БЗД-ийн дарга нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод төсөвлөсөн мөнгийг юуны учир ГАЦААВ

access_time 2019-06-28
remove_red_eye 1948

 

Бага насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх “Үжин” төвд Баянзүрх дүүргийн харьяа долоон охин урт хугацаагаар буюу 2-8 сар байрлан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авч байна. Эдгээр хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын холбогдох зардал Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас БЗД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дансанд шилжүүлсэн байна. Гэрээний дагуу эдгээр хүүхдэд үзүүлсэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зардлыг “Үжин” төвд шилжүүлэх ёстой боловч өгөөгүй өдий хүрчээ.

Долоон охины зарим нь найман сарын турш “Үжин” төвд байрлаж хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээнд хамгаалагдаж байгаа бөгөөд тус төвийнхөн бусад газраас ирсэн хүүхдүүдийн зардлыг зарцуулсаар өнөөдрийг хүрчээ.

Гэвч өнөөдрийн байдлаар бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд хоол унд, хувцас, эм тариа, хөгжил хамгааллын үйлчилгээнүүдээ авч чадахгүй нөхцөлд амьдарч байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хөөрхий охид өнөөдөр бас юуны учир ийнхүү өөрсдөд нь төсөвлөсөн зардлаа авч чадахгүйд хүрэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, БЗД-ийн ЗДТГ, Төрийн сан, ГБХЗХГ-ын хоорондын үйл ажиллагааны уялдаа, үл ойлголцлоос болж хохирогч охид төрөөс хүртэх хамгааллын үйлчилгээг авч чадахгүйд тулжээ.

Монгол улсын хэмжээнд 2018 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, 1300 гаруй 12-17 насны охид хүүхэд төрүүлсэн статистик байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 110 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчихоод байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртөж бие сэтгэлийн хувьд маш их шархалсан бяцхан охидыг нөхөн сэргээж, хамгаалж, нийгмийн амьдралд эргээд хөл нийлүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа төрийн бус байгууллагынханд төр засаг, холбогдох газрынхан анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ.

Хүүхэд хамгаалал бол УЛС ТӨР шургаж боломгүй салбар гэдгийг эрхэм дарга нар ойлгох бизээ. Бид энэ талаар үргэлжлүүлэн сурвалжилж мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549