Хамгийн алдартай орлон тоглогчид

access_time 2019-06-22
remove_red_eye 780

Үл үзэгдэгч Осама

 

АНУ-д болсон 9/11-ний террорист халдлагаас хойш Осама Бин Ладенг баривчлах нь терроризмын эсрэг хийж буй дайны хамгийн чухал зорилго болсон билээ. 2001 оны 11-р сард Ал Каедагийн төлөөлөгч Ал Хайяат “Осама Афганистанд өөрийнхөө 10 орлон тоглогчийг олж бэлтгэсэн бөгөөд удахгүй дайралт хийнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Түүний хэлснээр жинхэнэ Осама Бин Ладен болон орлон тоглогчдынх нь хооронд мэнгэнээс өөр ямар ч ялгаа үгүй ажээ. Осамагийн намтрыг бичиж алдаршсан Хамид Мирийн ярьснаар “Сүүлд Осаматай уулзахад тэрээр туйлын түрэмгий хүн шиг санагдсан. Өмнөх уулзалтууд дээр тийм байгаагүй дээ” хэмээн хэлсэн нь Ал Хайяатын яриа үнэн гэдгийг баталж байна. Осамаг 2011 оны 5-р сард хөнөөсөн бөгөөд түүнийг жинхэнэ Осама гэдэгт итгэлтэй байхын тулд DNA-гийн шинжилгээ хийж баталгаажуулсан байдаг.

 

Монтигийн ихэр

 

Жинхэнэ Монтиг Нормандын дайралт хийхээр бэлтгэж байх хооронд түүний орлон тоглогч М.Е.Клиптон Гибралтарт байсан бөгөөд ингэж Англичууд Германчуудыг ганц сайн хуурч дөнгөжээ. Монтиг Ойрхи Дорнодод ажиллаж байхад түүнийг орлон тоглогчтой гэдгийг мэддэг байсан ганц хүн бол Британий эрэлхэг цэрэг Кейт “Текс” Бэнвелл байлаа. 1930-аад оны сүүлээр Тексийг Монтитой тун адилхан болохыг анзаарч түүнд орлон тоглогчоор ажиллах санал тавьсан байна. Адал явдалтай амьдралд дуртай Текс хоёр удаа баривчлагдаж, буудан алах шийдвэрийг хоёронтоо хүлээж авсан бөгөөд Освенцимийн хорих лагерт дайн дуустал байжээ.

 

Жинхэнэ Саддам

 

2013 онд хийгдсэн судалгаагаар АНУ Иракт болж буй дайнд зориулан ирэх 40 жилийн турш нийт 6 триллион доллар зарцуулах тооцоо гарчээ. Тухайн үед Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч байсан Ари Флейшер “Саддам Хуссейныг төрөөс буулгахын тулд зөвхөн суманд л мөнгө зарцуулах ёстой” гэж хэлж байсан билээ. Ари Саддамыг харгис хэрцгий шигээ зальтай овжин гэдгийг нь мартсан бололтой.

Саддамын олон зуун зураг, бичлэгийг үзэж харьцуулсан Германы шүүх эмнэлгийн задлангийн эмч Диетер Бухманныхаар бол Саддам Хуссейнд цөөнгүй орлон тоглогч бий гэнэ. Орлон тоглогчид зөвхөн олон нийтийн үйл ажиллагаан дээр л харагддаг бөгөөд юм ярьдаггүй. Пластик мэс засал, нүүр будгийн тусламжтайгаар тэдний нүүр царай, гадаад байдлыг яг л Саддам шиг болгодог учраас энгийн хүмүүс хараад хэзээ ч ялгаж чадахгүй ажээ.

 

Гиммлерийн амиа хорлолт

 

Түүний амиа хорлолт, оршуулгын талаар санал зөрөлдөөнтэй байр сууринаас ханддаг хэдий ч Британий шоронд байхдаа амиа хорлосон Гиммлерийг түүний орлон тоглогч байсан гэж ихэнх хүмүүс үздэг. Түүний талаар бичигдсэн SS-1: The Unlikely Death of Heinrich Himmler номонд мэс засалч, задлан шинжилгээний эмч Хюг Томас жинхэнэ Гиммлер болон түүний орлон тоглогчийн гадаад байдлын ялгааг нарийн дүрслэн бичсэн байдаг.

Уг номонд бичсэнээр хамгийн илт ялгагдахуйц зүйл бол Гиммлерийн хамрын нүх нь илүү тэгш хэмтэй, үзэмжтэй байдаг бол түүний орлон тоглогчийн хамрын нүх нь өргөн, том байснаас гадна жинхэнэ Гиммлер халз тулаанд орж нүүрэн дээрээ сорвитой болсон байдаг гэнэ шүү.

 

Шекаугийн сэргэн мандалт

 

2009 онд Боко Харам бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау анх олон нийтийн өмнө харагдсанаас хойш Нигерийн цэргийн хүчнийхний нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт болсон билээ. 200 охиныг хулгайлснаас гадна Хойд Нигер болон хөрш зэргэлдээх улсын олон мянган хүнийг хөнөөсөн хэрэгт тус бүлэглэлийг буруутгадаг юм.

Нигерийн цагдаагийн газрын хэлж байгаагаар жинхэнэ Шекау аль 2009 онд нас барсан бөгөөд үүнээс хойш тус бүлэглэл түүний орлон тоглогчдыг хөлслөн ажиллуулж байгаа гэнэ. Гэвч аюулгүй байдлын задлан шинжээчид түүнийг олон орлон тоглогчтой бөгөөд өнөөг хүртэл амьд мэнд байгаа хэмээн үзэж байгаа юм. 2014 онд түүнийг нас барсан хэмээн мэдэгдэж байсан ч ердөө хэдхэн сарын дараа түүний бодит бичлэг олон нийтэд тарж үхээгүй болохыг нь баталсан билээ.

 

Хилларигийн ер бусын орлон тоглогч

 

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари 2016 оны 9-р сард 9/11-ний эмгэнэлт явдлыг дурсах ёслолын ажиллагаан дээр ядрангуй байдалтайгаар үзэгдээд л алга болсон байдаг бол удаах өдөр нь Челсигийн Манхаттан дахь охиныхоо гэрээс цоглог гэгч нь гараад явсан байдаг.

Хуйвалдааны онолчид Хиллариг өөрийнхөө биеийн байдлын талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд орлон тоглогч хөлсөлсөн гэж хардахад хүрсэн бол Твиттер дээрх түүний орлон тоглогчийн талаарх мэдээлэл олон уншигчийн хандалт авчээ. Хэдхэн цагийн өмнө бие нь тааруухан байсан хүн гялалзаад явж байна гэдэг… сонин л хэрэг. Хүмүүс Хилларитай тун адилхан Тереза Барнвелийг Хилларитай үргэлж харьцуулдаг байна.

 

Бас нэгэн орлон тоглогч

 

1990-ээд оны эхээр Латиф Яахиа хэмээх залуу гэнэт гарч ирэн өөрийгөө Удая Хуссейны орлон тоглогч хэмээн зарласан. Ирак-Ираны дайны үед түүнийг орлон тоглогчоор ажиллаач гэсэн саналыг анх тавихад нь Латиф зөвшөөрөөгүй боловч түүнийг шоронд хийж, гэр бүлийнхнийг нь заналхийлсэн учраас саналыг нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.

Удаятай адилхан болохын тулд тэрээр зан авирын хичээлд сууж, гоо сайхны мэс засалд ч орсон байна. Тэрээр өөрийгөө олон нийт болон улс төрийн үйл ажиллагаанд Удаяг орлон оролцдог байсан хэмээсэн юм. Орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байхад нь түүнийг Удая гэж бодон амь насыг нь хөнөөх гэсэн тохиолдол цөөнгүй удаа гарч байж. 1991 онд жинхэнэ Удая түүнийг нэгэн эмэгтэйтэй хардаж уурласнаасаа болж буудсанаас хойш тэрээр Европ руу дүрвэн гарчээ.

 

Шархадсан цэрэг орлон тоглогч болжээ

 

2008 онд Дэлхийн Хоёрдугаар Дайны ахмад дайчин 88 настай Феликс Дадаевт Оросын ЗГ-аас залуу цагтаа Сталины орлон тоглогч хийж байсан тухайгаа бичсэн өөрийнхөө намтрыг хэвлүүлэх зөвшөөрлийг олгожээ. Дайнаас авсан шархаа эдгээж байхдаа тэрээр төрийн хараанд орсон бөгөөд гэр бүлийнхнийг нь цөм нас барсан гэж хэлээд Кремльд түүнийг авчран Сталины 4 орлон тоглогчийн нэг болгосон түүхтэй.

Тухайн үед Феликс жинхэнэ Сталингаас 40 насаар дүү байсан ч дайнд үзэж туулсан зовлон, нүүр будгийн тусламжтайгаар яг л Сталин шиг харагддаг байсан гэнэ. Тэрээр дотоодод болдог бүхий л олон нийтийн арга хэмжээнд оролцдог байснаас гадна Ялта руу хүртэл явж чуулга уулзалтанд оролцож байсан гэжээ. Тэрээр Сталинтай адилхан болохын тулд түүний суртал ухуулгын нэвтрүүлгүүдийг үзэж, Сталингийн яриаг олон цагаар судалдаг байжээ.

 

Энэ Эл Чапо мөн үү?

 

2014 онд Эл Чапо Гузманыг баривчлагдсан гэсэн мэдээ гарах үед явагдсан санал асуулгаар Мексикийн нийт иргэдийн 40,7% нь баривчлагдсан хүн бол хар тамхины сүлжээний алдартай толгойлогч биш гэж үзсэн бол 42,2% нь мөн гэж үзжээ. Эндээс бид тус орны иргэд ЗГ-таа итгэл муутай байдгийг харж болохоор байгаа юм. Энэ Эл Чапо мөн үү? киног бүтээгч Чарли Минний бодлоор баригдсан хүн бол ердөө л түүний орлон тоглогч нь гэнэ. Чарли “Тэрэн шиг баян хүн хямдхан буудлаас ганцхан бие хамгаалагчтай баригдах учиргүй ээ.

Дээрээс нь түүнийг баривчилсан гэсэн мэдээ цацагдах тоолонд Мексикт буутай гэмт хэргийн тоо огцом нэмэгддэг бол энэ удаад тийм зүйл болоогүй нь түүнийг жинхэнэ Эл Чапо биш гэдгийг харуулж байна” гэж ярилцлага өгчээ. Түүний бодлоор АНУ болон Мексикийн ЗГ Эл Чапог хаана байгааг мэддэг ч түүнээс бусад хар тамхины бүлэглэлүүдийн талаар мэдээлэл авч байхын тулд түүнтэй хуйвалдсан гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

Гитлерийн азгүй орлон тоглогч

 

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Адолф Гитлер цөөнгүй орлон тоглогчтой байсны дотроос хамгийн алдартай нь Густав Велер юм. Густав нь Гитлерийн тогооч бас орлон тоглогчоор ажилладаг байсан гэдгээс өөр нарийн ширийн зүйлс түүхэнд тэмдэглэгдэн үлдээгүй нь харамсалтай.

Түүнийг толгойндоо буудуулан үхсэн байхыг Улаан Армийнхан олоод Гитлер нас баржээ хэмээн андуурсан байдаг. Оросууд Густавын зургийг авч кино хийсэн ба түүнийг чандарласан эсэх талаар мэдээлэл огт байдаггүй билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549