Америк-Хятадын худалдааны дайн завсарлаж, Хуавэйд боломж нээгдлээ

access_time 2019-07-01
remove_red_eye 179

 

Японы Осакад болж өндөрлөсөн “Их 20”-ын чуулганы нэг чухал хэсэг нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалт байсан юм.

Хоёр удирдагч өчигдөр буюу Бямба гарагт уулзаж, хоёр орны хооронд үргэлжилж байгаа худалдааны маргаан зөрчлийг зогсоох талаар хэлэлцжээ.

Уулзалтын үр дүнд АНУ, Хятад улсууд худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Хятадаас АНУ-д экпортлодог $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар оноох төлөвлөгөөгөө Трамп хойшлуулж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ.

Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол АНУ-д импортлох Хятадын бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болох байсан юм.

Үүнээс гадна Трамп, Ши нар нэг чухал шийдэлд хүрсэн нь Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавьсан нэг талын хоригийг цуцалсан хэрэг байв.

Тодруулбал АНУ-ын технологийн компаниуд Хуавэй компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болж байна.

Ингэснээр Google компанийн Андроид систем, Qualcomm, Intel зэрэг компаниудын хагас дамжуулагч эд ангийг Хуавэй өөрийн бүтээгдэхүүнд ашиглах боломж нээлттэй хэвээр үлдэж байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны маргааныг эцэслэж чадаагүй ч энэ удаагийн уулзалтын шийдвэр нь зах зээлд богино хугацааны сэргэлт авчрах нь тодорхой. Уг маргаанаас талууд аль аль нь хохирч байгаа.

Трамп Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ноогдуулсан бол Америкийн худалдан авагчдад $12 тэрбумын шууд дарамт үүсэх байсан юм.

Хятадын талд хөрөнгө оруулагчдын итгэл буурч, АНУ-ын өндөр татвараас зайлсхийхийн тулд томоохон компаниуд үйл ажиллагаагаа өөр улс орнууд руу шилжүүлж эхэлсэн.

Трампын засаг захиргаа өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд Хятад улсын эдийн засгаа хөгжүүлж ирсэн арга барилыг үндсээр нь өөрчлөхийг шаардаж байгаа.

Тухайлбал төрийн өмчит компаниудад дэмжлэг, татаас үзүүлдэг бодлогыг зогсоох, дотоод зах зээлээ хөрөнгө оруулагчдад нээх зэргийг шаардаж байна.

Харин Бээжингийн эрх баригчид АНУ-ын зүгээс ямар ч дарамт шахалт ирсэн ажиллах арга барил, зарчмаа өөрчлөхгүй гэж мэдэгдээд байна.

Тиймээс талуудын хооронд санал нийлэхгүй олон асуудал байгаа. Нөгөө талаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд ялж, дахин ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Хятадын талтай маргаанаа шийдвэрлэж, Америкийн эдийн засгийг эрсдлээс хамгаалах шаардлагатай болоод байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549