

Дэлхийн улс орнуудад очиж улс үндэстний эрх ашгийн төлөөлөл болж ажилладаг элчүүдээ мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлдэг нь сүйрэл дагуулаад байна. Мэргэжлийн өндөр зиндааны дипломатуудын улс хооронд хийсэн гавъяаг 01, 02, 03 нь айлчлалынхаа үед ичихгүйгээр дээрэмдэнэ. “Би л очоод, би л айлчлаад, би л найзлаад, би л сүрхий дээ” гэж ирээд л өрөөлийн гавъяаг өндөлзөн луйвардаж, өөрийнхөө бурууг бусад руу чихэх өвчин тусна. Уг нь төрийн өндөр албан тушаалд байгаа хүн манай элчин сайдуудын эрдэм чадвар нөмөр, улс орондоо дэлхийн хэмжээний том цар хүрээг наашлуулж байна гэж ойшоож, хүндэтгэх учиртайсан. Гэвч тэднээр бахархахын оронд ухааных нь сүв бөглөрчихнө, хэл нь татчихна. Улс төр гээч лүд янхны ажлыг ч булаачих юм даа. Төрийн ордондоо төөрөлдсөн улстөрчид аллагад хүртэл өртөх нь дээ. Хүний чанар ч бүр алга. Төр үнэгүйдэж дампуурч байна. Шашин, коммунизм хоёр хоёулаа сүйрүүлэгч.

Хүмүүн төрөлхтний хөгжил, техник технологийн шинэ дэвшлүүд шинжлэхүй ухаан, анагаахуйн ухаан, үйлдвэрлэл, сансар огторгуй судлал бүгд сэтгэгчид, бүтээгчид, ажилсаг зүтгэлтэй хувь хүний эрэл хайгуулын жимээр л буй болж хөгжин бадарч байгааг болгоо. Харин улс төр л садаа болдгийг анхаар!

Хүний эрхийг, өмчийн эрхийг зөрчиж эдийн засгийн үйлсэд хөндлөнгөөс оролцдогоороо төр гай болдог. Ялангуяа бизнесийн хэрэгт төрийг үл оролцуул.

 

Хүн бүр жудагтай байх нийгмийн тогтолцоог нээх нийгмийн тогтолцоо бол капитализм юм. Төр данхайхгүй байх, дээрэмчин тонуулчдаас хүний эрхийг хамгаалах, хувийн өмчийг өмөөрөх, ариун үүрэгтэйг сануулъя. Үүргээ биелүүлэхсэн дээ, хэзээ бол?

Күнзээр амьсгалсан, Марксаар өвчилсөн хоёр гүрний дунд цөөхөн монгол оюун санаагаа л зөв эрчимжүүлж байж сүйрүүлэгчдээс сална. Яг үнэндээ бид тийм ч их сүйдчихсэн юм бас биш шүү. Боломж, гарц байгаа шүү дээ.

Эдийн засгийг л улс төрөөс салгах нь чухал. Төр бол өмчийг хураана, хүнийг бол хорино шүү, шалгана шүү, шоронд хийж шонд дүүжилнэ шүү, ална устгана гэж сүрдүүлж байгааг юу гэж үзэх вэ? Төр л хүний эрхийг зөрчөөд байна. Ашгийн төлөө ажилладаг бизнес эрхлэгчид хүмүүнд хөгжил дэвшил, эрдэм мэдлэг, амьдралын баталгаа болно.

Харин улстөрчинцөрүүд айлгаж сүрдүүлэхийг л багаж зэвсгээ болгодог. Бэлхнээ дэлхийн түүх, хүмүүн төрөлхтний ааш авир нотлоод өгнө дөө. Зарим нь тухайн улс үндэстнийхээ түүх шаштирт цагаан дээр хараар бичээстэй байгаа… Хараар бичсэн муу бүхнийг Монгол Улс, монгол хүн бүр давтах бас туулах, гатлах ёстой юм гэж үү?

Д.Сосорбарам. 2019.07.07

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549