СЭТГЭЛ ДОГДЛОМ ГАЙХАЛТАЙ ТҮҮХ

access_time 2019-06-25
remove_red_eye 11756

 

Солонгос гаралтай Америк гэрэл зурагчин энэ чиглэлээр сурахынхаа хажуугаар орон гэргүй хүмүүсийн зургийг авч эхэлжээ. Гудамжинд зураг авч байх үедээ тэдгээр орон гэргүй хүмүүсийн нэг нь олон жилийн турш ганц ч хараагүй байсан аав нь мөн болохыг олж мэдсэн байна. Аав ээж нь гэр бүлээ цуцлуулснаас хойш охин нь аавтайгаа бүрмөсөн холбоо тасарсан байжээ. Бид өнөөдөр та бүхэндээ энэхүү гайхалтай түүхийн талаар хүргэхээр бэлтгэлээ. Таны сэтгэлийн утсыг хөндөж чадна гэдэгт итгэлтэй байна.

Диана Ким (Diana Kim) аав ээж хоёрыгоо салах үед дөнгөж 5 настай байсан бөгөөд тэр багаасаа л өөрийгөө аавгүй гэж боддог байв. Кимийн ээж нь хүнд хэцүү цаг үеийг туулах шаардлагатай болсон тул хамаатан садан болон найз нөхдийнхөөрөө бяцхан охиноо дагуулж хоног төөрүүлдэг байжээ. Заримдаа тэдэнд хонох газар олдохгүй болоход цэцэрлэгт хүрээлэн эсвэл машин дотор унтдаг байсан гэнэ. Гэхдээ Ким эдгээр он жилүүдэд амьдарсаар өнөөдрийг хүрчээ.

Кимийн аав нь гэрэл зургийн студитэй байсан бөгөөд энэ нь түүнийг гэрэл зураг авах дур сонирхолтой болоход нь нөлөөлсөн байна. Тэр коллежид байхаасаа эхлэн орон гэргүй хүмүүсийн зургийг авах болжээ. Дараа нь сургуулиа төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэн хийсээр байв. Энэ төсөл түүний хувьд маш ойр санагдаж байсан бөгөөд энэ нь гарцаагүй түүний хар бараан дурсамжаар дүүрэн хүүхэд нас болон орон гэргүй амьдрах зовлонг өөрийн биеэр мэдэрсэн гашуун түүхтэй нь холбоотой юм.

Тэрээр Гонолулугийн гудамжинд зураг авч байх үедээ орон гэргүй хүмүүсийн дунд өөрийнх нь аав байгааг анзаарчээ. Тэр түүнтэй очиж ярилцах гэж үзсэн ч аав нь цөхөрч ядарсан, бие махбодь болон сэтгэл санааны хувьд хямралд орсон байсан бөгөөд залуухан гэрэл зурагчинтай ярилцахаас татгалзжээ. Ким хэд хэдэн удаа түүний анхаарлыг өөртөө татах гэж хичээсэн боловч амжилтад хүрч чадсангүй. Тэр охин руугаа харахгүй байв.

Тэр Кимтэй үг дуугарахыг хүсэхгүй байсан ч охин бууж өгсөнгүй. Тэр түүнийг харахаар дахин дахин очиж байснаас гадна ярилцах гэж хичээж, ямар нэгэн хариу өгнө гэж итгэсээр байв. Мөн зургийг нь үргэлжлүүлэн авч байжээ. Аавыгаа ийм байдалтай байгааг харах Кимийн хувьд зүрх шимшрэм байсан нь ойлгомжтой. Камераараа түүний зургийг авах нь охинд аавтайгаа хамгийн ойр байх боломж байв. Ямар ч байсан тэр зургаар дамжуулаад ч болов аавтайгаа хамт байж чадаж байсан гэж хэлэхэд болно.

Энэ мөчөөс эхлээд Ким гэрэл зураг гэдэг хөдөлгөөнгүй зураг биш, бүхэл бүтэн дурсамж, түүх агуулагддаг юм байна гэдгийг ойлгожээ. Гэрэл зурганд тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж тэр чигээрээ бууж үлдсэн байдаг. Түүний гэрэл зурагчин болох хүсэл эрмэлзэлд аав нь гэрэл зургийн студитэй байсан нь нөлөөлснөөс гадна хожим хойно аавынхаа зургийг авснаар энэ чиглэлээр насан туршдаа ажиллах хүсэл тэмүүлэлтэй болгожээ.

Нэг өдөр Кимийн аав гудамжинд зүрхний шигдээс болж хэн нэг нь түргэн тусламж дуудсан байна. Эмнэлэгт хүргэгдэж, зүрхний шигдээсийг эмчлэх эмчилгээг яаралтай эхлүүлсэн бөгөөд давхар түүний бие организмыг хэвийн болгоход эмч нар анхаарчээ. Энэ магадгүй хачин сонсогдож мэдэх юм, гэхдээ зүрхний шигдээс түүний амьдралыг аварсан гэхэд болно, бас мэдээж түргэн тусламж дуудсан тэр нэгэн хүнд талархах хэрэгтэй.

Тохирох эмчилгээг цаг алдалгүй хийлгүүлсний үр дүнд Кимийн аавын бие эрс сайжирсан байна. Тэд одоо хамтдаа нэгэн компанид ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд аав охин байж чадаагүй тэр бүх цаг хугацаагаа хамтдаа нөхөж байгаа гэнэ. Тухайлбал хамт кино үзэж, цугтаа машин барьж эсвэл наран шарлагын газарт амрах гэх мэт.

“Энэ түүх бол зөвхөн минийх биш… хүн бүрийнх… бид орон гэргүй болсон эсвэл болж байгаа маш олон хүнийг мэднэ. Би тэдгээр хүмүүст хүнлэг зан гаргаж, туслах хүн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн Ким хэлжээ.

“Түүний талаар би илүү ихийг мэдэх тусам, би өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж байгаа юм шиг санагддаг… Би бүхний шалгуур болсон цаг хугацаанд талархахын сацуу, надад энэ боломжийг олгосонд баярлалаа.” гэж Ким үргэлжлүүлэн сэтгэлийн үгээ хэлсэн байна.

“Хэрэв чиний эхний оролдлого амжилтад хүргээгүй бол дахин дахин оролдоорой!” – энэ үнэн, хэзээ ч битгий бууж өгөөрэй, яг л Ким тэгээгүй шиг! Та хорвоо ертөнцийг өөрчилж чадахгүй, хэн ч чадахгүй. Гэхдээ та хэн нэгний амьдралыг өөрчилнө гэдэг бол юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй зүйл юм шүү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549