300 байр нэхэж байгаа багш нар ичиг ичиг

access_time 2019-07-02
remove_red_eye 439

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дээрх орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулна гэдгийг илэрхийлээд байгаа юм.
Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:
– залуу гэр бүл,
– төрийн албан хаагч,
– хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
– 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл,
– өрх толгойлсон эцэг, эх,
– өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан,
– хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл,
– гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн үндсэн найман ангилалд шалгуур үзүүлэлт тавин сонгох санал боловсруулсан. Гэтэл 972 айлын орон сууцнаас 300 айлын орон сууцыг нь багш нар авна гээд ЗДТГ -ын үүдэнд жагсаал хийх болов. Тэгэхээр 672 айлын байранд өөрсдийн гэсэн орон сууцгүй иргэд зохицож орох ёстой болж байна.

Үнэндээ төрийн албан хаагчид ипотекийн зээл, жил бүрийн цалингийн нэмэгдэл, элдэв хангамж гээд олон зүйлд багтаж ордог. Нэн ялангуяа багш бол цалингаа нэмүүлэх гэж жилд дор хаяж хоёр удаа жагсаал цуглаан хийж бойкотлож байгаад асуудлаа шийдүүлдэг. Гэтэл тэгш хүртэж хувиарлах ёстой түрээсийн орон сууцны асуудал дээр хүртэл хар амиа бодож 300 байр нэхэж байгаа багш нар ичиг ичиг. Төрийн албан хаагч дан ганц багш нараар хэмжигдэх ёсгүй. Эмч, цагдаа, онцгой байдал гээд тоочоод байвал их шүү дээ. Жил бүр ажилт хаялт зарлаж санасандаа хүрээд сурчихсан багш нар энэ удаад жаахан ёс зүйтэй баймаар байна. Өргөдөл гомдолоо өгөөд, ном журмаар нь яваад түрээсийн орон сууцанд орох боломж Монгол улсын иргэн бүрт нээлттэй байна. Гэтэл заавал бойкот хийж 300 байрыг дээрэмдэх шахуу авах гээд байгаа нь үнэхээр харамсалтай. Боловсрол эрдэм мэдлэг түгээгч нар ийм аргаар амьдраад сурахаар тэдний гараас эрдэм өвөрлөн өсч өндийж байгаа хүүхдүүд ямар хүн болж төлөвших вэ?.

Хямдхан түрээсийн байраар дамжаад өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэл хүн бүрт л байна. Тэглээ гээд жагсаал цуглаан хийж байр өг гэж гүйх ёс зүйгүй хүн багш нараас өөр алга байна. Багш нарын энэ сенсациас айсандаа НЗДТГ, НОСК арай багш нарт 300 байрыг май гээд өгчихгүй байлгүй дээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549