ЭЗЭН ХААНДАА ХЭЛЭХ ЭНГИЙН ХЭДЭН ҮГ БАЙНА

access_time 2019-06-23
remove_red_eye 114

 

Дэлхийн тольтийг эзэлсэн
Дээдэс таньдаа өчих ину:

Засгийн газрын ордны өмнө
Залж босгосон суумал баримал
Олдоо нь үгүй биеийг чинь
Орлуулж хийсэн болтой юм

 

Цагийг эзэлсэн их хаан танд
Цадиг түүхийн 800-н жилийн ойгоор
Цадигаа алдсан “хийрхэгчид” төрийн нэрээр
Царцанги хэдэн хөшөө нэмж босголоо

Барьж босгосон өргөө гэрийн чинь хойморт
Бялдуучдын урилгаар харийнхан ирээд суучихсан
Хаан таны үр удам халх Монголчууд
Хатавчинд нь л хоргодож амьдрах болсон

 

Хасар басар ноходууд нь бүгд л
Харийнхны гэдсэнд зоог болоод шингэсэн
Хавчигдаж шахагдсан ард түмэн чинь
Харцага нохой мэт угаадсаар ундлах болсон

Босгож үлдээсэн ариун төрийг чинь
Бооцоо болгоод тоглодог болсон
Боолын энтэй эрхэмүүд өөрсдийгөө
Хаан мэт өргөмжлөх болсон

 

Гүрэн их нутаг юу чинь
Гүнзгий их ангал болсон
Гүн цэнхэр гол мөрөн чинь
Ширгээд, шингээд алга болсон

Ургамал, ой модны сор нь
Утаа болоод замхарсан
Увайгүй муусайн нүгэлт гөрөөчид
Араатан, жигүүртнийг нь дуусгасан

 

Хаан суудалт эрчүүд минь
Харийн нутагт боол болсон
Харанхуй бүдүүлэг, ухаангүй зарим нь
Зовлонг шилээр нь залгилдаг болсон

Өрх татаж гал манах эхнэрүүд
Өргөө гэрийг толгойлох болсон
Харуй бүрий цагаар тэд нар
Өвчинг үнэлж зардаг болсон

 

Зовж байж үлдээсэн газар нутаг чинь
Захаасаа эхлээд хорогдож эхэлсэн
Зовоохыг хүсээгүй ард түмэн чинь
Зовлогоноосоо уйдах нь их болсон

Түмний зовлонгоор авлигачид
Түрийвчээ зузаалах нь энүүхэнд болсон
Түргэн түүхий хуулиуд нь
Гуульнаас ч дор үнэлэгдэх болсон

 

Толгой нь үгүй удирдагчид нь
Танил тал, ах дүүсээрээ үгсэн нэгдэж
Тамтаггүй ядарсан ард түмнээ
Тал талаас нь даажигнаж байна

Морьтон удмын монголчууд маань
Суурин газрыг шүтэх болсон
Хонь малаа хулгайлж заазлаад
Хот газар арилжих болсон

 

Морь унах тэнхээ ч үгүй болсон
Модоо барьсан ядуу зон олноо
Тэнгэрээс та харж байгаа бол
Тэсэхэд хэцүү болсон шүү хаантаан

Тэнгэрлэг их хаандаа
Тэрсүү үг хэлсэн бол
Тэнгэр эцэг намайг
Тэр дор нь ниргэг!

 

Хараал мэт үгийг дамжуулсан биед минь
Харийнхны ухсан нүх бэлэн байгаа
Хаагдаж боогдохгүй чөлөөтэй сүнс минь
Хаан таныхаа нөмөрт очиж жаргаг дээ

Н.Энх-Амар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549