Ч.Амарбаатар: Төрийн албаныхан амралтгүй ажиллавал зуны эдийн засаг хөгжинө

access_time 2019-06-22
remove_red_eye 125

 

“Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай зуны эдийн засгийн талаар цөөн хором ярилцлаа.

-Зуны улиралд эдийн засгаа түлхүү хөгжүүлье гэсэн санал санаачилга байдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манайд зунаас өөр эдийн засгийн улирал байхгүй юм чинь яах юм. Нэг л юм байгаа. Бүх нийтээр зун ажиллах л ёстой. Тэр байтугай би засаг төрийн байгууллагыг зун амраах ёсгүй гэж үздэг.

 

-Яагаад?

-Та нар хүний эрхийн тухай асуудал хөнддөг. Төрийн албан хаагчийн тухай асуудал өөр. Чи нэгэнт л төрийн албанд ажиллана, олон нийтийн төлөө зүтгэнэ гэсэн бол уучлаарай, чиний хүний эрхийн асуудал тодорхой хэмжээгээр хязгаарлагдана.

Бүх нийтээр нь Улсын баяр наадмаар хоёр долоо хоног амраагаад, ээлжийн амралт энэ тэрийг бүгдийг хаах хэрэгтэй. Ингэж эхлэх юм бол хүн зун шийдвэр гаргаад ажиллана, үр бүтээл гарч эхэлнэ. Бүх шийдвэрийг гаргадаг хүмүүс чинь хэн нэгний бэлдсэн материал дээр ажиллана. Тэр материалыг бэлдэх ёстой газрын дарга, хэлтсийн мэргэжилтнүүд бүгд ээлж дараалаад амарчихаар гинжин хэлхээ тасарчхаж байгаа.

Тэгээд шийдвэр гардаггүй, бүх ажил гацдаг. Тэгэхээр төрийн албан хаагч яах ёстой гэдэг дээр л шийдвэрээ гарга гэж байгаа юм. Би Н.Энхбаяр даргын үед “Та нар ээлжийн амралт энэ тэрээ зогсоо” гэж олон нийтийн хурал дээр хэлж байсан. Хэн ч хүлээж аваагүй. Бүх асуудал дээрээсээ л байдаг.

 

-Гаднын өндөр хөгжилтэй зарим орон жилийн дөрвөн улиралд ажилладаг гэдэг?

-Япон улс бүх нийтээрээ жилд тав хоног л амардаг. Манайд бол наадмын амралт дээр тав хоног нэмээд өгөхөд л болох юм. Бусад үедээ ажиллах ёстой. Төрийн шийдвэр гэдэг ард иргэдийн төлөө ажиллаж байгаа систем учир ард иргэддээ үйлчилнэ гэсэн үг. Өөр энд хүний эрх яриад, зуны дэлгэр цагаар бид амарцгаая гэж хэлэх шаардлагагүй.

 

-Хувийн хэвшлийнхэн бол ажлаа хийгээд явж байна, тийм үү?

-Бид тэдэнтэй, тэдэнгүй ажлаа хийгээд явж байна. Төрийн албаныхан яг ажил хийх үед саад бодлог. Зөвшөөрөл авах гэхээр өгдөггүй, шийдвэрээ гаргадаггүй. Малчид бол яах вэ, найрлах цагаараа найрлаж, налайх цагаар налайна биз.

Хамгийн гол зүйл нь дээрээсээ эхлэх ёстой юм. Энэ олон амралт байх шаардлагагүй. Тэр байтугай, дулааны улирлын бүтээмжийг өндөр болгохын тулд, ялангуяа хөндөөний сургуулийг тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгах ёстой.

Тэгээд аравдугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлэх ёстой. Яг хадлан тэжээл.ургацаа хурааж авдаг, өвлийн бэлтгэл хийж байх үед хүүхдүүдийг нь хичээлд татчихдаг. Тэгээд хичээл зааж сүйд болсон юм байхгүй.

 

-Харин ч эсрэгээр нь сурагчдыг өвлийн улиралд амраах ёстой юм биш үү. Хортой утаа униараас хамгаалж, хүйтний улиралд хичээл сургуулийг түр зогсоох ёстой гэдэг шүү дээ?

-Байж болно л доо. Гол нь хүүхэд аав ээждээ, гэр орондоо очоод мал ахуйтайгаа ойр баймаар байна. Зуны улиралд “Чи наанаа сур” гээд хашаад байж болохгүй. Онлайнаар сургалтыг нь егч болно. Хүүхдүүдэд даалгавар их өглөө гэж сонин юм яриад байна. Харин ч илүү их хүчээр бие даалгаж сургах ёстой юм. Эцсийн бүлэгт боловсролыг хүн бие дааж сурдаг.

-Сэдэв рүүгээ оръё. Зуны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аль салбартаа голлож анхаарах ёстой вэ?

-Уул уурхай, мал аж ахуй, барилгынхан бүгд өөр өөр. Барилга бол хамгийн түрүүнд карказаа өрөөд, намар гэхэд битүүлж аваад дотор заслынхаа ажил руу ордог. Нэг тийм бүтэн циклийг дуусгаж байна. Тэгвэл уул уурхай ч мөн адил тодорхой түвшинд дөрвөн улирлын цикл рүү ормоор байна. Тэнд жаахан хөрөнгө оруулалт хийчихэд л болно.

 

-Сүүлийн үед ажлын цагийг урагшлуулъя. Өглөө 4-5 цагт ажлаа эхлүүлж, өдрийн 14:00 цаг гэхэд тардаг болъё. Ингэсэн нь илүү их бүтээмжтэй байх болно гэсэн саналыг цахим сүлжээнд дэмжиж байна. Зуны эдийн засгийн бас нэг бүтээмжтэй хэлбэр мөн үү?

-Болно л доо. Гол нь манайхан өглөө босож өгөхгүй байна. Би “Барс”-ыг өглөө эрт ажилладаг болгох гээд чадахгүй байна. 07:00 цагаас ажиллуулъя гэхэд ажиллах хүмүүс нь ирэхгүй байна. Наймаачид нь бол эрт ажиллаад эхэлчхэж болж байна, хүнс, ногоо зардаг хүмүүс нь ирдэггүй.

Ядаж зам түгжрэхээс өмнө ажлаа эхэлчихмээр байгаа юм. Ажилдаа явахаас өмнө шинэ талх идээд гармаар байдаг. Тэгэхийн тулд талхны газар өглөө эрт ажиллах ёстой. Тэгвэл тэр талх хийж байгаа хүн шөнийн 02:00 цагт ажлаа эхлэх хэрэгтэй болно.

Энэ бүхэн ингэж л эхлэх ёстой систем. Гол нь төрийн алба өнөөдөр асуудлаа шийдээд тухайн шийдвэр хугацаандаа гардаг болчихвол наад ажил чинь явна.

ЭХ СУРВАЛЖ:Б.ЭНХЗАЯА, ӨДРИЙН СОНИН

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. seruuleg.mn

Холбоо барих: 8900-4549