Үндэсний бөхийг жингийн ангилалтай болгох уу

access_time 2019-06-24
remove_red_eye 383

 

Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын таван бөх БСШУСЯ, БТСГ, ДЭҮТ-ийн хамтарч явуулсан допингийн шалгалтад бүдэрч, барилдах эрхээ 2020 оны хоёрдугаар сар хүртэл хасуулсан билээ. Тэдгээр бөхчүүд барилдах эрхийг нь наадмаас өмнө сэргээж өгөх хүсэлтийг МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд гаргаж, хүссэндээ хүрсэн нь бөхчүүд болон олон нийтийг талцуулаад байна. Өргөдөлдөө өмнө нь МҮБХ-г төлөөлж байсан Ү.Хүрэлбаатартай тохиролцоонд хүрээд байснаа зарласан нь өөлөх бас нэг шалтгийг гаргаж өгсөн бололтой. Тэгвэл эндээс эхлээд асуудлыг арай өөр өнцгөөс харах гээд үзье.

 

Эрхээ сэргээлгэх гэсэн бөхчүүдэд буруу байхгүй

Шалгалтад бүдэрсэн бөхчүүд буруугаа хүлээж, барилдах эрхээ сэргээлгэхээр нэлээд эртнээс хөөцөлдөж эхэлжээ. Тухайн үед Л.Чинбат тэргүүнтэй, Ү.Хүрэлбаатар зэрэг хүмүүс МҮБХ-г удирдаж байгаа гэсэн ойлголт байсан тул Ү.Хүрэлбаатарт хандсан байна. Улмаар эрхээ сэргээлгэх шийдвэрийг шүүхээр гаргуулсан бололтой /өргөдөлд бичсэнээс үзвэл/. Гэтэл Бат-Эрдэнэ тэргүүтэй нөгөө тал удирдлагыг гартаа авч. Тиймээс Б.Бат-Эрдэнэд хандсан байна. Үүнд тэдний буруу гэж үгүй. Буруутан байгаа бол бөхийн холбоог авах гэж улайрсан Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат тэргүүтэй сөргөлдөгч талууд л буруутай.

 

Спорт улс төрөөс ангид уу

Спортыг улс төрөөс ангид гэж ярьдаг. Гэхдээ энэ үнэхээр үнэн гэж үү. Түүх сөхвөл, спорт улстөрөөс ангид биш, харин ч ашиг хонжоо олох, шахалт үзүүлэх хэрэгсэл, тэр ч байтугай дайны шалтаг болж ирсэн байх юм. Олимпийн наадам, хөлбөмбөг, крикетийн ДАШТ нь спортын тэмцээн гэхээсээ илүү дипломат утга илэрхийлдэг болсоор удлаа. Үүн лугаа нэгэн адилаар үндэсний бөх нь Монголд улс төрийн салшгүй нэг хэсэг болтлоо ашиглагдаж, бохирлогдож байна.

Улстөрчид, улс төрийн амбийцтай бизнесмэнүүд сонгогчдоос оноо авахын тулд үндэсний бөхийн утгыг алдуулж байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэчнээн хүнийг улсын цолтой болгосноо зарлаж, төрийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч нь хүртэл бөхчүүдийг дэмжиж улсын цолд хүргэснээ зарлаж байсан. Мөнгөтэй нөхдүүд мэдээж, эхлээд өөрсдөө гуйдаг байж таарна. Тийм байхад “Бөхчүүд авлига авч байна, болиулья” гэж худлаа лоозогноод яах юм бэ. Монгол үндэсний бөхийн нэр хүнд унаж байгаа бол буруутан нь үндэсний бөхөд мөнгө цутгаж, жүжиг тавиулж байгаа эрх мэдэлтнүүд, баячууд гарцаагүй мөн.

 

Үндэсний бөхийг жингийн ангилалтай болгох уу

Манайхан допинг гэхээр хүч чадлыг гэнэт ихэсгээд амжилт гаргуулдаг зүйл мэт санаж, хэрэглэсэн хүнийг нь шударга бус хэмээн хараан зүхэх хандлага ажиглагддаг. Тэгвэл допингод хандах хандлага одоо өөрчлөгдсөн. Дээхэн үед бол яг л тэгж ханддаг байсан нь үнэн. Тиймээс шударга өрсөлдүүлэх үүднээс допингийг хорьж, хатуу хянадаг байв. Харин одоо, олон жил өнгөрч, сөрөг нөлөө нь ажиглагдсан учраас тамирчныг шударга бусаар амжилт гаргах вий гэхээсээ илүү эрүүл мэндийг нь хамгаалах үүднээс хориглож байгаа. Хэрэглэсэн тамирчныг ч шударга бус этгээд гэхээсээ илүү шуналаасаа бол эрүүл мэнддээ хохирол учруулсан өрөвдөлтэй нэгэн гэж хардаг болж байна.

Харин хэрэглүүлсэн дасгалжуулагчийг бусдын эрүүл мэндээр тоглосон өөдгүй этгээд хэмээн илүүтэй буруутгаж, шийтгэх хандлага бий болсон байна. Сэргээш хэрэглээд үргүй болсон, эр хүний үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, эдгэшгүй өвчин туссан, амиа алдсан тохиолдлууд Монголд гардаг болсон гэсэн яриа бий. Монголчуудын сэтгэлзүй хараахан бэлтгэгдээгүй байгаа учраас энэ талаар баримт нотолгоог олох гэж, олон нийтэд харуулах гэсэн мэрийлт алга байна. Яваандаа, сэтгэлзүй бэлтгэгдээд ирвэл допингийн золиос болсон тэдгээр тамирчид өөрсдөө өөрийгөө илчилж, допинг битгий хэрэглэ гэж залуу үеэ уриалах болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бидэнд жаахан цаг хэрэгтэй.

 

Нөгөө талаар, допинг нь хүч чадал, бие бялдар яг тэнцүү буюу жингийн ангилалтай спортод илүү хамааралтай. Тэнцүүхэн өрсөлдөгчөө ялахын тулд өөртөө давуу тал бий болгох гэж хэрэглэдэг зүйл. Харин жингийн ангилалгүй үндэсний бөх мэтийн спортод төдийлөн шаардлагагүй зүйл. 80 кг жинтэй бөх хэчнээн допинг хэрэглээд 120 кг жинтэй өрсөлдөгчөө ялахад хүнд шүү дээ. Японы мэргэжлийн сүмо бөх эмх цэгц, дэг журам ямар чанд хатуу билээ.

Гэтэл одоо болтол сэргээшийн шинжилгээ авдаггүй хэвээрээ байгаа нь дээрх шалтгаантай холбоотой. Миний хувьд сумын заан С.Майнбаяр, аймгийн арслан Б.Номиндалай нарыг допинг хэрэглэсэн гэдэгт эргэлздэг. Хоорондоо тэнцүүхэн үздэг хэдэн томчуудын шинжилгээнээс хоёрыг нь солиод жижигчүүлээ золиосолж байгаа юм биш биз гэсэн бодол орж ирдгийг нуугаад яах вэ. Хэрвээ үнэхээр допингийг хяная л гэж байгаа бол 512 бөхийн ядаж 256-гаас нь шинжилгээ авах хэрэгтэй шүү дээ. Сэргээш хэрэглэж дийлдэшгүй болчихоод гурав, дөрөв, тавын даваанд авлига аваад унаж өгдөг бөхчүүд байгаа ч юм бил үү.

 

 

Сөргөлдөгч талууд бөхийг хөгжүүлэх биш, “Хонгил”-д эзэн суухыг хүссэн үү

Үндэсний бөхийн холбоо ОУОХ-ны дүрмээр допингийн шинжилгээнд хамрагддаг болсонд миний бие эхэндээ гайхдаг байлаа. Дээр бичсэн шалтгаанаар. Холбооны удирдлагууд энэ тал дээр бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн шалтгаан хэлдэг ч өнөөдрийг хүртэл болж байсан үйл явдлууд өөрийг хэлж байна. Доор бичигдэх зүйлсийг батлах боломжгүй. Гэхдээ олон нийтийн дунд бодитой байгаа учир бичье. Бөхийн холбооны үе үеийн удирдлага сэргээшийн шинжилгээг нөлөө бүхий бөхчүүдийг дарамтлах, дуулгавартай байлгах арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн.

Дуулгавартай, хэлснийг нь хийгээд яваад байвал сэргээш илэрсэн ч зарлахгүй, эсэргүүцээд байвал нэрийг нь зарлаж, шийтгэдэг гэж. Дахин хэлэхэд энэ бол бөх сонирхогчдын дунд байгаа хардлага юм шүү. Таван бөх допинг хэрэглэсэн гэх мэдээ анх цацагдахдаа долоо байсан нь үүний нэг баталгаа гэж хэлж болно. Допинг хэрэглэсэн бөх начин, заан болсон байвал арга хэмжээ аваад түрүүлж үзүүрлэсэн бол хэлэлцэлгүй, хэлэлцлээ ч шийтгэлгүй орхидог юм шиг санагддагийг нуухгүй.

 

Нэр бүхий улстөрчдийн эхлүүлсэн “Шударга бусын хонгилыг устгах тэмцэл” гэгчийг нэг хүн “шударга бусыг устгах биш, шударга бусын хонгилд эзэн суухын төлөөх тэмцэл” гэж нэрлэсэн нь илүү үнэмшилтэй сонсогдож байж билээ. Тэрэн шиг, МҮБХ-ны удирдлагын төлөө зүтгэж байгаа талууд допингийн шинжилгээнд эрх мэдлээ тогтоохыг хүсч байгаа нь ойлгомжтой байна. Ү.Хүрэлбаатарын “Эвлэрлийн гэрээ”, Б.Бат-Эрдэнийн УЗ-ийн шийдвэрээс ч харсан тэр. Дээрх таван бөхийн хоёр нь Ү.Хүрэлбаатартай очиж тохирохдоо байгуулсан гэрээ нь “Эвлэрлийн” гэсэн нэртэй байгааг болгоогоорой. Эвгүй явсан гэвэл таван бөх золиос, гэрээ хийхээр очдог хоёр нь урвагч Дүлзэн шиг ч юм шиг байдал төсөөлөгдөнө.

Бид өнөөдөр бөхчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалья л гэвэл бөхийг улс төрийн нөлөө, допингийн хорт нөлөөнөөс эрс ангижрах ёстой. Түүний тулд өмнө нь допинг хэрэглээд баригдсан бөхчүүдийг бас сайн ашиглах ёстой. Ухаандаа, допинг хэрэглэсэн гэдэг нь тогтоогдож байсан, одоо тогтоогдоод буй бөхчүүдээр хор нөлөөнийх нь талаар яриулсан бичлэг, сурталчилгааны материал хийж болно. Ингэж зоригтой хөдөлсөн цагт л Монгол бөх допингоос сална. Чадахгүй бол байдал үргэлжилсээр байх болно.

ЭХ СУРВАЛЖ:Eagle.Mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549