Трамп хууль бус цагаачдыг хөөх ажиллагааг хоёр долоо хоногоор хойшлуулжээ

access_time 2019-06-23
remove_red_eye 100

 

Ирэх долоо хоногт эхлэхээр төлөвлөгдөөд байсан хууль бус цагаач гэр бүлүүдийг АНУ-аас хөөн гаргах ажиллагааг хоёр долоо хоногоор хойшлуулж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

“Ардчилсан Намын хүсэлтээр би хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааг хоёр долоо хоногоор хойшлуулж байна. Энэ хугацаанд Ардчилсан болон Бүгд Найрамдах намынхан хамтдаа манай өмнөд хил дээр үүсээд байгаа дүрвэгчдийн асуудлыг шийдэх шийдэл олох ёстой. Хэрвээ чадахгүй бол ажиллагаа эхэлнэ!” гэж Трамп твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Уг ажиллагааны зорилго Чикаго, Нью Йорк, Хьюстон, Лос Анжелес тэргүүтэй АНУ-ын 10 том хотод хууль бусаар оршин сууж байгаа голдуу Төв Америк гаралтай гэр бүлүүдэд чиглэж байгааг өмнө нь Вашингтон Пост сонин мэдээлж байв.

Өнгөрсөн сард АНУ-Мексикийн хилээр нэвтэрсэн цагаачдын тоо 2006 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрснийг Ройтерс мэдээлжээ.

 

Тэдний ихэнх нь хүчирхийлэл, ядуурал, авлигаас зугтан Төв Америкийн орнуудаас ирдэг.

Хүүхдийг хорьж саатуулах хугацаа хуулиар хязгаарлагддаг тул цагаач гэр бүлүүд орогнол хүсэх хугацаандаа суллагдаж, АНУ-ын нутаг дэвсгэрт чөлөөтэй явах эрхтэй болдог нь хууль бус цагаачлалыг нэмэгдүүлэх хуулийн цоорхой болдог байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549