Үндэсний бөх ба сүмогийн бөхчүүдийг шийтгэх ялгаа

access_time 2019-06-24
remove_red_eye 1746

 

Өнгөрсөн таван сард болсон Монгол Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг нэг тоогүй үйл явдал харлуулсныг бөхийн хорхойтнууд харсан биз ээ. Аймгийн арслан Э.Сумъяабат учраа бөхөө даваад тахимаа авахаар очиход улсын харцага Б.Бат-Өлзий өшиглөсөн нь өнөөг хүртэл цахим ертөнцөөр иргэд олны дургүйцлийг хүргэсээр байна. Уг нь эрт дээр үеэс бөхчүүд дэвжээгээ хүндэтгэсээр ирсэн түүхтэй гэдэг.

Гэвч ийм болчимгүй үйлдэл хийснийхээ төлөө Б.Бат-Өлзий ердөө давааныхаа шагналыг л хасуулж байх юм. Б.Бат-Өлзий сүүлд нь монголчуудаасаа уучлалт гуйсан л даа. Гэхдээ ийм үйлдэл бүрийн дараа уучлал хүсээд л өнгөрөх нь хэвийн үзэгдэл болвол яах вэ? Нэг кинон дээр гардаг шиг энэ ариун явдал уу? Манай үндэсний бөхийн түүхэнд дэвжээнээ зохисгүй авир гаргасан гурван бөх л шийтгүүлж байв.

 

2014 оны сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын арслан Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөнийхөө төлөө барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан. 2012 оны улсын баяр
наадмын зургаагийн даваанд учраагийнхаа гэдэс рүү тийрсэн Б.Пүрэвсайханы барилдах эрхийг мөн хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлэн тав давсан байг нь хураасан байдаг. Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн
барилдаанд учраа бөхийнхөө ар шил рүү нь цохисон улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг бас л хоёр сараар түдгэлзүүлэн бай шагналыг нь хурааж байв.

Энд тэмдэглэхэд, шийтгүүлсэн гурван тохиолдол л энэ юм. Иймэрхүү зүйл сүүлийн жилүүдэд ямар олон болсныг бөх сонирхогч олон хэлүүлэлтгүй сайн мэднэ. Энэ бүхнээс хавьгүй өмнө, Ардын хувьсгалын 80 жилийн ойн 2001 оны наадмын барилдааны их шөвөгт одоогийн хоёр дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хооронд юу боллоо доо. Унасан Г.Өсөхбаярын тийрэлтийг түмэн олон марталгүй өнөөг хүртэл ярьсаар байгаа шүү дээ. Гэтэл тэрхүү үйлдлээсээ болж Г.Өсөхбаяр ямар нэг шийтгэл хүлээсэн бил үү? Ямар ч шийтгэл хүлээгээгүйн улмаас иймэрхүү үйлдэл манай үндэсний бөхөд ийн үе үе гарсаар, бөх сонирхогчдын тоог үлэмж багасгаж буй гэдэгтэй маргах хүн ховор биз ээ.

 

Шийтгэсэн ч дэндүү зөөлөн, “толгойг нь илээд өнгөрдөгт” олон хүн шүүмжлэлтэй хандаж буй нь зүй. Угтаа улсын наадмыг нэг өнжих шийтгэл хүлээлгэвэл иймэрхүү авирыг хэр олон бөх гаргах бол? Гэтэл бусад улсад, нэн ялангуяа Японд үндэсний бөх сүмодоо иймэрхүү ёс бус зүйлд ямар хатуу арга хэмжээ авдаг билээ дээ.

Жишээ гэвэл, манай улсаас төрсөн сүмогийн ууган их аварга Асашёрюү Д.Дагвадорж юуны учраас яаж зодог тайллаа даа. Асашёрюү маань сүмогийн дэвжээн дээр зүй бус үйлдэл хийгээгүй. Тэр нэгэн уушийн газар хүнтэй ам зөрөөд нэг нударснаасаа болж ид насандаа сүмог орхиход хүрсэн шүү дээ.

 

Сүмогийн холбоо маш хатуу чанд дүрмийнхээ дагуу түүнийг хүчээр зодог тайлуулсан. Харүмафүжи Д.Бямбадорж аварга ч мөн ялгаагүй. Тэрээр бөхийн дэвжээнээ бус, уушийн газар нутаг нэгт бөхтэйгөө гар зөрүүлээд ёс зүйн алдаа гаргасан хэмээн сүмогоос шууд гарахад хүрсэн юм.

Энэ бүхнийг нуршсаны учир гэвэл, манай үндэсний бөхөд сүмо шиг дэвжээнээс гадуур байтугай, үзэгч олны нүдэн дээр ариун бөхийн дэвжээнээ өрсөлдөгчөө үл хүндлэн зохисгүй үйлдэл гаргахад ёс төдий шийтгэл хүлээлгэдэг нь угтаа бөхийн нэр хүндийг унагаж байх шиг. Японы сүмод дэвжээ байтугай, дэвжээний гадуур зохисгүй үйлдэл гаргасан ямар ч алдартай бөхийг үл өршөөн дүрмийнхээ дагуу хатуу шийтгэдэг нь хоёр мянга гаруй жилийн түүхтэй Наран улсын үндэсний бөхийг цэвэр ариун байлгасаар ирсэн гэмээр.

Харин бөхийн орон гэгддэг Монголд тийм хатуу дүрэм журам мөрдүүлж болдоггүй юм уу? Манай үндэсний бөхөд сахилга бат, ёс зүйн хариуцлага хүлээлгэх маш тодорхой хатуу заалтууд дутагдаж буй нь дээр дурдсан жишээнээс илт.

Эх сурвалж:Үндэсний тойм сэтгүүл

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549